- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -
Зун болж зугаалга эхэллээ. Улсын баяр наадмын "урт" амралт эхэлж дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа асгасан шагай шиг аялах өдөр, хоног ойртсоор л. Майханаа авсан, аяны сандал, халуунаа барьдаг аяга, нарны шил, бас шумуулын тос, шорлогийн зуухаа зэхсэн. Аяллын төсөв бүрдсэн, маршрутаа тогтоосон. Алив ээ, тэгвэл аялалдаа гарах уу?.
Түр хүлээгээрэй, замдаа гарч буй танд, танай аяллын багт анхааруулах хэдэн зүйл байна. Тэр дундаа өөрийн болон хайртай аав, ээж, гэр бүл, үр хүүхэд, найз нөхдийнхөө аюулгүй байдлыг ханган, тэднийг аяллын турш аюулгүй тээвэрлэх жолооч танд өгөх 10 зөвлөгөөг Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран хүргэж байна.
1. 80!!!
Орон нутгийн замд хурдаа тааруулаагүйн улмаас эрдэнэт хүний амь эрсэдсэн зам тээврийн осол гарсаар байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсаар байна. Орон нутгийн замд зорчиж яваа жолооч та 80 километр цагийн хурднаас хэтрүүлж болохгүйг цаг ямагт санаж яваарай. Мөн замд суурин газар таарвал та хурдаа хасаж 60 километрийн хурдтайгаар зорчин өнгөрөх ёстойг Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай хуульд заасан бий.
2. ДУУ СОЛИХ АЖЛЫГ DJ-Д ДААТГААРАЙ
Хөгжмөөр "Хөдөө гаръя, халуун чулуу атгая" хэмээн Люмино дуулж аялалд аялгуу нэмэх хэчнээн сайхан. Үүний араас Харангын "Замд гаръя сонсъё оо" гэж зорчигчдын нэг нь хүсэх вий. Энэ тохиолдолд жолооч та өөрөө хөгжмөө тохируулах гэж бүү яараарай. Та бусдын аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хариуцаж яваа тул өөр зүйлд анхаарлаа сарниулахгүй байх нь зөв. Харин дуу солих, хөгжим чангалж суллах ажлыг "DJ" буюу таны хажуугийн суудлын зорчигчид даатгаарай. Хэрэв таны автомашин жолооны хүрдэн дээрээ хөгжмийн тохируулгатай бол та DJ хийж болох юм.
3. ЖОЛООНЫ ХҮРД, ГАР УТАС ХОЁРЫГ ЗЭРЭГ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ
Гар утас бол хүн бүрийн салшгүй хэрэглээ мөн. Аялалд явахад ч амин чухал зүйлсийн жагсаалтад гар утас багтана. Холбоо барина, зураг авна, бичлэг хийнэ, дуу сонсоно, аяллын дурсамжийг хадгална. Гэхдээ та жолооны хүрдний ард сууж яваа үедээ гар утсаа түр "мартаарай". Цагт 60 км-ийн хурдтай явж байгаа жолооч зам руу биш утас руугаа харж, анхаарал алдах үед "сохроор" 65 метр зам туулсан байдаг гэх судалгаа бий. Хурд их байх тусам төдий чинээ урт зам туулна гэсэн үг юм.
Түүнчлэн харанхуйд утасны дэлгэцийн хурц гэрэл замын үзэгдэх орчныг бууруулдаг байна. Энэ нь анхаарал сэрэмж алдах, ослын нөхцөл байдлыг тооцоолох, урьдчилан сэргийлэх боломжгүй болгодог сөрөг талтай.
4. ЗАМЫН ТЭМДГҮҮДИЙГ ЗҮГЭЭР Ч НЭГ БАЙРЛУУЛААГҮЙ
Авто замын хажуугаар улаан бөөрөнхий дотор улаан, хар хоёр автомашин. Гурвалжин дотор өөд өгсөж, бас уруудаж яваа хар машин. Мөн дахин гурвалжин дотор жижигхэн хоёр эвэртэй, хар үхрийн дүрстэй тэмдэг, тэмдэглэгээнүүд байдаг даа. Энэ тэмдгийг зам дагуу зүгээр ч нэг байрлуулаагүй бөгөөд бүгд утга учиртай. Жолооч бүхэн тэдгээрийн учрыг мэдэх биз ээ.
