Борооны дараах ТААЛАМЖТАЙ үнэр хэрхэн бий болдог вэ?


YOLO.mn | YOLO.MN
2022-07-07

Зуны өдөр орсон шиврээ борооны дараах тэр л анхилуун үнэрийг хүн бүхэн мэдэх биз ээ. Биднийг гэрийнхээ цонхыг онгойлгож, гадаа гарч салхилахад хүргээд зогсохгүй сэтгэлд хоногшсон торгон мэдрэмжүүдийг санагдуулах энэ үнэр яг юунаас үүсэж, яагаад зөвхөн бороо орсны дараа үнэртдэгийг та өөрөөсөө асууж үзсэн үү?

Тэгвэл удахгүй ирэх зуны улирлаа дурсаад бороо орсны дараах тааламжтай үнэр хэрхэн бий болдгийг тайлбарлая. 

Бидний дуртай энэ үнэр озон, ургамлын тос, бактери, хөрс, чийгээс бүрддэг аж. Тухайлбал, бороо оролгүй удахад газрын хөрс хуурайшсанаар ургамлууд өөрөөсөө нэгэн төрлийн тосыг ялгаруулдаг. Энэхүү тос хөрсөнд шингэн, үрийн соёололтыг зогсоох байдлаар усны нөөцийг бий болгодог байна. 

Ийнхүү удаан хүлээсэн бороо ороход хуурай хөрсөнд шингэсэн ургамлын тос бороотой холилдсоноор петрикор буюу борооны дараах таатай үнэр бий болдог байх нь. Үүнд мөн газрын хөрсөнд ихээр орших актиномицет хэмээх нэгэн төрлийн бактери ч нөлөөлдөг байна. 

Тэгвэл газарт бий болж буй энэхүү үнэр бидний хамарт хэрхэн хүрч, бидэнд таатай мэдрэмж төрүүлдэг юм бол? 

Массачусетсийн Технологийн Дээд Сургуулийн (MIT) эрдэмтдийн олж мэдсэнээр борооны дуслууд газарт шингэхдээ хөрсөнд буй бодисуудыг өөртөө шингээн, эргээд маш жижиг хэмжээтэй дуслууд болон цацардаг байна. Ингээд энэхүү сайхан үнэр бүхий жижигхэн дуслууд салхиар дамжин бидний хамарт хүрдэг ажээ. Яг энэ үйл явцыг бид дараах бичлэгээс үзэх боломжтой. 

Зарим шинжлэх ухаанчид биднийг энэ үнэрт дуртай байдгийн шалтгааныг бидний өвөг дээдэстэй холбож тайлбарладаг. Бороо орох үед мал өсөж таргалдаг тул борооны дараах үнэрт дуртай байдаг нь нэг ёсондоо өвөг дээдсээс улбаатай соёлын ул мөр гэсэн үг.

Уншигч та бүхэндээ борооны дараах үнэр хэрхэн бий болдгийг сонирхууллаа. Дэндүү богинохон санагдах зуны улирлаа санан, “борооны” үнэртэй саван, шампунь, угаалгын бодис байдаг байсан ч болоосой гэж бодож сууна уу?

Та бүхэндээ сонирхуулан хэлэхэд Америкийн "Le Labo" брэнд 2019 онд "Baie 19" хэмээх борооны үнэртэй сүрчиг худалдаанд гаргаж байжээ. 

Эх сурвалж: Smithsonian Magazine

#Үүнийг мэдэх үү?