Захидал: Бид биедээ 3 жил сайн байсан ч маш ойрын хамаатан байсан


ССҮТөв | YOLO.MN
2022-06-28

YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Ганцаардахгүйн тулд өөрийгөө зовоон байж найзлах хэцүү байна.

Би 13 настай, ангидаа одоогоор 4 найзтай. 

Сондгой тооны хүнтэй найзуудын фракцид дандаа л нэг нь сондгойрчихдог юм шиг байна. Бид гурвуулаа найзлаж байтал хоёр найз маань эхлээд надаас зайгаа барьж, би гэнэт л таалагдахаа болчихсон мэт харьцахаа больсон. Ингээд л ер нь бидний харилцаа дуусчихсан. Би тэдэнтэй найзлахаа больсоны дараа тэр 2 дахиад өөр зөндөө хүүхдүүдтэй дотносоод бүр олуулаа болчихсон байсан. Би атаархсан. Бүгдээрээ хамт суугаад гоё юм ярьж инээлдэхэд нь атаархсан. Тэрнээс хойш би сургуульдаа бараг л нэг ч жинхэнэ найзгүй байснаа ойлгосон. Ингээд хөд хорины үеэр би бараг 7,8 кг нэмсэн, таргалсан. 6 дугаар ангидаа би хүүхдүүд надтай харьцдаггүй, тоодоггүй нь миний тарганаас болсон юм болов уу гэж бодоод анх удаа нэг шөнийг унталгүй юм бодож суусан, уйлсан. Тэрнээс хойш би өөрийгөө 7 хоног өлсгөсөн, ус талхнаас өөр юу ч идээгүй ч гэсэн нэг ч кг хасаагүй. Тэр нэг их турахад туслаагүй. 6 дугаар ангиа ч бас найзгүй өнгөрөөсөн. 

