Аспергерийн синдромтой ч уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч болсон Грета Тунбергийн түүх


Э.Онон | YOLO.MN
2019-10-02

Өнгөрсөн оны наймдугаар сард өсвөр насны нэгэн охин эрх баригчдыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг шаардаж, Шведийн парламентын ордны гадаа ганцаараа суулт хийн эсэргүүцэл илэрхийлж байлаа. Түүнийг Грета Тунберг гэдэг. Есдүгээр ангид байхдаа арга хэмжээ авахаас нааш баасан гараг бүр хичээлд суухгүй гэж мэдэгдэн “хичээл хаялт” зарласан юм. Шведийн Засгийн газар өнгөрсөн онд хүлэмжийн хийн хэмжээг 15 хувиар бууруулна гэсэн амлалт өгөөд байжээ.   

Сурагчдыг тэмцэхийг уриалах замаар “Fridays For Future” хөдөлгөөнийг эхлүүлсэн Грета Тунберг өнөөдөр дэлхийн дулаарлын эсрэг хөдөлгөөний нүүр царай болж чадсан юм. Тэрээр дэлхийн түүхэн дэх хамгийн том байгаль орчны төлөөх жагсаалыг есдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан. Уг эсэргүүцлийн хөдөлгөөнд 161 орны 4 сая орчим хүн оролцон гудамжинд гарч, дуу хоолойгоо хүргэжээ. Өнөөдөр түүнийг Леонардо Ди Каприо, Барак Обама, Ромын Пап Францис, Меган Маркл зэрэг олон алдартай хүмүүс дэмжиж байна. Үүгээр ч барахгүй 16 настай энгийн нэг сурагч охин Нобелийн шагналд нэр дэвшиж, НҮБ-ын чуулганы индрээс дэлхийн удирдагчдад хатуухан үг хэлэв.    

Тэр өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн хуралд оролцох үеэрээ сэтгэл хөдөлгөм илтгэл тавьж, олны анхаарлыг байгаль орчны асуудалд хандуулж чадсан. Тэгвэл Грета Тунберг гэж хэн болох талаар та бүхэнд танилцуулъя.          

ГРЕТА ТУНБЕРГ СЭТГЭЛ ГУТРАЛАА ЯЛАН ДИЙЛСНИЙ ДАРАА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ТЭМЦЭХ ХӨДӨЛГӨӨНӨӨ ЭХЛҮҮЛСЭН  

Грета Тунберг 2003 онд Шведийн Стокхольм хотод жүжигчин Сванте, дуурийн дуучин Маленда Эрнманы гэр бүлд төрж өсжээ. Тэр анх найман настайдаа уур амьсгалын өөрчлөлтийн тухай сургууль дээрээ сонсож байсан гэнэ. Тухайн үед хүмүүс яагаад энэ асуудалд анхаарал хандуулахгүй байгааг ойлгодоггүй байж.

“Манай ангийнхан уур амьсгалын өөрчлөлтийн тухай баримтат кино үзээд санаа зовсон. Дараа нь мартсан. Тэнд хуванцраар дүүрсэн далай, сүйдсэн ой мод, өлсгөлөнд нэрвэгдсэн цагаан баавгай байсан. Харин тэр дүр зураг миний толгойд гацсан” гэжээ. Бид хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хүлэмжийн хий ялгаруулдаг гэдгийг мэддэг ч гэртээ очоод мах иддэг. Хуванцар хог хаягдал далайг бохирдуулдаг гэдгийг мэддэг ч боодолтой ус авч уусан хэвээр. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хэрэгтэйг мэддэг ч өглөө ажилдаа машинаар явахыг илүүд үздэг. Харин энэ бүхэн Гретагийн хувьд өөр байсан. Энэ асуудлыг мэдсэний дараа тэр хэвийн амьдралдаа эргэн орж чадаагүй юм.

Грета 11 настай байхдаа сургуульдаа явахаа больж, сэтгэл гутралд гүн автсан байна. Шалтгаан нь бүхлээрээ уур амьсгалын өөрчлөлт байгаагүй ч эх дэлхийг аврах боломж хомс байгаад сэтгэл дотроо ихээхэн шаналж байжээ. Аав, ээж нь түүнтэй ярих гэж оролдох болгонд дэлхийн дулаарлын талаар санаа зовнин өгүүлдэг байж. Тэр цагаас хойш Грета цагаан хоолтон болсон бол нөхцөл байдлыг ойлгосон аав ээж нь мөн адил мах идэхээ болихын сацуу байгальд хор уршигтай тээврийн хэрэгсэл ашиглахаас татгалзжээ. 

Ээж нь дэлхий даяар нисэж концерт тоглодог байсан ч энэ үйл явдлын дараа зөвхөн Стокхольм хотноо мэргэжлээрээ ажилладаг болжээ. Ингэж тэдний гэр бүл амьдралын хэв маягаа бүхлээр нь өөрчилсөн гэдэг.   

