Гэрлэх саналын үеэр саад болсон ажилтныхаа өмнөөс Дисней компани уучлалт гуйжээ


Сондор | YOLO.MN
2022-06-13

Парисын Диснейлэндэд нэгэн эр хайртай бүсгүйдээ үлгэрийн мэт гэрлэх санал тавьж байхад нь энэхүү газрын ажилтан саад болж буй бичлэг цахим орчинд тарсны дараа компаниас уучлалт гуйжээ.

Ажилтан бөгжийг шүүрэн авч, тэднийг доош буухыг шаардаж буй нь бичлэгт үлджээ.

Бичлэгийг нийтэлснээс хойш Reddit форум сайтад хүмүүс 10,300 гаруй сэтгэгдэл бичиж, уг үйл явдал олны анхаарлыг татсан байна.  Цаана нь нойрсож буй гоо бүсгүйн шилтгээн бүхий өндөр цайз харагдаж байсан ба дурлалт эр хүмүүсийн чанга алга ташилтын үеэр өвдөг дээрээ сөгдөхөд ажилтан тэднийг зогсоохоор яаран иржээ.

Тэр бөгжний хайрцгийг гэнэт булааж авахын өмнө бүсгүй гараа сунган бөгжийг авах гэж байсан нь хүмүүсийн эгдүүцлийг улам төрүүлжээ.

Хэдийгээр цахим хэрэглэгчид хоорондоо санал зөрөлдөж байсан ч хосыг холдуулсан ажилтны царай ихэд баярласан шинжтэй байсанд олон хүн эгдүүцэж, зарим нь түүнийг хийсэн хэргийнхээ төлөө ажлаасаа халагдах ёстой гэж шүүмжилжээ.

Диснейн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ "Түүний гаргасан үйлдэлд бид харамсаж байна. Хосоос албан ёсоор уучлалт гуйсан” гэжээ.

The New York Times сонинд бичсэнээр технологийн салбарт ажилладаг 31 настай эр 26 настай найз бүсгүйдээ гэрлэх санал тавьж байх үйл явцыг нь тасалдуулсанд “Маш их харамсаж байна" гэжээ. Диснейлэнд компаниас тэднийг цэцэрлэгт хүрээлэн, дурын зочид буудалд амралтын өдрүүдээ үнэ төлбөргүй өнгөрүүлэхийг санал болгосон ч тэд татгалзсан байна. Хосууд талбай дээр гарахаасаа өмнө зөвшөөрөл авсан гэж мэдэгдсэн ч Дисней шууд баталж чадаагүй юм.

Эх сурвалж: Today

#Мэдээ