Одоо 7 дугаар ангиа төгсөж байна. Гэхдээ энэ жил би өмнө нь хэзээ ч байгаагүй их нээлттэй болсон. Энэ миний аавын ач. Аав минь намайг тасралтгүй дэмжиж, урам өгч итгэж байсан. Гэрээс минь ганц намайг ойлгодог хүн аав минь байсан. 7 дугаар 2 дугаар улиралаас эхлээд дизайны анги дээр хамт суусан охинтойгоо найз болсон. Одоо ч найзлаж байгаа. Хамгий сайн найз минь болсон. Учир нь тэр яг надтай адилхан, нэг их дугардаггүй ч бусад охидуудаас хамаагүй дээр зан чанар, үзэл бодолтой хүүхэд. Гэхдээ юу гээч? Бид хоёр найзууд болсны дараа тэр миний бага ангидаа найзлаж байгаад больсон хүүхдүүдтэй нийлэх болсон. Тэгээд би ч бас эргээд тэдэнтэй нийллээ. Тэдний зан ч гэсэн өөрчлөгдөөд дээрдчихсэн байсан. Тэгсэн одоо миний сайн найз тэдэнтэй хамт сууж, хааяа надтай мэндлэх ч үгүй, баяртай ч гэж хэлэхгүй, хичээл дээр надтай ярих байтугай харахаа ч больж, тэдэнтэй илүү их нийлэх болсон. Би маш их гомдсон. Шинэ найз бандитай болж, чатлахдаа хүртэл надгүйгээр тэр хүүхдүүдтэй групп чат нээгээд "Яах вэ, юу гэж бичих вэ" гэх мэтээр чатласан байна лээ. Намайг сүүлд л нэмсэн. Энэ мэтээр маш олон удаа муухай зүйлс тохиолдсон. Хааяа би чат бичихээр seen-дэнэ.  Тэгээд л би гэнэт “Найзлахаа болих уу” гэж бодсон. Би зүгээр л ганцаардахгүй, бусад шиг чөлөөт цагаараа уулзах, парк орох найзтай байхын тулд надтай найз байх сэтгэлгүй хүүхэдтэй хүчээр хамт байж, тэдэнд бас өөртөө гай болоод байгаа юм болов уу гэж их бодож байна. Тэр найзаас болж миний стрессдэх ч их болсон. Би яавал дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Хэцүү байвал өөрийгөө хүчлэх хэрэггүй. Энэ хүрээлэлд тухгүй байгаа бол холдох сонголт бий.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Найз нөхөд бидний амьдралд маш чухал байр суурийг эзэлдэг. Захиаг уншиж байх үед огт найзгүй байсан үе гэж байхгүй бололтой. Найз нөхөдгүй гэхээсээ илүүтэй найз нартаа ихээхэн гомдсон бололтой. Найз нь дахиад өөр сайн найзуудтай байж болно гэдгийг хүлээн зөвшөөрдөг үү? Чамтай ч найз, бусад хүмүүстэй ч найз байж болно шүү. Найзууд гэхээр заавал бүхнийг хамт хийдэг, үргэлж хамт байдаг, бүх зүйлээ хуваалцах ёстой, бүхнээ хэлэх ёстой, асуух ёстой гэсэн үг биш юм шүү. Энэ бол тухайн хүний сонголт. Харин найз гэдэг нэгэндээ итгэдэг, тусалдаг, ойлгодог ярилцдаг, нэгнээ хүндэлдэг байхыг хэлнэ. Энэ нь үргэлж ийм байх ёстой гэсэн үг биш юм шүү. Өөр сайн найзтай байж болно. Чамд яриагүй зүйлээ өөр найздаа хэлж болно. Тэр найздаа хэлээгүй зүйлээ чамд хэлсэн байж болно гэдгийг хүлээн авахыг хичээгээрэй. Өсвөр насанд найз нөхөд, танилын хүрээг зөвхөн сургуулийн орчноор л төсөөлдөг. Сургууль дээрээ ихэнх цагийг өнгөрөөдөг хэдий ч өөрийн чинь бүхий л харилцаа холбоо үүгээр хязгаарлагдахгүй юм шүү. Хэцүү байвал өөрийгөө хүчлэх хэрэггүй. Энэ хүрээлэлд тухгүй байгаа бол холдох сонголт мөн бий. Аз жаргал эрүүл харилцаанаас бий болдог. Тухайн хүүхдүүдтэй хамт байхад, ярилцахад тухгүй байгаа бол харилцаанаасаа завсарлага авах тийм ч буруу зүйл биш болов уу. Мөн найзлахаа болих, харилцаанаасаа хөндийрлөө гээд тэдэнтэй огт харилцахгүй гэсэн үг огт биш юм шүү. Тааралдах үедээ түрүүлж мэндэлж, түрүүлж үйл хөдлөл хийсээр байгаарай. Бусдыг түрүүлж хөдлөхийг хүлээхээс илүүтэй өөрөө түрүүлж харилцаанд алхам хийгээрэй. Нийгмийн үйл ажиллагаанаас зугтах хэрэггүй. Боломжтой бол нэмэлт дугуйланд бүртгүүлж өөрийгөө хөгжүүлэхийн хажуугаар шинэ хүмүүстэй танилцаарай. Амжилт хүсье. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач М.Анир 

АСУУДАЛ: Бид биедээ 3 жил сайн байсан ч маш ойрын хамаатан байсан 

Бид 2 маш сайн найзууд байлаа. Гэтэл нэг л мэдэхэд бие биедээ хайртай болчихсон. Хамгийн нандин хайрыг бүтээсэн хүн минь байсан юм. Түүнтэй байхад хамгийн аз жаргалтай, бүх зүйл дурсамжтай өнгөрдөг байж билээ. Дандаа хайртай байна гэж амлаад л. Гэтэл би түүнд 3 жил сайн байсан ч маш ойрхон садан төрлийн холбоотой байсан. Би яах вэ?

Бас үүгээр дамжуулаад түүндээ хэдэн зүйл дамжуулаад хэлье.

"Чамтайгаа хамт байхад бүх зүйл яг л үлгэр шиг. Хэлээ зажилтал минь эрхлүүлдэг нэгэн. Хэзээ ч хайргүй болохгүй, дандаа хайртай байна гээд үнсдэг нь хөөрхөн.

