Шивээс хийлгэж болохгүй БИЕИЙН хэсгүүд...


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2020-05-21

Одооноос хэдэн жилийн өмнө рок хөгжим сонсдог эсвэл яадгаа алдсан хүмүүс л шивээс хийлгэдэг гэсэн андуу ташаа ойлголт бидний дунд түгээмэл байсан бол өнөөдөр ийм үзэл бодолтой хүмүүс харьцангуй цөөржээ. Эрүүл ахуйн шаардлагыг хангасан багажтай, туршлагатай шивээсчнээр шивээс хийлгэх нь мэдээжийн хэрэг ч хүний биед шивээс хийлгэхэд тохиромжгүй хэсгүүд гэж байдаг гэнэ. Ингээд биеийнхээ аль хэсэгт шивээс хийлгэхээс зайлсхийх хэрэгтэйг тайлбарлая. 

ТОХОЙ

Олон жил шивээс хийсэн туршлагатай шивээсчид биеийн хэд хэдэн хэсгүүдэд шивээс хийхийг тийм ч таатайгаар хүлээж авдаггүй. Үүний нэг бол тохой. Өвдөг, тохойн арьс биеийн бусад хэсгийн арьснаас зузаан байдаг учир шивээсний бэхийг шингээхийн тулд маш олон удаа хатгаж их цаг зарцуулдаг байна. 

СУГА

Зузаан арьстай хэсгүүдэд шивээс хийх хэцүү байдгийн адилаар нимгэн арьстай, эмзэг газруудад шивээс хийх ч хэцүү байдаг гэнэ. Ихэнх хүмүүс сугандаа гижигтэй байдаг бөгөөд гижиггүй байсан ч эл газарт шивээс хийхэд хүмүүсийн тэсвэр тэвчээр алдрах магадлал өндөр байдаг. 

ӨВДӨГНИЙ АРЫН ХЭСЭГ

Өвдөгний арын хэсэг буюу хөлийн булчингийн дээд хэсэг нь мөн л суга шиг мэдрэмтгий. Тиймээс маш их хэмжээний өвдөлт мэдрэгддэг. 

ГАР БОЛОН ХУРУУ

Гар болон гарын хуруун дээрээ шивээс хийлгэх нь бидний дунд харьцангуй түгээмэл байдаг. Гэвч шивээсчид энэ санааг тийм ч их сайшаадаггүй. Хүн гараараа бүхий л зүйлд хүрдэг учир арай гэж хийлгэсэн шивээс тань биеийн далд газар хийлгэсэн шивээстэй харьцуулахад хамаагүй богино хугацаанд өнгөө алдаж бүдгэрдэг байна. Мөн бид биеийн ил байдаг хэсгүүдээрээ дамжуулан нарны гэрлийг хүлээн авах ёстой шүү дээ. 

ЦЭЭЖ

Цээжин хэсэгтээ шивээс хийлгэсэн хүмүүс үнэхээр сүрлэг, гайхалтай харагддаг шүү дээ. Гэвч хавирга хавиар шивээс хийлгэхэд маш их хэмжээний өвдөлт мэдэрдэг байна. Мөн ихэнх эмэгтэйчүүд өдөр тутамдаа хөхний даруулга зүүдэг учраас энэ хэсэгт хийлгэсэн шивээсний эдгэрэлт удаан явагдах сул талтай. 

НҮҮР

Нүүрний арьс бол мөн л биеийн хамгийн мэдрэмтгий хэсгүүдийн нэг. Мөн шивээсчид нүүрэн дээр хийсэн шивээс 2-3 жил турш өнгөө алдахгүй гэх баталгаа өгдөг. Хүний нүүр үргэлжид л ил байдаг учраас нарны гэрэлд их өртдөг.  Харин нүүрэн дээрээ хийлгэсэн шивээснийхээ өнгийг аль болох удаан хадгалмаар байгаа бол нарны тос түрхэж хэвшээрэй. 

Та өөрт тохирсон нарны тосыг хэрхэн сонгохоо мэдэхгүй байгаа бол ЭНД дараарай. 

ШИЛБЭ БОЛОН ШАГАЙ

Шилбэ болон шагайн дээр шивээс хийлгэхэд өвддөг өвдөлт хавирга хэсгийн өвдөлттэй ойролцоо мэдрэгддэг. Их хэмжээгээр өвдөлт мэдрэхээс гадна богино хугацаанд өнгөө алдах магадлал их байдаг байна. 

Ингээд шивээсний өвдөлтийн зэргийг эрэгтэй болон эмэгтэй хүний биеийн бүтэц дээр харуулбал:

Өнөө цагт ямар ч шивээсийг лазер технологийн аргаар арилгах боломжтой болсон ч нэгэнт л мөнгө санхүү, бие махбодоо зориулан хийлгэж байгаа тул биеийнхээ аль хэсэгт, ямар шивээс хийлгэх вэ гэдгээ сайтар тооцоолж, шивээсчинтэйгээ ярилцсаны үндсэн дээр хийлгээрэй гэж зөвлөе. 

Эх сурвалж: Bright Side

#Шивээс #Зөвлөгөө #Эрүүл мэнд