Грета санаа зовниж буй асуудлаа дэлгэснээр бусад хүмүүст нөлөөлж чадна гэдгийг төд удалгүй ойлгожээ. Сэтгэлээр унах нь цагийн гарз гэдэгт итгэж, өөрчлөлт хийхийн төлөө хийж чадах бүхнээ зориулна гэж өөртөө амласан байна. Ийм замаар сэтгэл гутралаа ялан дийлсний дараа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөдөлгөөнөө эхлүүлсэн түүхтэй.     

ГРЕТА ТУНБЕРГ АСПЕРГЕРИЙН СИНДРОМ ӨВЧТЭЙ

Грета Тунберг аутизмийн нэг хэлбэр болох Аспергерийн синдромтой гэдгээ дөрвөн жилийн өмнө мэджээ. Улигт бодол, албадмал үйлдлийн эмгэг нь хорвоо ертѳнцийг хүлээн авч ойлгох, нийгмийн харилцаанд орох чадваруудын бэрхшээл юм. Өөрөөр хэлбэл байгалиасаа догшин, төрөлхийн зан чанартай гэсэн үг. Тиймээс цаг уурын өөрчлөлтийн асуудлыг зөнгөөр нь орхиж чадаагүй.

Тэрээр “BBC”-д өгсөн ярилцлагадаа “Бусдаас өөр байх нь бэлэг. Хэрэв би Аспергерийн өвчтэй байгаагүй бол ийм их хүсэл тэмүүлэлтэй тэмцэгч болж чадахгүй байсан” хэмээн ярьжээ. Мөн твиттер хуудаснаа өөрийнхөө нөхцөл байдлын  талаар Асперберг бол “супер хүч” юм гэж жиргэж байв.   

Өөрийгөө ялан дийлсэн Тунберг өнгөрсөн оны тавдугаар сард 15 насандаа “Svenka Dagbladet” сонины цаг уурын өөрчлөлтийн тухай эссэний уралдаанд оролцон түрүүлжээ. Түүний “Бид мэднэ. Бид одоо ч гэсэн ямар нэгэн арга хэмжээ авч чадна” нэртэй эссэг тус сонинд нийтэлсэн байна. Ингээд түүний байгаль орчныг хамгаалах үйлсийн төлөө эрчимтэй тэмцэх замнал эхэлсэн гэдэг. Энэ үйл явдлаас гурван сарын дараа “хичээл хаялт” зарлаж, 08:30-аас 15:00 цаг хүртэл Шведийн парламентын ордны гадаа ганцаараа суулт хийсэн. Ингэхдээ твиттер, инстаграм хуудаснаа тасралтгүй зураг нийтэлж байв. 21 өдрийн эсэргүүцэлд хүмүүс сайн дураараа нэмэгдэж байжээ. Дахин гурван сарын дараа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг анхны жагсаал, цуглааныг зохион байгуулжээ. 

ДЭЛХИЙН 123 ОРНЫ НЭГ САЯ ОРЧИМ ХҮҮХЭД “ХИЧЭЭЛ ХАЯЛТ” ЗАРЛАВ

Грета олны танил болж эхэлсний дараа түүнийг “уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаал” дээр олон мянган хүний өмнө илтгэл тавих санал иржээ. Аав, ээж нь дурамжхан байсан гэнэ. Учир нь өвчнийхөө улмаас тодорхой нөхцөл байдалд ярьж чаддаггүй Гретаг олон нийтийн өмнө илтгэл танилцуулахад хүндрэлтэй байна гэж тэд бодсон байна. Энэ асуудалд эрс шийдэмгий хандсан өсвөр насны охин одоо улс төрчид, сэтгүүлчид, олон нийтийн өмнө өөрийгөө хангалттай илэрхийлж чаддаг болсон. “Үндсэндээ би шаардлагатай үед л юм ярьдаг. Одоо тэр үе нь тохиож байна” хэмээн TED-ийн илтгэл дээр өвчнийхөө талаар анх дурдаж байв. Түүний дараагийн том тайз өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Польшид болсон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн чуулганы индэр байсан юм.

Удалгүй 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдөр дэлхийн 123 орны нэг сая орчим хүүхэд Гретагийн санаачилсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөдөлгөөнд нэгдсэн юм. Тэд төр засгийн удирдлагуудад санамж өгөхөөс гадна хүлэмжийн хийг бууруулж, бодитой бодлого баримтлахыг эрх баригчдаас шаардаж байв. Шведийн парламентын ордны гадаа модон самбар бариад ганцаараа сууж байсан охин ингэж олон улсын хөдөлгөөнийг эхлүүлж байсан түүхтэй. Энэ бүхний үр дүнд юу болов? 

ГРЕТА ТУНБЕРГ НОБЕЛТОЙ ДҮЙЦЭХҮЙЦ НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛЛОО

Энэ оны гуравдугаар сард 16 настай Тунберг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн юм. Норвегийн социологич Фредди Андре “Тэр цаг уурын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөн өрнүүлсэн нь дэлхийн энх тайванд томоохон хувь нэмэр оруулсан гэж харж байна. Бид ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол дэлхийн дулаарал дайн, мөргөлдөөн, дүрвэгсдийн асуудлын гол шалтгаан болно. Тиймээс бид Грета Тунбергийг нэр дэвшүүлсэн” хэмээн “Guardian”-д ярьжээ. Энэ үйл явдлаас хойш түүний нэр хүнд тасралтгүй өссөн байна.