Гүнж минь байсан.  Хамгийн их хайрладаг шүү чамайгаа. Чи ч гэсэн надад хайртайг би мэднэ. Чиний бэлэглэсэн улаан ороолт, гоёмсог зүүлт, чамин бугуйвч миний биенээс салдаггүй. 

Миний бүх зүйл чамд зориулагдсан байдаг.

Аз жаргалтай байгаарай. Чамдаа би хязгааргүй их хайртай юм шүү. Эгдүүтэй дэгдээхий минь. Гомдоох үг хэлсэнд уучлаарай. Чамайг надаас их юм хүлээх вий, намайг хайрлаад өөрийгөө зовоох вий гэхээр айсандаа муухай хатуу үгнүүд хэлж салсан шүү хайрт минь.  Зөндөө их санаж байгаа ч очоод тэвэрч чадахгүй байгаад минь уучлаарай. Яах аргаа ч олохоо болилоо. Амласан амлалтандаа хүрэх болно оо. Чи л жаргалтай байвал би жаргалтай байна гэдгийг ойлгоорой. Чамаас өөр цэцэг мэдэхгүй. Битгий уйлаарай."  Но-д

ЗӨВЛӨГӨӨ: Түүнээс авсан сайхан мэдрэмжид талархаад өнгөрсөндөө хэт битгий хорогдоорой.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хайртай хүнээсээ салах хэцүү мэдрэмж төрж байгааг төсөөлж байна. Хамтдаа сайхан дурсамжуудыг бүтээж байсан нэгэнтэйгээ харилцаагүй болох үед түүний орон зайг маш их үгүйлж санаж байдаг. Сайхан мэдрэмж өгсөн хүнээсээ хагацахад яаж таатай мэдрэмж авах билээ. Гэхдээ зайлшгүй шалтгааны улмаас харилцаа үргэлжлэх боломжгүй болсныг ойлголоо. Түүнээс авсан сайхан мэдрэмжид талархаад өнгөрсөндөө хэт битгий хорогдоорой. Өөрийн чинь бичсэн захидлыг тэр уншина гэж найдаж байна.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач М.Анир 

АСУУДАЛ: Би ангийнхаа охинд дээрэлхүүлдэг. Үүнээсээ болоод амиа хорлох оролдлого ч хийж байсан. 

Сайн байна уу? Өөрт тулгамдсан асуудлаа бичихээр шийдлээ. Би одоо ахлах ангийн сурагч. Надад маш хэцүү санагдаж буй асуудал гэвэл би ангийнхаа нэг охинд их дээрэлхүүлдэг. Би зүгээр байхдаа л буруутан болчихдог. Анх ангидаа орж ирэхэд зүгээр байсан ч хэсэг хугацааны дараа бүх зүйл өөрчлөгдсөн. Намайг мөрлөж, үсэнд минь бохь нааж, янз бүрийн үгээр хэлдэг. Надад хэлдэг байсан үгнүүдээс нь хэлвэл: “Чи чинь үхчихээгүй байсан юм уу, өөрийгөө хэн гэж бодсон юм, араа мэдэж ангалзаарай, чамайг харах болгонд бөөлжис хүрээд байх юм, чи зодуулчихаад эцэг эхээ дуудаж гай болов” гэх муухай үгсийг хэлдэг. Энэ үгс гэхдээ хамгийн хараал бага орсон үгс нь шүү. Надад илүү аймар үгсийг ч хэлдэг. Тэгж үгээр идэх бүрд надад маш хүндээр тусдаг. Би амиа хорлох оролдлого ч хийж байсан.Үнэхээр хэцүү байна.

ЗӨВЛӨГӨӨ: Бусдаас тусламж аваарай. Чи ганцаараа биш, чамайг хамгаалах, чиний талд орох хүмүүс байгаа гэдгийг санаарай.

