Төрснөөсөө хойш хоёр хоногоос илүү хугацаанд тусдаа байж үзээгүй гурван ихэр


Сондор | YOLO.MN
2022-07-19

Өдгөө 27 настай гурван ихэр залуу амьдралынхаа турш хоёр хоногоос илүү хугацаанд тусдаа байж үзээгүй гэнэ.

Гурван ихэр Осборн жингээ хасах зэрэг бүх зүйлийг хамтдаа хийдэг бөгөөд тэд сүүлийн 10 жилийн хугацаанд нийтдээ 213 кг турсан байна.

Бенжамин, Николас, Захари Осборн нар эхийн хэвлийд бүрэлдсэн цагаасаа эхлээд л цугтаа байсан ба хамгийн ихдээ хоёр хоног тусдаа байж үзжээ.

"Бид үргэлж хамт байдаг, бидний сонирхол нэг бөгөөд ихэнхдээ нэг ижил зүйл хийдэг учраас "би"-ийн оронд "бид" гэсэн төлөөний үгийг ашиглах нь олон байдаг. Өөр хэн ч ойлгохгүй харилцаа бидний дунд бий" хэмээн Николас хэлжээ.

Тэд бүгд 2018 онд UNC Шарлотт сургуулийн улс төрийн шинжлэх ухааны бакалавр зэрэгтэй төгссөн. Харин одоо мөн л нэг ангид буюу Жоржтауны хуулийн сургуульд хоёр дахь жилдээ суралцахаас гадна Хойд Каролина мужийн сенатор Жим Бургины ажлын албанд дадлага хийж байна.

Захари “Аз болоход, бидний хэн нэгэнд ямар нэгэн зүйл тохиолдож, нэг нь эсвэл хоёр нь орхигдох тохиолдол хэзээ ч гарч байгаагүй” гэжээ.

Ах дүүс багаасаа л хамт амьдарсаар иржээ. Хүүхэд байхдаа тэд тусдаа унтлагын өрөөнүүдтэй байсан ч ихэнхдээ нэгнийхээ унтлагын өрөөнд хонодог байв. Тэд салж амьдрах талаар ярих нь битгий хэл бодох ч дургүй гэнэ.  Энэ талаар Бенжамин хэлэхдээ "Тусдаа байх талаар ярих нь бидний санааг зовоож, стресстүүлдэг. Тиймээс бид одоо байгаа зүйлдээ л анхаарлаа хандуулдаг” гэжээ.

Чөлөөт цагаараа тэд хамтдаа алхах дуртай бөгөөд их алхаж жингээ хассан гэжээ. Мөн тэд жингээ хасахын тулд чихрийн хэрэглээгээ хасаж, өдөрт нэг удаа хоол идэж, бусад үед нь хөнгөн зууш иддэг байв.

"Бид бие биедээ хамгийн сайн дэмжлэг үзүүлэгч юм. Нэг нэгэндээ урам өгч, зөв сонголт хийхэд нь зөвлөгөө өгч чаддаг. Мөн бид хог болохоор эд зүйлс, хоол хүнс худалдаж авдаггүй” хэмээн Николас ярьжээ.  Тэдний хооронд санал зөрөлдөөн гарахад хэдхэн минутын дотор шийдэгддэг гэв. Бенжамин “Ингэж хэлэхээс жаахан ичмээр ч би ганцаараа байхдаа нэг хөл, нэг гаргүй алхаж байгаа юм шиг байдаг. Биеийн минь нэг хэсэг байхгүй мэт санагддаг” гэжээ.

Тэднийг гудамжинд явж байхад нь танихгүй хүмүүс хамт зургаа авахуулахыг хүсдэг гэжээ.  Сонирхуулахад тэдний элэнц өвөө нь мөн л гурван ихрийн нэг байжээ.  

Эх сурвалж: Today

#Сонин хачин