"Японы Поп Соёлын Өдөрлөг" үргэлжилж байна


Б.Дариа | YOLO.MN
2022-08-20

Энэ амралтын өдрүүдэд "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д “Япон фестиваль Монголд 2022” арга хэмжээг зохион байгуулж байна.Тус арга хэмжээг өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Хироюүки Кобаяши үг хэлэн нээлээ.

Тэрээр нээлтийн үгэндээ "Хамтран ажилласан нийт алба нэгжүүдэд баярлалаа. Энэ жил Монгол Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Энэ завшааныг ашиглан хоёр орны харилцааг бэхжүүлэхээр чармайсан бүх л хүмүүст талархлаа илэрхийлье. Өнгөрсөн онд цар тахлын улмаас "JAPAN FESTIVAL IN MONGOLIA 2021"-ыг онлайнаар зохион байгуулсан ба үүнд давхардсан тоогоор 25 мянган хүн оролцжээ. Та бүхэнтэй биечлэн уулзах өдрийг хүлээж байлаа" хэмээн хэлсэн юм.

Япон улсын соёлыг Монголын залууст таниулах зорилготой энэхүү арга хэмжээ нь цар тахалтай холбогдуулан өнгөрсөн жил өнжсөн ч цар хүрээгээ улам тэлж, илүү шинэлэг арга хэмжээ, олон гайхалтай үзүүлбэрүүдийн хамтаар эргэн иржээ.

Өнөөдөр буюу 20-ны өдрийн арга хэмжээний үеэр CoLon, Wonderweed TEN, Кон Ёоко-сан, ЧаКа Ланд гэх мэт Японы алдартай уран бүтээлчид тоглолт үзүүлж, бөмбөр, жүдо зэрэг олон төрлийн сонирхолтой үзүүлбэр, дууны тэмцээнийг зохион байгуулах юм. Харин маргааш буюу 21-нд Cosplay contest буюу хосын болон ганцаарчилсан косплэй, бүжгийн тэмцээнийг явуулах аж.

Мөн Япон хоол, хувцас, соёлын олон янзын асруудаар зочлох боломжтой. Өнөөдөр 19 цаг хүртэл үргэлжилнэ.

Амралтын өдрөө ая тухтай, адал явдалтай өнгөрүүлэхийг хүсвэл Япон Фестивалийг зориорой. 

#Мэдээ