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Ангийн хүүхдээсээ олон таагүй сэтгэгдэл төрүүлэх үгс сонсоод хэцүү байсныг чинь ойлголоо. Захидлаас уншихад чамайг анх дээрэлхдэггүй байсан ч хэсэг хугацааны дараа дээрэлхэж эхэлсэн гэж ойлголоо. Ямар нэгэн үйл явдал болсон уу? Ямар нэгэн үйл явдлаас болж дээрэлхэж эхэлсэн юм болов уу? Эсвэл тодорхой шалтгаангүй дээрэлхэж байна уу? Мөн энэ талаар ангийн багш эсвэл гэр бүлийнхэндээ хэлсэн үү? Хэлсэн бол тэд ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ? Хэрэв хэлээгүй бол хэлэхийг хичээгээрэй. Энэ нь чамд хэцүү санагдах ч хэлэх нь зөв юм шүү. Учир нь хэн ч хэнийг ч ямар нэгэн байдлаар дээрэлхэх эрхгүй. Тийм учраас чи юу ч хийсэн байсан бусдаар доромжлуулах эсвэл дээрэлхүүлэх ёсгүй юм шүү. Мөн дараах зүйлсийг санаарай.

  • Хэн ч юу ч гэж хэлж байсан чи үнэ цэнтэй хүн юм шүү.
  • Хүсээгүй зүйлдээ “үгүй” гэж хэлж хэвшээрэй.
  • Хэн ч хэнийг ч үгээр болон үйлдлээрээ дээрэлхэх ёсгүй.
  • Мэдрэмжээ илэрхийлж бусдаас тусламж аваарай.

Мөн ангийн хүүхэдтэйгээ ярилцаж өөртөө төрж байгаа мэдрэмжээ зоригтойгоор илэрхийлэхийг хичээгээрэй. Гэр бүлийнхэн болон ангийн багшдаа заавал мэдэгдэх хэрэгтэй шүү. Бусдад хэлж, мэдэгдэхгүй л бол чамд ямар мэдрэмж төрж байгааг мэдэх боломжгүй шүү дээ. Тиймээс энэ талаар илэрхийлж бусдаас тусламж аваарай. Чи ганцаараа биш, чамайг хамгаалах, чиний талд орох хүмүүс байгаа гэдгийг санаарай. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач  Д. Намуун

АСУУДАЛ: Ангийн дарга байх төвөгтэй байсан тул больсон ч одоо хэн гэдгээ мэдмээр байна.

Би 11 настай, эмэгтэй. Хичээлийн эхний хоёр улирал ангийн дарга хийсэн юм л даа. Их хүнд байсан. Ангийнхан миний үгэнд ерөөсөө орохгүй, тэгээд уралдаан тэмцээн зохион байгуулахаар оролцохгүй. Бас тэд даалгавараа хийддэггүй байсан болохоор би хичээл орохоос өмнө эрт ирээд бүх хүүхдүүдийн даалгаварыг шалгах хэрэгтэй болсон. Өдөр болгон дасгал бүрийг нь, бараг үйлдэл мөр бүртэй нь шалгана. Харин энэ бүхний хариуд манай ангийнханы өгсөн бэлэг гэвэл “хүчирхийлэгч” гэдэг нэр байлаа. Энэ тухай би томчуудад огт хэлээгүй. Би өөрөө огцрох гэж хоёр ч удаа оролдож үзсэн боловч бүтээгүй. Нэлээн удаа шантарсан ч хэн нэгний тусламжаар, итгэл найдвараар хөл дээрээ боссоор байсан. Магадгүй тэр хүн нь анги дааж авсан багш маань байсан байх л даа. Гэтэл нэг өдөр ээж минь надад “Арай л их ангийнханыхаа төлөө гээд өөрийнхөө хичээлд анхаарал хандуулж чадахгүй байна” гэж хэлсэн. Манай анги удирдаж авсан багш надтай /зарим нэг хүүхдүүдтэй/ ганцаарчлан уулзсан. Гэхдээ би багшдаа өөрийнхөө амьдралыг ний нуугүй ярьж, ээжийнхээ хэлснийг болон өөрийнхөө хүслийг хэлсэн. Багш минь ч намайг ойлгоод, дараагийн ангийн даргыг сонгосон. Дараагийн ангийн дарга намайг бодвол тэгж их хичээхгүй байгаа ч багш дахиад өөр дарга тавихыг хүсээгүй гэсэн. Ярих болгондоо л надад “хэзээ ч байсан, ангийн даргын суудал бэлэн байгаа шүү” гэдэг. Гэвч би хүсээгүй хэвээр л...

