YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би хэн нэгэнтэй тухтай ярилцаж чадахгүй байна
Сайн байна уу? Би 16 настай. Би өнгөрсөн 9 сард шинэ сургуульд орсон юм. Эхэндээ шинэ сургууль, шинэ хүүхдүүд, шинэ орчин гээд дасахад нэлээн хугацаа орно гэдгийг мэдэж байсан л даа. Гэхдээ ийм удаан байна, хэцүү байна гэж төсөөлсөнгүй. Эхний 3 сар үнэхээр хэцүү байсан. Ярилцах ч хүн байхгүй хүүхдүүд надаас дөлөөд ч байгаа юм шиг санагдсан. Гэнэт л баахан асуудлууд толгой дээрээс нэг нэгээрээ буугаад ороод ирсэн. Тэгээд 5 сар болж байж арай гэж бага багаар дасаж эхлэсэн. Тэгсэн хэр нь би хэн нэгэнтэй яриа өрнүүлэх дээ маш муу болчихсон. Тэнэг юм яриад ч байх шиг, тэр хүнд зүгээр л би таалагдахгүй байгаа юм шиг санагддаг. Өмнө нь би иймэрхүү асуудалд санаагаа чилээж байсан удаа байхгүй. Дасахад цаг ордог ч хэзээ ч ийм хэцүү байдаггүй байсан. Эсвэл би том болоод өөрийгөө introvert гэдгээ мэдэж эхэлсэн, засах гэж хүчилсэн болохоор хэн нэгэнтэй ярих хэрэгтэй гэж өөрийгөө шахаад хэн нэгэнтэй яриа өрнүүлэхээс зайлсхийдэг болсон байх. Хамгийн гол нь би шинэ найзуудынхаа хажууд хэтэрхий биеэ бариад, эвгүй байгаад байх шиг байна. Хоёулханаа юм ярьж байвал жоохон байж байгаад л юу ярих вэ, хурдан салах юмсан ч гэж бодоод, буруу юм хэлчихвий гээд санаа зовоод ерөөсөө нэг л тухтай байж чаддаггүй. Уул нь танилцаад 7 сар болох гэж байхад шүү дээ. Гурвуулаа байхдаа ярихад зүгээр мөртлөө хоёулханаа үлдэхээр нэг л өөр, тухгүй байдаг. Яагаад юм бол? Би хүнтэй тухтайхан суугаад юунд ч санаа зоволгүй инээгээд яриад л суумаар байх юм. Уг нь тийм том зүйл биш, хүндээр тусгаж авахгүй байхыг хичээж байгаа ч болохгүй л юм. Би яагаад ийм болчихов оо? Яаж хэн нэгэнтэй тухтай ярилцаж сурах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө битгий их хүчлээрэй
Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Шинэ орчинд дасахад цаг хугацаа орсныг ойлголоо. Өмнө нь хэр байсан бэ гэдгээ бодоод үзээрэй, үнэхээр л дотогшоогоо хүн болохоор ярилцдаггүй байсан уу эсвэл шинэ орчны нөлөө болохоор уу? Хүний зан чанар харьцангуй тогтмол болохоор өмнөх ангидаа ямар байсан бэ? гэдгээ өөрийн одоотойгоо харьцуулж үзэх нь оновчтой байх болов уу. Магадгүй орчны өөрчлөлттэй холбоотой өөрчлөлт ч байж мэдэх юм. Бодлууд чинь үнэхээр бодит байдал байна уу эсвэл өөрөө үүсгэж байна уу гэдгийг ажиглаарай. Найз нөхөд чинь чамд тэнэг юм яриад байна, эсвэл таалагдахгүй байна гэж хэлж байсан тохиолдол бий юу? Тэнэг юм ярих нь тийм буруу зүйл үү? Энэ бүхэн хэт өөр дээрээ төвлөрсөн алдаатай бодол байж болно шүү.