Тэд бол гүйцэж түрүүлж болохгүй үзэгдэх орчин хязгаарлагдмал газрыг, үхэр мал ихээр бэлчээрлэдэг тул гэнэтхэн замын урдуур гарч ирж болзошгүй гарц, гарамтай хэсгийг, огцом өөд уруу болоод эргэлтийг гээд олон зүйлийг жолооч танд анхааруулж байдаг. Тиймээс асфальтан замд зорчиж яваа жолооч та замын тэмдэг, тэмдэглэгээг анхааралтай ажиглаж, хөдөлгөөнд оролцоорой.
5. АЛЖААЛАА ТАЙЛАХДАА АЮУЛГҮЙ ГАЗАР ЗОГСООРОЙ
Та бүгд хотоос гараад нэлээд зам тууллаа. Одоо автомашинаа аюулгүй газарт түр зогсоогоод хэсэгхэн зуур амарч, жолооч зорчигч бүгд биеийн чилээгээ гаргах цаг болжээ. Болж өгвөл зам чөлөөлж зогсоход тохиромжтой, чөлөөтэй талбайтай газар зогсохыг чухалчлаарай. Зорчигчид автомашины зөв талын хаалгаар буулгүй, буруу талын хаалгаар цуварч буухыг сануулж байна. Энэ нь илүү аюулгүй гэдгийг анхаараарай. Хэрэв зам хөндлөн гарах шаардлага гарвал замын хоёр тийш сайтар ажиглаж, аюулгүй байдлаа хангасны дараа нэвтрээрэй. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал даваа, гүвээний эхлэл төгсгөлд зогсуузай.
6. УЛААН ХҮРЭЭТЭЙ ДУГУЙ ДОТОРХ УЛААН, ХАР АВТОМАШИНТАЙ ЗӨРЧИЛДӨЖ БОЛОХГҮЙ
Дээр дурдсан улаан хүрээтэй дугуй дүрс дотор улаан, хар хоёр автомашин зэрэгцэн яваа тэмдэг бол гүйцэж түрүүлэхийг хориглодог. Энэ тэмдэг байгаа бол та урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж болохгүй. Замын өгсүүр хэсгийн төгсгөл, үзэгдэх орчин хязгаарлагдмал газарт энэ тэмдгийг байрлуулсан байдаг.
Өөрөөр хэлбэл энэ тэмдэг бүхий газарт гүйцэж түрүүлэх нь эрсдэлтэй тул үүнийг зөрчих талаар бодох ч хэрэггүй. Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замд гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэснээс болж осол ихээр гарч, иргэд амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал буурахгүй байгааг анхааруулсаар байна.
7. "МАШИН ИРЖ БАЙНА, ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ" ГЭЖ ГЭРЛЭЭР ХЭЛЖ ХЭВШИЦГЭЭЕ
Дээрх тэмдэг байхгүй газарт та гүйцэж түрүүлэх үйлдэл хийж болно. Ингэхдээ өмнөө яваа тээврийн хэрэгсэлд саад учруулалгүй, энэ үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц зай байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй. Магадгүй таны өмнө яваа хүнд даацын, том оврын тээврийн хэрэгслийн жолооч зүүн гар тийш дохио өгсөн бол эргэх үйлдэл хийх, эсхүл өмнөөс автомашин ирж байгааг, аюул саадыг танд анхааруулж байна Өөрөөр хэлбэл таныг "гүйцэж түрүүлж болохгүй ээ" гэж анхааруулж байна.
Харин баруун тийш дохивол "ойр ирж яваа автомашин алга аа, одоо явж болно" гэсэн үг. Ард яваа тээврийн хэрэгсэл болохгүй газар гишгэчих гээд булталзаад байх хэцүү. Тиймээс дээрх дохиогоор ойлголцож, харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хэн хэнийхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Ийм дохио өгч таныг зөрж өнгөрүүлсэн жолоочид хариуд нь та бас аваарын гэрлээ анивчуулж "Баярлалаа" хэмээхээ мартуузай.