3 дугаар улиралаас маш сайн 2 найзтай болсон. Бас ангийн дарга биш болсноос хойш би нэг л галзуу болж байгаа юм шиг санагдсан. Бас хааяа хараал хэлдэг, түргэн ууртай болж байгаадаа маш их санаа зовж байна.  

Ангийнхантайгаа гоё харилцаатай, тэдний дунд байр суурьтай болсон ч өөрийгөө сайн олж чадахгүй, өөрийнхөө хэн гэдгийг мэдэхгүй, юу хийхээ ойлгодоггүй, нэг тийм завсрын байдалтай болчихсон. Би өөрийнхөө хэн гэдгийг мэдэж авмаар байна.  

ЗӨВЛӨГӨӨ: Хүн амьдралынхаа турш өөртэйгөө танилцсаар байдаг учраас яарах хэрэггүй дээ.

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Ангийн даргын үүргээ хичээнгүйлэн биелүүлдэг байсныг чинь ойлголоо. Хариуцлагатай байсанд чинь баяртай байна. Захидалд ангийн дарга байхаа больсноос хойш улам галзуу, солиотой болоод байгаа юм шиг санагдсан гэж бичжээ. Энэ нь яг ямар гэсэн үг вэ? Энэ нь чи өөрийнхөөрөө байгаа гэсэн үг мөн үү? Хэрэв тийм бол өөрийнхөөрөө байх нь буруу зүйл үү? Хэн нэгэнд ямар нэгэн байдлаар хор хөнөөл учруулаагүй л бол өөрийнхөөрөө байна гэдэг бол хэвийн зүйл юм шүү. 

Ангийн дарга болохоосоо өмнө чи ямар байсан бэ? Ангийн дарга байхдаа ямар байсан бэ? Хүмүүс ямар нэгэн байдлаар өндөр үүрэг хариуцлага аваад ирэхээр түүнтэйгээ дүйцэхүйц хариуцлагатай, хичээнгүй байж, өөрийнхөөрөө байх боломжоо хязгаарладаг. Магадгүй ангийн дарга байхдаа өөрөөрөө байх боломжгүй байсан ч одоо л чамд өөрийнхөөрөө байх нөхцөл бүрдсэн байх боломжтой юу? Хэрэв тийм бол ангийн дарга байхын өмнөх чи болон одоогийн чи хоёр хоёулаа л чи юм шүү. Хүмүүст маш олон төрлийн зан чанар байдаг ба орчин болон нөхцөл байдлаасаа хамаараад аль нэг нь илүү давамгай илэрдэг. Тэглээ гээд энэ нь чи биш гэсэн үг биш юм шүү. Тиймээс өөрийгөө хүлээн зөвшөөрөхийг хичээгээрэй. Мөн хүн амьдралынхаа турш өөртэйгөө танилцсаар байдаг учраас яарах хэрэггүй дээ. Амьдралд тохиолдож болох олон үйл явдлаас чи өөрийгөө бага багаар танин мэдсээр байна. Харин үүний тулд өөртөө төрж байгаа мэдрэмжээ анзаарч, илэрхийлж, эерэг байдлаар гадагшлуулж байх нь чухал юм шүү. Мөн аливаа зүйлд түргэн уурлаад байх үедээ нүдээ анин дотроо 3 тоолоорой. Тэгээд өөрийгөө ямар учраас уурлаад байгааг, мөн уурлаад ямар үйлдэл хийе гэж бодож байгааг, энэ үйлдэл нь зөв эсвэл буруу эсэхийг анзаараад үзээрэй. Түүнчлэн өдөр тутамдаа тэмдэглэл хөтөлж, уурласан үедээ гүйх эсвэл дасгал хийж хэвшээрэй. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Д. Намуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.

#Сэтгэл зүй