ЗАХИДАЛ: Би түүнийг мартаж чадахгүй байна


ССҮТөв | YOLO.MN
2019-09-28

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би түүнийг мартаж чадахгүй байна. 
Намайг Х гэдэг. Би ангийнхаа хөвгүүнтэй 3 сар үерхсэн юм. Салаад 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. Би түүнийгээ одоо болтол мартаж чадахгүй юм. Мартъя гэж бодсон ч мартаж чадахгүй байна. Тэр надаас салаад 3,4 охинтой үерхсэн байх. Одоо хүртэл бид хоёр 1 ширээнд суудаг.

Түүнийг мартаж чадахгүй байна. Би яг яах ёстой вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Дуусгах шийдвэр гаргалаа гээд нөгөө хүнээ шууд мартана гэсэн үг биш. 
Сайн уу? Чамд захидал очих өдрийн мэндийг хүргэе. Дараагийн удаад захидалдаа тулгарч буй асуудлаас болж өөрт чинь ямар мэдрэмж төрж буйгаа илүү тодорхой бичихийг хичээгээрэй. 
Бид амьдралдаа маш олон зүйлийг сонгох хэрэгтэй болдог. Хэнтэй найзлах вэ? Нөхөрлөлөө илүү сайжруулахын тулд ямар арга замаар хичээх вэ? Өдрийг үр бүтээмжтэй, эсвэл төдийлөн ач холбогдол өгөхгүй дуусгах уу? гэх мэт. Энэ бүх сонголтын алийг нь ч сонгосон сонголтын чинь ард үргэлж хариуцлага хүлээж байх болно. Үерхэл ч мөн адил бидний хийж буй сонголт юм. Хоёр хүн бие биедээ эерэг мэдрэмжийг өгч, хүндэтгэл, итгэл дээр харилцаа нь тогтож байвал тэр хор уршиггүй эрүүл харилцаа болж бэхжиж чадна. Хайр дурлалын харилцаа чамд болон хамтрагчид чинь хэрхэн нөлөөлж байгаагаас шалтгаалан энэ харилцааг үргэлжлүүлэх үү, дуусгах уу гэдгээ бас бид өөрсдөө шийддэг. Та хоёрын хувьд дуусгах шийдвэр гаргаад нэг жил өнгөрсөн байна. Гэхдээ дуусгах шийдвэр гаргалаа гээд нөгөө хүнээ шууд мартана гэсэн үг биш.

Мартах, салснаа хүлээн зөвшөөрөх хугацаа хүн бүрт өөр байдаг шүү дээ. 

Тэр хүү аль хэдийн мартаад цааш өөр хүмүүстэй үерхсэн ч чиний хувьд мартаж чадахгүй гацсан байгаа бололтой. Тиймээс бид хоёр үерхэл дууссан гэж өөртөө сануулж бодит байдлаа хүлээн зөвшөөрөхийг хичээгээрэй. Хүн өнгөрсөн дэх ямар нэг зүйлд хорогдоод, харамсаад, эсвэл шийдвэр гаргахгүй удаан яваад байвал сэтгэл санаа нь ядарч эхэлдэг. Тиймээс өөрийгөө хайрлаарай.

Чамд амжилт хүсье!

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Б. Алтанзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
 

#Захидал #Letter #Love