8. ГЭРЛЭЭ ШИЛЖҮҮЛЭЭРЭЙ БАС ШАЛГААРАЙ
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож яваа жолооч та эсрэг урсгалаар явж буй автомашин ойртон ирэх үед холын гэрлээ ойрт шилжүүлж өөрийн болон ирж яваа жолоочийн аюулгүй байдлыг хангаарай. Зам тээврийн ослын 46 хувь нь зорчих хэсэгт холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлэхээ мартсан эсвэл туршлагагүй жолоочийн хариуцлагагүй байдлаас үүддэг аж. Шилжүүлээгүйн улмаас гэрлийн хүчтэй урсгал өөдөөс болон урд яваа жолоочийг гялбуулж, хэвийн жолоодлогод нөлөөлдөг. Иймд жолооч нарыг хөдөө орон нутагт болон их хотын замын хөдөлгөөнд гэрлээ шилжүүлж, бусдыгаа хүндэтгэж оролцохыг зөвлөж байна.
Холын гэрэл нь өөдөөс яваа тээврийн хэрэгслийг гялбуулахаас гадна таны урд яваа тээврийн хэрэгслийн толинд ойн жолоочийг гялбуулдаг гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Түүнчлэн таны машины гэрлүүд зөв, ямар ч асуудалгүй ажиллаж байгаа эсэхийг нь шалгах хэрэгтэй. Болж өгвөл хөдөө явахдаа өглөө эрт гарч харанхуй болохоос урьтаж замдаа хоноглоорой.
9. ЯДРААД БАЙВАЛ ДУГХИЙГЭЭД ХӨДЛӨӨРЭЙ
Шөнийн цаг гэдэгт үдшийн бүрийгээс үүрийн гэгээ хүртэлх хугацааг хамааруулна. Энэ үед хөдөлгөөний эрчим бага, өдрийг бодвол замын хөдөлгөөн сийрэг болдог. Гэтэл зам тээврийн ослын 50 хувь нь шөнө бүртгэгдэж байгааг албаныхан ярьсаар, сануулсаар л. Харанхуй үед жолоочийн ажлын чадамж, самбаачлах хурд зэрэг буурсан байдаг ч үүнийг төдийлөн анзаарахгүй.
Эсхүл "Одоо энүүхэнд" хэмээн гүрийсээр хүрэх газраа очно гэж яардаг. Яваад л байвал хүрээд л очих тул нойр тань хүрч, нүд тань ядарч чилсэн байх юм бол шууд зогсоод нүдээ хэсэг минут амраах хэрэгтэй. Таван минут дугхийчихэд нойр сэргээд л ирдэг. Тээврийн цагдаагийн албанаас та тасралтгүй 2-4 цаг жолоо барьсан бол багадаа 15 минут амрах шаарддатай гэдгийг зөвлөж байна. Харин та жолоогоо бусдад шилжүүлэх бол найдвартай, туршлагатай хүнд л дамжуулаарай.
10. ХӨДӨӨ ЗАМД ЦАГДАА БАЙДАГГҮЙ Ч АЮУЛ, ЭРСДЭЛ ҮРГЭЛЖ БИЙ
Хүмүүс хөдөө гараад сэтгэл хөөрдөг, "Цагдаа байхгүй юм чинь яав л гэж" хэмээн хөнгөмсгөөр муйхарлаж жолоо барьж яваа хэр нь согтууруулах ундаа хэрэглэх нь бий. Улмаар зам тээврийн осолд өртөж, амь нас эрүүл мэндээрээ өөрөө ч өрөөлийг ч хохироох тохиолдол цөөнгүй.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, улмаар осол гаргаж буй тоо буурахгүй хэвээр. Хайртай бүхнээ тээвэрлэн яваа та согтуугаар жолооны хүрдний ард суух тухай санах ч хэрэггүй. Хотод ч, хөдөөд ч ер аль ч тохиолдолд согтуугаар автомашин жолоодох нь хатуу хориотой шүү.
Ингээд танай багийн амттай, дурсамжтай, аюулгүй, аз жаргалтай аялалд амжилт хүсье. Сайн яваад, сайхан аялаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх