Хүрээлэн буй орчноо сайжруулах зорилготой сурагчдын санаачилсан 10 төсөл


YSC | YOLO.MN
2022-08-15

Европын Холбооны санхүүжилттэйгээр Монгол Экологи Төвөөс хэрэгжүүлдэг “Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус” (YSC – Youth Sustainability Corps) хөтөлбөрийн хүрээнд сурагчдын санал санаачилгыг дэмжих, санаагаа бодит ажил хэрэг болгох, нийгэмд тулгамдаж буй асуудлыг өөрсдөө тодорхойлж шийдвэрлэхэд гар бие оролцох боломжоор хангах зорилгоор “Teen шийдэл” төслийн уралдааныг зарласан билээ. Тус уралдааныг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны санхүүжилтээр зохион байгуулж байгаа юм.

Дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж буй уг төслийн уралдаанд Монгол улсын 20 аймгаас 1000 гаруй сурагчид нийт 226 төслийн  санал ирүүлсэн байна. Төсөлд санал ирүүлсэн бүх багийн гишүүд төслийн менежменттэй холбоотой цуврал сургалтуудад цахимаар хамрагдаж төслийн саналаа сайжруулсан билээ. Үүнээс 3-р шатанд шилдэг 10 баг шалгараад байна.
Шалгарсан 10 баг ментор хөтөлбөрт хамрагдаж, менторуудын тусламжтай хүрээллээ тэлж, тулгарч буй эргэлзээтэй асуудлаа шийдвэрлэхэд туслах зөвлөмж, мэдлэг, мэдээлэл, ноу-хауд суралцах сургалт уулзалтуудад хамрагдаж байна. 
Ирэх есдүгээр сарын 10-нд зохион байгуулагдах арга хэмжээний үеэр уралдааны шилдэг 10 баг хөрөнгө оруулагчдад төслийн санаагаа танилцуулах ба санхүүжилт босгож чадсан багууд төслийн санаагаа бодит ажил хэрэг болгох боломжтой болно.
Ингээд шалгарсан 10 багийн төсөлтэй хамтдаа танилцъя. 

Хүүхэд бүр хогны ертөнцийг өөрчилж чадна

Төсөл хэрэгжих байршил: Увс

Увс аймгийн Улаангом сумын Улсын тэргүүний 2 дугаар цогцолбор сургуулиас “Хүүхэд бүр хогны ертөнцийг өөрчилж чадна” хэмээн гарчигласан “Байгаль орчны асуудал (Хог хаягдал, хөрс болон агаарын бохирдол гэх мэт)-ыг шийдвэрлэх төсөл шалгарчээ. Энэхүү төслийн зорилго нь сургуулийн орчноос үүсэх хог хаягдалд дүн шинжилгээ хийж, багш сурагчдад хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин ашиглах дадал хэвшилд сургаж улмаар сургуулиас үүсч буй хог хаягдлын хэмжээг 20 хувь бууруулж ЭКО сургууль болох юм.

“Өнө мөнх” танилцъя 

Төсөл хэрэгжих байршил: Ховд

Охидын эрх олонтоо яригддаг, охидын танхим булантай газрууд ч олон байдаг бол хөвгүүдийн манлайлал, эрх, тулгамддаг асуудал, хөгжлийн танхимийн талаарх яриа ховор байдаг. Нэн ялангуяа алслагдсан бүс нутагт угсаатны цөөнх иргэдийн ахуй орчин, нийгмийн амьдралын хэв маягаас шалтгаалж эрэгтэй хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, хөгжил, эрхийн тухай нуугдмал олон асуудал бий. Тэдгээрийг олж илрүүлэн, авч хэлэлцдэг болох орон нутаг дахь анхны алхам болгон хөвгүүдийн хөгжлийн танхимийг байгуулахыг  тэд зорьж байна.

Миний өрөө 

Төсөл хэрэгжих байршил: Булган аймаг

Тав тухтай орчинд илүү үр бүтээлтэй суралцдаг. Гэвч тэр тав тухтай орчин Булган аймагт хангалттай байдаггүй аж. Булган аймгийн Булган сумын сурагчид аймгийнхаа хүүхэд залуучуудын хөгжих, стресс бухимдлаа тайлах хэрэгцээг хангасан тав тухтай орчинг бүрдүүлэх, амьдрах ухааны боловсрол олгох(шийдвэр гаргах, шүүмжлэлт сэтгэлгээ, бэлгийн амьдрал гэх мэт) сургалт зохион байгуулах, сурагчдын оролцоон дээр тулгуурлан нийгэмд нөлөөлсөн үйл ажиллагааг (open mic, явган аялал, хог хаягдлын талаар сургалт гэх мэт) тогтмол зохион байгуулахын тулд хүүхэд залуучуудын хөгжлийн өрөөг тохижуулахаар шийдэн төслөө боловсруулжээ. 

Эргэлзээгүй ирээдүй 

Төсөл хэрэгжих байршил: Улаанбаатар 

Монгол улсын ЕБС-ийн сурагчдад тулгамдаж буй асуудлуудын нэг нь мэргэжил сонголт билээ. Хүүхэд мэргэжлээ буруу сонгосноор сурч байгаа мэргэжилдээ сэтгэл ханамжгүй байх, сургуулиа хаях, чадваргүй боловсон хүчин бий болох, ажил хаях, ажилгүйдэл зэрэг олон асуудлууд үүсч байна. Иймд энэхүү төслөөрөө тэд ахлах ангийн сурагчдыг сонгох гэж буй мэргэжлийнх нь ажлын байрны бодит байдал, ажиллах орчин нөхцөл, давуу болон сул тал, хөдөлмөрийн зах зээл, хэтийн төлвийн талаарх мэдээлэл олгохыг зорьж байна.