Ингээд ч зогсохгүй тэр “Time” сэтгүүлийн 2018 оны хамгийн нөлөө бүхий 25 өсвөр насны хүүхдийн жагсаалтад багтаж, “Vogue” сэтгүүлийн есдүгээр сарын дугаарт оролцсон 15 гол баатрын нэгээр шалгарсан юм. Энэ бүх хичээл зүтгэлийнхээ ачаар хамгийн сүүлд Нобелийн шагналын өөр нэг хувилбар болох "Alternative Nobel Prize” олон улсын нэр хүндтэй шагналын эзэн болсныг өнгөрсөн долоо хоногт зарлалаа.  

Түүнчлэн Грета Давос дахь Эдийн засгийн форумд оролцож, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Европын Парламентын төлөөлөгчидтэй уулзаж дэлхийн цаг уурын асуудлаар илтгэл танилцуулаад амжсан. Үүнээс гадна Их Британийн Засгийн газрын гишүүдтэй уулзахаас гадна Францын Парламентаар мөн зочилж байв.

ГРЕТА ТУНБЕРГ ДАРВУУЛТ ЗАВИАР АТЛАНТЫН ДАЛАЙГ ГАТЛАН НЬЮ-ЙОРК ХОТОД ИРЭВ

Наймдугаар сард Грета НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохын тулд нүүрс төрөгч огт ялгаруулдаггүй дарвуулт завиар Атлантын далайг гатлан Нью-Йорк хотод хүрэлцэн иржээ. Европт ихэнхдээ галт тэргээр зорчдог аж. Атлантын далайг гатлах нь түүний хувьд шинэ сорилт болсон байна.

Нарны эрчим хүч болон газар доорх усны хөдөлгүүр ашиглан 13 өдөр явсны эцэст  наймдугаар сарын 28-ны өдөр аав, мэргэжлийн усан цэрэг Борис Херрман болон Пиерре Касирахи, кино бүтээгч Натан Гроссман нарын хамт Нью-Йорк хотноо иржээ.

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалтын үеэр Грета сэтгэл хөдөлгөм илтгэл танилцуулж, дэлхийн удирдагчдыг шүүмжилсэн. Тэрээр “Би энд байх ёсгүй. Уг нь би далайн нөгөө талд сургуульдаа суралцаж байх ёстой. Гэтэл та нар хий хоосон үгээрээ бидний хүсэл мөрөөдөл, хүүхэд насыг хулгайлсан. Харин ч би азтай. Хүмүүс зовж байна. Хүмүүс үхэж байна. Байгалийн экосистем бүхлээрээ нуран унаж байна. Бид амьд ертөнцийн сүйрлийн эхлэл дээр ирээд байна. Харин та нар ердөө мөнгө, эдийн засгийн өсөлтийн тухай үлгэр ярьсаар байна. Яаж ингэж зүрхэлж байна аа?” хэмээн хоолой зангируулан ярьсан юм. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш НҮБ-ын гишүүн байгууллагуудыг 2020 он хүртэл Парисийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, нүүрсний хэрэглээг бүрмөсөн зогсоохыг уриалжээ.  

Грета Тунберг ирэх саруудад АНУ, Канад, Мексик, Чили зэрэг орнуудад болох уур амьсгалын өөрчлөлтийн хуралд оролцохоор төлөвлөж байна. Тэрээр “Өнгөрсөн жилүүдэд олон мянган залуучууд улс орнуудын удирдагчдыг сэрэхийг сануулж, дуу хоолойгоо өргөлөө. Ирэх саруудад болох арга хэмжээнүүд биднийг сонссон эсэхийг харуулах болно. Хэдийгээр энэ аялал урт, сорилттой хэдий ч залуучууд бид тэмцсээр байх болно” хэмээжээ.

Грета Тунберг чимээгүй, бусдаас өөр харагддаг, өвөрмөц нэгэн. Түүний үзэл санаа хүмүүст ямар ч сэтгэгдэл төрүүлсэн байсан тэр зорьсондоо хүрч, дэлхий нийтийн анхаарлыг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хандуулж чадсан. Санаа зовнисон асуудлынхаа төлөө хэрхэн тэмцдэг болохыг өөрийн биеэр үлгэрлэн харуулж буй өсвөр насны энгийн нэгэн охины түүхийг та бүхэнд хүргэлээ. Харин бид одоо байгаль орчноо хайрлан хамгаалж, дорвитой арга хэмжээ авахгүй бол хийсэн алдааныхаа хор уршгийг үр хойчдоо үлдээн, өөрсдөө эх дэлхийг орхиж явах нь хувиа хичээсэн, шударга бус үйлдэл болно.

Грета Тунбергийн TED дээр тавьсан илтгэлийг хүлээн авч үзнэ үү.

#Охид #Эх дэлхий