James Webb телескоп: Одон орон судлалын шинэ эрин эхэллээ


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2022-07-15

Монголын цагаар долоодугаар сарын 12-ны 22 цаг 30 минутад NASA болон Европын Сансарын холбооноос мэдэгдэл хийж James Webb телескопын эхний таван хоногт авсан зургуудыг танилцууллаа. Уг телескоп нь 2021 оны арванхоёрдугаар сард хөөрсөн бөгөөд өнгөрсөн хагас жилийн хугацаанд зорилтот цэгтээ хүрч, зураг авах бэлтгэлээ хангаад байсан юм.

“Stephan’s Quintet” галактикуудын бүлэг

Зургийг өндөр нягтшилтайгаар үзэх

Stephan’s Quintet нь Дэлхийгээс 300 сая гэрлийн жилийн зайд оршдог, өөр хоорондоо ойр таван галактик юм. Уг галактикуудын бүлгийг 1877 онд нээн илрүүлсэн бөгөөд зарим тохиолдолд бие биетэйгээ хүрэлцдэг учир “бүжиглэдэг галактикууд” хэмээн нэрлэх нь ч бий. James Webb уг галактикуудыг урьд өмнө нь байгаагүй тодоор авч, галактик хэрхэн хувьсдагийг судлахад том ахиц авчирчээ.

“WASP-96 B” Дэлхий төст гараг​

Зургийг өндөр нягтшилтайгаар үзэх

Хамгийн анх 1992 онд “Exoplanet” буюу Дэлхий төст гараг байдаг гэдгийг баталж, түүнээс хойш энэ төрлийн гарагуудыг идэвхтэй судалж эхэлсэн юм.  James Webb энэ удаад Дэлхийгээс 1,150 гэрлийн жилийн зайд орших WASP-96 B гарагаас ирэх гэрлээр дамжуулан тус гарагийн уур амьсгалыг тодорхойлжээ. Хэдийгээр ихэнх эрдэмтдийн хүлээж байсан шиг үр дүн гараагүй ч тус гараг дээр усны уур байдгийг олж илрүүлсэн байна. Ирээдүйд өөр олон Дэлхийн төст гарагийг судалж, амьдрал үүсэх боломжтой эсэхийг эрж хайсаар байх юм.

Southern Ring Nebula буюу Өмнөдийн бөгж мананцар

Зургийг өндөр нягтшилтайгаар үзэх

Дэлхийгээс 2,000 гэрлийн жилийн зайд орших Өмнөдийн бөгж гэгддэг мананцрыг хоёр төрлөөр харуулжээ. Анх уг мананцрыг сөнөж буй нэг одноос үүссэн гэж таамаглаж байсан бол зүүн талын зургаас мөхөж буй хоёр одноос үүссэнийг олж тогтоосон байна.

Carina Nebula буюу Карина мананцар

Зургийг өндөр нягтшилтайгаар үзэх

Асар олон одод бий болдог мөн мөхдөг уг мананцрыг 1752 онд нээн илрүүлж байсан бөгөөд James Webb-ийн авсан уг зурагт урьд өмнө нь харагдаж байгаагүй, тэр байтугай одоогоор тайлбарлах боломжгүй олон үзэгдлүүд багтсан байна.

James Webb одоогийн нөөцөөрөө 20 орчим жил ажиллах хүчин чадалтай бөгөөд ердөө эхний таван хоногт дээрх үр дүнгүүдийг гаргаж, хүн төрөлхтний одон орон, сансар судлалын ололт амжилтыг нэг шатаар ахиулжээ. Уг телескопын гол зорилго нь ертөнцийн үүсэл гарлыг тольдох, галактик, гараг, одод эрхэс хэрхэн үүсэж бас сөнөдөг, цаашлаад амьдрах боломжтой гарагуудыг судлах юм.  

#Технологи