Романтик кинонууд хайр дурлалын харилцаанд СӨРГӨӨР нөлөөлдөг


YOLO.mn | YOLO.MN
2022-06-02

Романтик киноны гол дүрийн хосууд үлгэрийн мэт сайхан харилцаатай, бие биедээ үхэхээс ч буцахгүй их хайртайгаар дүрслэгддэг. Судлаачдын үзэж буйгаар энэ төрлийн кинонууд нь таны хайр дурлалын харилцаанд сөргөөр нөлөөлөх боломжтой гэнэ. Яагаад вэ гэдгийг энэ төрлийн киноны төгс жишээ болсон "The Notebook" кинон дээр тайлбарлая. 

БОДИТ БУС ХАРИЛЦАА

Сэтгэл судлаачид болон хосын харилцааны мэргэжилтнүүд "The Notebook" уран сайхны киноны гол дүрийн Allie болон Noah нарын харилцааг "амьдралгүй" хэмээн дүрсэлсэн байдаг. Учир нь тэд нэг нэгнээ таньдаг болоод тийм ч их хугацааг өнгөрүүлээгүй атлаа эрэгтэй нь эмэгтэйгээ явснаас хойш өдөр бүр захидал бичиж, ярианыхаа нэг хэсэгт л дурдаад өнгөрсөн "мөрөөдлийн" байшинг нь барьж өгдөг. 

Ийм үйл явдлыг харуулсан кино их үзэх нь хүмүүсийг бодит амьдрал дээр хамтрагчдаа хэт өндөр шаардлага тавихын зэрэгцээ өөртөө ч өндөр хүлээлт үүсгэх сөрөг талтай байдаг байна. 

NOAH ТИЙМ Ч САЙН ЗАЛУУ БИШ 

Ихэнх хүмүүс энэ киноны гол дүрийн залууг их романтик, сайхан залуу гэлцдэг. Гэвч хосын харилцааны мэргэжилтнүүд түүнийг романтик гэж харахаасаа илүүтэйгээр зан араншин болон үйл хөдлөлүүд нь ихээхэн хүндэтгэлгүй гэж үздэг байна.

Тэр "үгүй" гэдэг хариулт авч сураагүйгээр ч зогсохгүй өөртэй нь болзохгүй бол амиа хорлоно гэж сүрдүүлдэг хүн шүү дээ. Өөрөө замын тэг голд нь хэвтчихээд Allie-г ч бас өөртэйгөө хамт хэвтэхийг хүсдэг. Бодит амьдрал дээр энэ нь их аюултай үйлдэл ч кинонд үнэхээр хөгжилтэй, адал явдалтай үйлдэл хийж буй мэтээр үзүүлдэг. 

Тэдний "романтик" үерхэл яг үнэндээ аль аль талдаа хор хөнөөлтэй байсан. Өөрөөр хэлбэл киноны хэд хэдэн үзэгдэл дээр тэд хоорондоо хэрүүл хийж, нэгнээ цохиж, чангаар орилж, маргалдаж буй талаар харуулдаг. Эдгээр нь "toxic relationship" буюу бие биедээ хор хөнөөлтэй, хүчирхийлэлтэй харилцааны гол шинж тэмдгүүд боловч уг кинонд хосууд бие биедээ маш их хайртай л бол энэ нь байдаг л зүйл гэж харуулсан байдаг. 

Үүнээс гадна оюун бодол нь тогтворжоогүй өсвөр насныхан энэ төрлийн кинонуудыг үзчихээд өөрийнх нь сайн охин/хөвгүүн нь хор хөнөөлтэй харилцааны шинж тэмдгүүдийг гаргаж эхлэхэд нь өөрт нь үнэхээр л хайртай юм байна гэсэн ойлголт авах хандлагатай байдаг. 

ЯГ ҮҮН ШИГ...

Мэргэжилтнүүд “Dirty Dancing”, “Grease”, “Notting Hill”, “The Lobster” зэрэг ер нь л иймэрхүү агуулга, үйл явдалтай, хэт "романтик" кинонууд үзэхгүй байхыг зөвлөдөг. Та эдгээр кинонуудыг үзээд шуудхан л хамтрагчаасаа ихийг хүсээд, галзуу үйлдлүүд хийгээд байхгүй ч таны далд ухамсарт тань өндөр хүлээлт, шаардлага тавих хандлага сууж байх аж. 

ТЭГВЭЛ БИД ЯМАР КИНО ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ? 

Судлаачдын үзэж буйгаар хамгийн эрүүл харилцааг “Annie Hall”, “La La Land”, “Bridget Jones’s Diary” зэрэг кинонуудаас харах боломжтой гэнэ. Эдгээр кинонуудад хосын харилцааг бодит байдал дээр тулгуурлан харуулсан бөгөөд киноны гол дүрүүд нь асуудалтай нүүр тулсан ч хамтрагчтайгаа ярилцаж, харилцаагаа авч үлдэхийг хичээж буйгаараа онцлог юм.

Эх сурвалж: Bright Side

#Кино урлаг