Цар тахлын улмаас цөөнгүй залуусын гадаадад суралцах төлөвлөгөө бүтэлгүйтсэн ч зарим нэг нь хичээлдээ цахимаар оролцож байгаа билээ. Тэгвэл тэдгээр оюутны төлөөлөл болох Б. Оюунсувдтай энэ талаар ярилцсаныг хүлээн авна уу.
YOLO: Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Уншигчдад маань өөрийгөө болон сурч буй сургуулиа товч танилцуулаач.
- Сайн байцгаана уу? Намайг Бат-Эрдэнийн Оюунсувд гэдэг. Би 19 настай. АНУ-ын Пеннсилвани мужийн Вашингтон, Жефферсоны коллежийн нэгдүгээр курсийн оюутан. Манай сургууль зөвхөн бакалаврын зэрэг олгодгоороо онцлогтой. Харин би Неврологи буюу мэдрэл судлалын чиглэлээр суралцаж байна.
YOLO: Сургуульдаа элсэхэд ямар нэгэн бэрхшээл тулгарсан уу?
- Вашингтон, Жефферсоны коллеж нь Pre-med буюу анагаахын чиглэлээр суралцахын өмнө сурдаг сургууль. Энэ төрлийн сургууль дундаа их алдартай. Сургуульдаа өргөдлөө илгээхэд бусад хүүхдүүдэд тохиолддог бэрхшээлүүд тулгарсан уу гэвэл тийм. Гэхдээ тэдэнтэй харьцуулахад арай бага байсан гэж бодож байна.
YOLO: Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн биеэр очиж суралцахгүй болсон нь харамсалтай. Гэтэл Европ болон Азийн зарим улсад сурах оюутнууд элсэхээр явцгаасан байна. Америк руу зорчих боломжгүй байгаа нь ямар учиртай вэ?
- Намайг сургуульдаа элсэх үед манай улсад халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж байсан. АНУ-ын виз олгох хэлтэс ч хаагдчихсан байсан. Хичээлийн эхний улирал эхлэхээс гурван сарын өмнө визээ авах ёстой байсан ч дээрх шалтгааны улмаас боломжгүй болсон учраас эхний жилийн хичээлээ цахимаар үзье гэж шийдсэн юм.
YOLO: Өө, тун харамсмаар юм. Гэхдээ хичээлдээ хангалттай хэмжээнд оролцож чадаж байгаа биз дээ?
- Хичээлдээ биеэр очиж суух байсантай харьцуулшгүй л дээ. Гэхдээ одоогоор АНУ-д байгаа оюутнууд ч хичээлээ цахимаар үзэж байна. Тиймээс бүхий л оюутнууд хичээлээ цахимаар үзэж байгаа болохоор ялгаа гараагүй. Химийн лабораторийн хичээлдээ очиж дадлагажих боломжгүй нь харамсалтай ч туслах багш нар лабораторидоо бичлэг хийгээд илгээж байгаа нь их хөөрхөн санагдсан.
YOLO: Ямар цахим талбар дээр хичээллэж байна? Хичээлээ хийх үеэр ямар нэгэн техникийн асуудал үүссэн үү?
- Англи, франц хэл, сэтгэл зүй гэсэн гурван хичээл Zoom-ээр, хими Microsoft Teams-ээр ордог. Манай Монголын интернет үнэхээр “сайхан” гацна. Миний яриа бүр хэдэн секундийн хойно явж байдаг. Бүр болохгүй бол 3G-ээ ашигладаг. Гэхдээ багштайгаа ойлголцоод хичээлдээ идэвхтэй оролцдог л доо.
YOLO: Хэзээ Америк тив рүү очиж “жинхэнэ” хичээлдээ оролцох боломжтой байгаа вэ?
- Хичээл наймдугаар сарын 15-нд эхлэх хэдий ч түрүүлж очоод орчинтойгоо танилцах үүднээс нэг сарын өмнө буюу долдугаар сарын 15-нд очих төлөвлөгөөтэй байна.
YOLO: Чи бүтэн тив дамнаж сурч байна шүү дээ. Цагийн зөрүү хэр нөлөөлж байна?
- Цагийн зөрүү их нөлөөлдөг. Би шөнөдөө гэрээсээ ганцаараа сэрүүн байж хичээлдээ суучхаад өдөр нь мөн л ганцаараа унтаж амардаг. Нийгмийн амьдрал маань бараг л байхгүй болсон. Америкийн цагаар амьдарч байгаа учраас Монголд байдаг найзуудтайгаа уулзаж, ярилцаж ч чадахгүй байгаа юм.
YOLO: Нөхцөл байдал сайжирч удахгүй хээрийн галуу нисэн үл хүрэх газар луу, алс холын Америк орон руу явна шүү дээ. Энэ талаар эцэг эх, найз нөхөд чинь ямар байр суурьтай байгаа вэ?
- Хүсэж байсан мэргэжил, хүсэж байсан сургуульдаа суралцаж байгаа болохоор бүгд л миний өмнөөс их баяртай байгаа шүү.
YOLO: Чам шиг АНУ-д сурахыг хүсэж байгаа хүүхдүүд цөөнгүй. Ярилцлагын төгсгөлд тэдэнд хандаж зөвлөгөө өгвөл...
- Сургуульдаа элсэх үед зүгээр л буугаад өгчихмөөр үе цөөнгүй байсан. Улсын сургуулийн хүүхэд агуу том АНУ-д суралцана. Сургууль, сургууль дундаа үнэтэйд тооцогддог сургуульд сурна. Хамаг байдгаа ухаж байж эсээгээ бичнэ гээд хэцүү зүйлс их байсан. Сургуульдаа элсэх гол шалгуур болох англи хэлний шалгалтдаа сайнгүй дүн авах үед шууд л “Буугаад өгчихье” гэж бодогдоно. Гэхдээ маргааш нь “Би чадна шүү дээ, ийм хол явчхаад” гэж бодоод тууштай явсан. Хичээлүүд мэдээж бүгд гадаад хэл дээр ордог учраас бас л хэцүү. Гэсэн ч өөртөө урам өгөөд “Би чадна” гэж гүрийгээд л явах хэрэгтэй гэж боддог. Бүтэхгүй байсан ч битгий бууж өгөөрэй. Оролдоод л байх хэрэгтэй шүү.
YOLO: Чамд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх