19 настай М.Анхцэцэгт дөрвөн ч улсаас өөрийн тамирчнаа болгох санал иржээ


Үжин | YOLO.MN
2016-11-14

Хүндийг өргөлтийн Ази тивийн аварга, залуучуудын  М.Анхцэцэг "Рио 2016" оны олимпийн их наадамд шагналт VIII байрт шалгарч бахдам амжилт үзүүлсэн. Риогийн дэвжээнд огцом өргөлтөөр 106кг, түлхэлттэй өргөлтөөр 131кг өргөж нийлбэр дүнгээр 237кг өргөж дэлхийн шилдэг найман тамирчны тоонд багтсан.

М.Анхцэцэгийн хувьд залуучуудын дэлхийн аваргын алт, мөнгөн медаль, Ази тивийн аварга цолтой олимпийн наадмын тавцанд хүч үзсэн.

19 настай ирээдүйтэй тамирчин, дасгалжуулагч хоёрт Казахстан, АНУ-аас санал ирсэн талаар Спортын төв ордонд яриа сонстож эхэлсэн. Энэ талаар Ц.Хосбаяр дасгалжуулагчаас лавлахад "АНУ, БНСУ, Казахстан, Үзбекстан гээд дөрвөн улсаас санал ирсэн. Хамгийн өндөр үнийн дүнтэй саналыг БНСУ-ын талаас тавьсан" гэдгийг хэлсэн. Хэрвээ тус улсын тамирчин болох юм бол сарын 12 мянган ам.долларын цалин, гэрээний төлбөрт 500 сая воны санал болгосон ч багш, шавь хоёр татгалзсан хариу өгчээ. Татгалзсан хариу өгсөн болохоороо энэ талаараа ч олон нийтэд мэдэгдэлгүй нам гүмхэн байсан бололтой. 14 наснаасаа эхэлж хүндийг өргөлтөөр хичээллэсэн тэрээр энэхүү спортоор ийнхүү чамгүй амжилтыг гаргаад байна.

Япон улсад өнөөдөр эхэлж буй хүндийг өргөлтийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн рүү М.Анхцэцэг явжээ. Япон улсад болох тэмцээнээ дуусгаад шууд Мексик улсад болох оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорих юм байна.

Дашрамд М.Анхцэцэгт хоёр том тэмцээнд оролцоход нь Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, Номголжин компанийн захирал Алтанцэцэг, Есүүдийн Батууд компанийн захирал Батсайхан нар тусалсныг тамирчин маань уламжилж баярлаж талархаж байгаагаа илэрхийллээ.

#sport #Powerlifting #freetime #World