Өөрийгөө хэт хүчлээд байгаа юм биш биз? Зарим үед заавал ярилцах албагүй гэдгийг санаарай. Үргэлжид юу хэлэхээ бодох нь магадгүй улам л харилцахад хэцүү болгож байж мэдэх юм тиймээс ярихынхаа оронд сонсох гэж үзээрэй. Дараа найзтайгаа хоёулаа үлдэх үедээ юу ярих талаар битгий бодоорой заримдаа ярилцахгүй байх нь ч харилцааны нэг хэсэг шүү. Түүний оронд гүнзгий амьсгаа авч өөрийгөө тайвшруулаарай. Бид түгшүүр, сандрал мэдрэх үед бодолдоо автах нь бий. Тиймээс амьсгалын дасгал нь цусны даралтыг бууруулан, тархинд хүчил төрөгч өгч илүү тайвшруулан бодлыг одоо цагт авчирдаг. Үг хэлэх, ярилцах гэхээс илүүтэй нөгөө хүнээ сайтар ажиглаарай мэдээж түгшүүр мэдэрч буй үед энэ нь хэцүү ч бусдыг ажиглах юм бол сонирхолтой зүйлс их байдаг шүү. Хүмүүс өөрийг нь сонсоход дуртай байдаг тиймээс юу хэлэх вэ гэдгээ үргэлж бодоод байх юм бол бусдын юу хэлж буйг сонсож чадахгүй. Ярьсан зүйлийг нь сайтар сонсох юм бол магадгүй сонирхолтой асуумаар зүйл гарч ирж болох юм. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач Д.Идэрцог
АСУУДАЛ: Миний байгаа байдал надад таалагдахгүй байна
Сайн байна уу? Би анги хамт олонтой байж үзээгүй, үерхэл хайр дурлалын тал дээр маш муу байсаар 12 жилээ өнгөрөөсөн. Арван жилээ төгсөөд их сургуульд орсон. Эхний жил бас л огт найз нөхөдгүй ганцаараа явсаар л дууссан. Одоо хоёрдугаар курс. Өмнөхөөсөө дээрдсэн гэж бодож байна. Гадаад дотоод байдлын хувьд л даа. Гэхдээ л ганцаардмал, нийтэч биш, хүнтэй ярихаас айдаг, айл хэсэх дургүй, эсрэг хүйстнийхээ учрыг олдоггүй, айдаг хэвээрээ. Яриа хөөрөө муутай, өөртөө яг ч бүрэн сэтгэл хангалуун биш, хувийн амьдралын тал дээр тааруу. Аливаа үйлдэл хийх зориггүй, элдэв зүйлд санаа зовсон эмзэг, өөрийгөө онцгүй гэж боддог бас муухай бичдэг. Эрүүл мэндийн /гоо зүйн талаасаа/ асуудалтай, өөрийгөө бусадтай харьцуулдаг, ганцаардмал хэвээрээ л байна. Асуудал минь багассан ч үе үе бараг өдөр бүр сэтгэлээр унаад л буцаж зүгээр болоод л. Арай л биш байна аа. Яаж нийтэч, хамт олонтой, эрэгтэй найзтай, яриа хөөрөөтэй өөдрөг болох вэ?
ЗӨВЛӨГӨӨ:Өөрийнхөө үнэ цэн, бодол, мэдрэмжийг анзаараад үзээрэй
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Бусадтай нээлттэй, чөлөөтэй харилцахыг хүсэж байгааг нь ойлголоо. Дийлэнхдээ яг юу тохиолдсон үед сэтгэлээр унаж байгаагаа мэдэрч байгаа вэ? Ямар бодол чамд төрсөн үед энэ мэдрэмж чамд төрж байна вэ? Үүнийг тодорхойлон бичээрэй. Захидлаас уншихад, өөрийгөө буруутгасан, өөрийгөө таагүй байдлаар үнэлж тодорхойлсон өнгө аястай үгс нэлээдгүй ажиглагдлаа. Чиний хувьд бусадтай харилцахад, дотно найз нөхөдтэй болоход юу чухал гэж бодож байна вэ? Захидалд дурдсан зүйлс хэр чухал вэ? Жишээлбэл, муухай бичдэг байх нь бусадтай харилцах харилцаанд хэр зэрэг хамааралтай бол?Мөн захидлаас уншихад, бусад хүмүүс чамтай харилцахад ямар байх бол гэдэгт санаа зовж байгаа юм шиг санагдлаа. Гэвч харилцаанд аль аль талуудад төрж байгаа мэдрэмж чухал шүү дээ. Тийм учраас бусад хүмүүст чи таалагдаж байна уу? Үгүй юу гэхээсээ илүүтэй бусад хүмүүс чамд таалагдаж байна уу? Үгүй юу гэдгийг анзаараад үзээрэй. Учир нь чи ч гэсэн чухал, үнэ цэнтэй хүн шүү дээ. Тиймээс өөрийнхөө үнэ цэн, өөрийнхөө бодол, мэдрэмжийг анзаараад үзээрэй.