Teenlight

Төсөл хэрэгжих байршил: Улаанбаатар

Өсвөр насныханд ажлын байрны олдоц хомс, олдсон ч ихэнхдээ өөрийн хөдөлмөрийг дутуу үнэлүүлэх тохиолдол олон гардаг. Төслийн хүрээнд шийдвэрлэх гэж буй гол асуудал нь хөдөлмөрийн мөлжлөг юм. Тиймээс тэд өсвөр насны хүүхдүүдэд тохирсон ажлын байрыг олшруулж, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэд хяналт тавьж хөдөлмөрийн мөлжлөгийг бууруулахын тулд энэхүү төслөө боловсруулжээ.

Хаягдлаас баялаг бүтээе

Төсөл хэрэгжих байршил: Улаанбаатар

Бидний өдөр тутмын амьдралд хүнсний болон бусад органик хог хаягдал маш ихээр гардаг. Энэхүү төслийн зорилго нь хүнс болон цаасны илүүдэл хог хаягдлаар органик бордоо хийх юм. Өрх бүр, албан байгууллага болгон өөрсдийн бий болгосон органик хог хаягдлаа ашиглан компост бордоо хийж, мод зүлэг тарьж, орчноо ногоон болгоосой хэмээн тэд хүсэж байна. Гэхдээ ихэнх хүмүүс хэрхэн компост бордоо хийхийг мэдэхгүй. Иймд тэдэнд хямд төсөр аргаар хог хаягдлаа ашиглан бордоо хийх аргыг зааж таниулснаар эрүүл ногоон хоттой болоход хувь нэмэр оруулах боломжтой гэж үзжээ.

ХЦӨ-Хэрэггүй цаасаа өг

Төсөл хэрэгжих байршил: Төв аймаг 

Хүрээлэн буй орчинд хаягдаж байгаа цаасны болон бусад хаягдлыг багасгах. Зуунмод сумын хүүхэд залуучууд дахин боловсруулсан цаасыг хэрэглэж сурах, цөлжилт болон озоны давхаргын сийрэгжилтийг багасгах. Зуунмод сумын Манууширын байгал орчныг хамгаалахад хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Саарал усыг ашиглах замаар сургуулийн усны хэрэглээг бууруулах 

Төсөл хэрэгжих байршил: Улаанбаатар

Борооны ус ихэнх барилга байгууламжийн дээвэр болон ус зайлуулах хоолойгоор шууд гадагшилж ямар ч үр ашиггүйгээр урсан өнгөрдөг. Тийм учраас тэд хавар, зун, намрын улиралд сургуулийнхаа дээврээс гоожих усыг тосох, агуулах сав зэргийг худалдан авч байршуулахаар шийджээ. Сургууль нь тосч авсан саарал усаа сургуулийн ногоон байгууламж болох мод, бут, зүлэг, цэцэг зэргээ услах мөн өдөр тутмын цэвэрлэгээний үйл ажиллагаандаа ашиглах учир уг төслийн үр дүнд сургуулийн усны хэрэглээ буурснаар сургуулийн төсөв зардалд тодорхой хэмжээний хэмнэлт үүсэх юм.

Happiness corner

Хэрэгжих байршил: Хөвсгөл аймаг Хатгал тосгон 

Хатгал суманд хичээлээ хийж суух, ангийнхан болон бусад хүүхдүүдтэй хамтарч үйл ажиллагаанд оролцох, клубуудын уулзалт хийхэд анги танхим олдохгүй бас хүйтэн, хэрэглэх компьютер, принтер, хичээлийн судлагдахуун, орчин үеийн ном, интернетийн хүрэлцээ маш бага байдаг аж. Ийм учир номын сан нээснээр хязгааргүй интернет, 10-19 цагийн хооронд хүссэн хэмжээгээрээ суух орчин, гаднаас биш дотроосоо идэж, уух зүйлээ боломжийн үнээр худалдаж авах, олон төрлийн сургалт, уралдаанд оролцох болон ахлах ангийн ах эгч нараасаа ойлгохгүй чадахгүй зүйлсээ заалгаж мэдэж авах боломжтой болох юм.

Хоол хог биш 

Төсөл хэрэгжих байршил: Улаанбаатар 

Өнөөгийн байдлаар манай улс нийт хог хаягдлын 17-20 орчим хувийг дахин боловсруулдаг боловч хүнсний хог хаягдлыг дахин боловсруулдаггүй. Хүнсний болон органик хаягдлыг гэрийн нөхцөлд дахин боловсруулж ялзмаг буюу компост бордоог гаргах арга, түүний ач холбогдлын талаар төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс хүмүүст хүнсний хог хаягдлын талаар олон талаас нь мэдээлэл өгч багасгах болон түүнийг дахин боловсруулж хор хөнөөлийг нь багасгахад энэхүү төслийн гол зорилго оршино.

Дээрх төслүүдийг дэмжих хүсэлтэй хувь хүн ба байгууллагууд Монгол Экологи Төвтэй холбогдоорой.

Утас: 70100826

Имэйл хаяг: info@mongolec.org

“Teen Шийдэл” уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг: https://youthcorps.mn/

#Мэдээ