Оюутнууд төсөл бичин 29-р сургуульд 27 сая төгрөгийн мөнгөн бус тусламж авч чаджээ


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-05-17

Зориг сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогчид “Өөрчилье” төсөл хэрэгжүүлж 29-р тусгай сургуульд хамтрагч байгууллагуудаас 27 сая төгрөгийн мөнгөн бус хэлбэрээр тусламж авч чаджээ.

Зориг сан дээрх хөтөлбөрийн хүрээнд нийт 1200 орчим оюутныг хамруулж, нийгмийн хөгжлийн 140 гаруй бичил төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр 60 оюутанг 2 үе шаттайгаар шалгаруулан авдаг ба сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж байгаа ч санхүүгийн ямар нэгэн асуудлын улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвх оролцоог дэмжих зорилготой. Тус хөтөлбөрийн  2 дугаар багийн оролцогчид "Өөрчилье" төслийг хэрэгжүүлжээ.


Төслийн тухай

Уг төсөл нь 29-р тусгай сургуулийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсролыг хүртээмжтэй олгохын тулд тус сургуулийн технологийн танхим, мэдээлэл зүйн кабинетийг шинэчлэн тохижуулж, код бичих сургалт болон инженерчлэлийн төрлүүд, танилцуулга хичээл зэргийг зохион байгууллаа. “Өөрчилье” төслийн хүрээнд Мэдээлэл зүйн кабинет хөгжүүлэхэд АНУН ХХК компаниас сурагчийн ширээ, сандал багш ширээ,  Ай Ти Зон болон Dell technologies компаниуд хамтран 10 суурин компьютерын тусламж үзүүлэн өөрчилье төсөлтэй хамтран ажилласан байна. Нийт дээрх байгууллагуудаас 27 сая төгрөгийн мөнгөн бус хэлбэрээр тусламж үзүүлсэн байна.


Төслийн хаалтын үйл ажиллагаанд Зориг сан болон төслийн хамтран дэмжигч байгууллагуудын төлөөлөл оролцжээ.

 

#Мэдээ