Түүнчлэн өнгөрсөн жилийнхээс гадаад болон дотоод байдлыг хувьд дээрдсэн гэж бичжээ. Чамд ямар сайн өөрчлөлтүүд гарсан бэ? Түүнийгээ жагсаан бичээрэй. Чи хичээсэн учраас сайн өөрчлөлтүүд гарсан шүү дээ. Өөрийнхөө хичээл зүтгэлийг үнэлэхийг хичээгээрэй. Магадгүй чамд удаан санагдаж байж болох ч өөрчлөлт гэдэг өөрөө хугацаа шаардагдана. Тиймээс яаралгүй тайвнаар бусадтай харилцах харилцаа болон өөртөө хандах хандлагаа эерэгжүүлэхийг хичээгээрэй.
Бусадтай түрүүлж яриа эхлүүлэхдээ дараах сэдвүүдээр ярих боломжтой. Тухайлбал, хобби, сонирхдог зүйл, үздэг кино, аяллаар явж байсан түүх гэх мэтийг асууж ярилцах боломжтой. Эдгээр сэдвүүдийг үргэлжлүүлэн дэлгэрүүлж асууж ярилцах, яриаг нь таслахгүй анхааралтай сонсох, ярьж дууссаны дараа өөрийнхөө бодол, мэдрэмж, тухайн сэдвийн хүрээн дэх туршлага зэргээ илэрхийлж харилцан ярилцах боломжтой шүү. Чамд амжилт хүсье.
АСУУДАЛ: Эгчийн хүүхдийн хүмүүжил гэртээ байх дургүй болгож байна
Сайн байна уу? Би 2-р курс, хотод эгчийндээ амьдардаг. Эгчийн маань хүүхдийн хүмүүжил нь их доголдолтой болохоор намайг байнга өдөж зодох нь холгүй байдаг. Би энд ирснээсээ хойш бараг өдөр бүр уйлж байна. Өөр газар амьдрах гэхээр мөнгө байхгүй, дотуур байранд орох гэхээр манай сургуулийн дотуур байр үнэхээр таалагддаггүй, би өөрөө тэнд долоо хонож үзсэн. Эгчдээ хүүхэд чинь зодоод байна гэхээр тоодог ч үгүй. Би зодуулах ёстой юм шиг л байпаг. Тэгээд гадуур ихэнх цагийг өнгөрүүлээд орой гэртээ ирдэг юм. Ирээд л хүүхдэд өдүүлээд уйлдаг. Би энэ асуудлаас болж хичээлээ ч хийж чадахгүй байнга стрессдэж хэцүү байна. Ээж аавдаа хэлэхээр "Мөнгө байхгүй ээ, наанаа тэс" гэдэг. Би яах вэ? Үнэхээр хэцүү байна. Уг нь сургуулийн дотуур байранд байснаас энд байсан нь арай л дээр байдаг юм. Надад туслаж зөвлөгөө өгөөч гэж хүсэж байна.
ЗӨВЛӨГӨӨ: Тухайн хүүхдийг ойлгох гэж мөн өөрийгөө ойлгуулах гэж хичээх нь ач холбогдолтой
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Өөрийнхөө амьдарч байгаа газраа аль болох тайван байхыг хүсэж байгааг нь ойлголоо. Өөртөө төрж байгаа мэдрэмжээ бусдад илэрхийлж байгаа нь сайн байна. Гэсэн ч чамд төрж байгаа мэдрэмжийг бусад хүмүүс ойлгоосой гэж хүсэж байгаа юм шиг санагдлаа. Эгчийнх нь хүүхэд хэдэн настай вэ? Захидалд тэр хүүхэд чамайг өдөж, зодох нь холгүй гэж бичжээ. Тэр хүүхэд чамайг хэрхэн өддөг вэ? Ямар учраас чамд ингэж хандаж байна гэж бодож байна вэ? Та хоёр энэ талаар хоорондоо ярилцаж үзсэн болов уу? Чи тэр хүүхдэд энэ нь чамд таалагдахгүй байгаа гэдгийг хэрхэн илэрхийлж байсан бэ? Тэр хүүхэд чамд ямар санагдаж байгааг ойлгосон болов уу? Хэрэв ярилцаж үзээгүй бол энэ талаарх хоорондоо ярилцахыг хичээгээрэй.
Мөн чи эгчийндээ амьдарна гээд аль хэдийнээ шийдчихсэн байгаа юу? Хэрэв тийм бол энд амьдрахын тулд чи өөрийнхөө зүгээс тэр хүүхэд чамд саад болохгүй байж болох ямар нөхцөлийг бүрдүүлэх боломжтой вэ? Мөн тэр хүүхэд чамд саад болоход чи юу хийж өөрийгөө тухайн нөхцөл байдлаас холдуулж болох вэ? Эдгээрийг тодорхойлоорой. Мөн хүмүүс нэг нэгэндээ дасаж, хамт амьдрахад тодорхой хугацаа шаардагддаг. Магадгүй та хоёр нэг нэгнээ ойлгоход тодорхой хугацаа хэрэгтэй байгаа ч юм билүү. Тиймээс яаралгүйгээр тухайн хүүхдийг ойлгох гэж мөн өөрийгөө ойлгуулах гэж хичээх нь ач холбогдолтой юм шүү. Чамд амжилт хүсье.
АСУУДАЛ: Эмэгтэй хүнд татагддаг гэдгээ мэдээд удаагүй ангийнхаа охинд сайн болчихлоо
Сайн байна уу. Би 16 настай, эмэгтэй. Одоогоос 3 жилийн өмнө өөрийгөө эмэгтэй хүнд татагддаг гэдгээ анх мэдэж байсан юм. Гэтэл сар гаруйн өмнөөс би ангийнхаа нэг охинд сайн болчихсон. Эхэндээ түүнийг хөөрхөн болохоор нь л ингээд байгаа байх гэж бодсон ч тэр бусад хөөрхөн охидуудаас өөр мэдрэмж өгдөг. Тэр өмнө нь эрэгтэй хүнтэй үерхэж байсныг мэдэх болохоор намраас хойш сайн болж болохгүй гэж үнэхээр хичээсэн ч чадаагүй. Нэг л мэдэхэд түүнд сарнай цэцэг авч өгнө гээд мөнгө хадгалдаг болчихсон байна лээ. Нууцаар зургийг нь авч, аль болох ойрхон байх гээд л, инээхийг нь харах гэж тэнэг үйлдлүүд албаар хийж, хэзээ ч уншихгүй үгсийг нь түүний зургаар дүүрсэн инстаграмм хаягт бичнэ. Юуны төлөө гэдгээ л мэдэхгүй юм. Бас яах ёстойгоо мэдэхгүй байна. Дотроо надад ямар ч боломж байхгүй гэдгийг мэдэж байгаа ч түүнээс больж чадахгүй нь. Нэг ангид ороод аль хэдийнээ 8 сар өнгөрсөн байхад би одоо ч яриа өдөхөөс бага зэрэг бишүүрхдэг. Тийм болохоор адаглаад найзууд болох магадлал ч бага. Сайн гэдгээ хэлэх хэрэгтэй болов уу? Эсвэл зүгээр л энэ хэвээрээ байж байгаад цаг хугацааны аясаар мартагдана гэж хүлээх үү?
ЗӨВЛӨГӨӨ: Шууд сэтгэлээ илчлэхээс илүүтэй харилцаа тогтоож эхэлбэл олон асуултын хариултыг олж болох юм
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Сэтгэлээ илчлэх эсэхдээ эргэлзэж байгааг чинь ойлголоо. Захидлаас уншихад, тэр охинтой танилцаад 8 сар болж байна гэж ойлголоо, зөв үү? Чи тэр охины талаар хэр зэрэг мэдэх вэ? Тэр охинтой хэр их ярилцаж үзсэн бэ? Юуны түрүүнд тэр охинтой илүү сайн танилцахын тулд энгийн яриа өрнүүлж ярилцаад үзвэл ямар вэ? Мөн мэдрэмжээ илэрхийлэхээ битгий зогсоогоорой. Заавал сайн гэдгээ хэл гэсэн утгаар биш юм шүү. Түүний талаар бичиж байгаа чинь хүчтэй мэдрэгдэх мэдрэмжээ гадагш илэрхийлж буй нэг хэлбэр юм шүү. Сэтгэлээ илчлэх эсэх нь чиний сонголт гэдгийг ойлгоорой. Мэдрэмжээ илэрхийлээд хүссэн зүйлдээ хүрэхгүй байж ч болно. Магадгүй шууд сэтгэлээ илчлэхээс илүүтэй харилцаа тогтоож эхэлбэл олон асуултын хариултыг олж болох юм. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач Д.Идэрцог
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх