Gogo.mn, Factcheck.mn хамтран эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл түгээх зорилгоор "МEDТүгээ" нэвтрүүлгийг цувралаар бэлтгэн хүргэж байна.
Өмнөх дугааруудад вакцин тарьж эхэлснээс хойш Монгол Улсад, сошиал хуудаст өрнөсөн ташаа мэдээлэл, зөрүүтэй ойлголтууд, коронавирусийн эсрэг вакцинжуулалт үр дүнд хүрсэн үү, вакцин бидэнд үнэхээр хэрэгтэй юу зэрэг сэдвээр клиникийн доктор, профессоруудтай ярилцсан.
Энэ удаагийн дугаарт Ковид-19 халдварын олон улсын нөхцөл байдлын талаар АШУҮИС-ийн АУС-ийн багш, Монгол-Японы эмнэлгийн эмч М.Бадрах, "Монголын дархлаа, бичил амь судлалын нийгэмлэг"-ийн нарийн бичгийн дарга Анагаах ухааны доктор, дэд профессор С.Чимидцэрэн нартай ярилцлаа.
ДАВЛАГАА ХЭЗЭЭ, ХААНААС Ч ОРЖ ИРЭХ ЭРСДЭЛ БИЙ
Анагаах ухааны доктор, дэд профессор С.Чимидцэрэн "Өмнөд Африк, Хойд Америкийн улсуудад 7 хоногт 500-600 мянган халдварын тохиолдол илэрч, өссөн хэвээр байна. Мөн манай хөрш орнууд болон БНСУ-д өвчлөл, нас баралтын тоо буурахгүй байгаа. Манай орны хувьд тохиолдлын тоо буурсан мэт харагдаж байгаа ч бидний эргэн тойронд халдварын эрсдэл хэвээр бий.
Цар тахлын нөхцөл байдлын судалгаа, шинжилгээ тасралтгүй хийгдэж байна. Судлаачид шинэ хувилбаруудын дахин давлагаа үүсэх эрсдэл байгааг сануулж байгаа. Магадгүй манай улс шиг хүйтэн, сэрүүн уур амьсгалтай оронд 9-10 сард буюу томуугийн улирал эхлэхэд дахин том дэгдэлт гарах эрсдэл байгааг судлаачид хэлж байна.
Анхаарал татсан хувилбарууд гарч байна. Гэхдээ дэгдэлт хэзээ вэ гэдгийг хэлж мэдэхгүй. Давлагаа хэзээ ч, хаанаас ч ороод ирэх эрсдэл байгаа.
Хүн төрөлхтний маш олон халдварт өвчнийг вакцинаар шийдсэн байдаг. Хамгийн анх үхрийн цэцэг өвчин дэгдэхэд маш олон хүн вакцины ачаар халдвараас сэргийлж чадсан. Үүнээс хойш хэдэн, арван зуун жилийн турш вакцины судалгаа хийгдсээр маш олон халдварт өвчин дэлхийгээс устсан. Гэхдээ хүний буруутай үйлдэл, цаг уур, экологийн өөрчлөлтөөс болоод шинээр маш олон халдвар сэргэж байна. Үүнээс хамгаалах өвөрмөц арга нь вакцин" гэв.
ОДОО АЙХ ЦАГ БИШ, ХАЛДВАРААС ХАМГААЛАХ АРГАД СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ
АШУҮИС-ийн АУС-ийн багш, Монгол-Японы эмнэлгийн эмч М.Бадрах "Коронавирусийн эсрэг эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх "Улаан бүс" буугаад хоёр сар өнгөрч байна. Тэгэхээр үндсэндээ бид одоо хүмүүсийн Ковидын халдвартай үгүйг ялгах боломжгүй болсон. Олон нийтийн дунд эмнэлзүйн шинжтэй, өндөр халуурсан, хоолой өвдсөн хүмүүс их байна. Зовууртай хүүхдүүд ч их бий. Энэ нь томуу юу, коронавирус уу гэдэг мэдэгдэхгүй л байна.
Одоо бол халдвар нэмэгдлээ, нас баралт ихэслээ гэж нийгмийн айдас үүсгэх анхааруулга биш шинэ давлагаа орж ирвэл гэр бүл, хамт олноо яаж хамгаалах вэ гэдэгт бэлэн байж, мэдлэгээ дээшлүүлж, эрүүл мэндийн боловсролдоо цаг зав гаргах хэрэгтэй.
Халдварт өвчин бол давдаггүй даваа биш. Шинжлэх ухаан хөгжчихсөн. Бидэнд маш олон боломж байгаа учраас айхаас илүү хэрхэн амархан давах вэ гэдэгтээ анхаарах хэрэгтэй байгаа юм" гэдгийг онцоллоо.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх