МУИС-ийн оюутнууд спортын 16 төрлөөс сонгон судлах боломжтой


Б.Дариа | YOLO.MN
2022-05-13

Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсгүүдийн нэг. Оюутан залуус МУИС-ийн хичээлийн байруудаас номын сан, хоолны газар, дэлгүүр, автобусны буудал хооронд нааш цааш холхилдон, хэд хэдээрээ, хэсэг хэсгээрээ цаг нь дөхсөн шалгалт шүүлгээ ярин бужигналдана. Өнөөдөр тэд бүр ч олуулаа болжээ. Учир нь энд МУИС нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж буй аж.

Өдөрлөгийн үйл ажиллагааг номын сан, хичээлийн 1, 2-р байр, гадаах талбайд гээд үндсэн 8 хэсэгт явуулж байх ба ихэнх оролцогчид нь формоор жигдэрсэн ахлах ангийн сурагчид байв. Эдгээр сурагчид тун удахгүй ЭЕШ-аа өгөөд мэргэжлээ зөв сонгохын тулд бас их сургуулийн дөрвөн жилээ МУИС-д сурч өнгөрүүлэх боломжийг эрэлхийлэн иржээ. Оролцогчид алба, нэгжийн үйлчилгээ, мэдээлэл, зөвлөгөөнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой байсан ба сэтгэл зүйн зөвлөгөө, мэргэжил сонголттой холбоотой асуудлаа мэргэжилтнээс асууж зөвлөгөө авч байсан юм.

"Энэхүү өдөрлөг нь Монгол улсын их сургуулийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй онцлох арга хэмжээнүүдийн нэг. Бид уг өдөрлөгөөр МУИС-ийн явуулж буй үйл ажиллагааны тайлан мэдээг нээлттэй мэдээлэх, төгсөх ангийн сурагчдад элсэлтийн процесс, ерөнхий мэдээлэл, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө өгөхийг зорьж байна" гэж МУИС-ийн элсэлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Наранцогт хэллээ.

Нээлтийн үйл ажиллагаа, урлагийн тоглолт үзэж сонирхсон оролцогчид тусгайлан бэлдсэн зураг авалтын талбайд зургаа авахуулж, гадаа талбайд зассан жижиг тайзан дээр чөлөөт үйл ажиллагаанд оролцон дуулж, хөгжилдөж ч амжлаа. 

Өдөрлөгт оролцогч 122-р сургуулийн төгсөх ангийн сурагч А.Ичинхорлоо "Үйл ажиллагааны мэдээллийг сургуулийн менежерээсээ аваад шууд ирсэн. Учир нь би МУИС-д эрх зүйн чиглэлээр суралцахаар сонирхож байна. Сургуулийн орчин нь таалагдлаа, салбар сургууль, тэтгэлгүүдийн мэдээлэл авлаа. Баярлалаа" хэмээн талархаж байсан юм.

Үйл ажиллагаа алба нэгжүүдийн танилцуулгаар үргэлжлэх ба элсэгчдийн хамгийн түгээмэл асуулт оюутны тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг, боловсролын зээл, сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг үйлчилгээнүүдийн танилцуулга, мэдээлэл зөвлөгөөг өгөхөөр оюутан, төгсөгчийн хэлтэс сурагчидтай уулзаж байв. Цаашилбал холбогдох алба нэгжүүд бакалаврын өдөр, орой эчнээ, магистр, доктор, салбар сургуулиуд, лабораториудын танилцуулга, МУИС-д элссэнээр нэгдэж болох оюутны болон спортын клуб гэх мэт мэдээллийг сурагчдад нээлттэй өгч буй нь "нэг цэгийн мэдээллийн үйлчилгээ" мэт санагдаж байлаа. 

Ингээд 3 хоногийн өмнө хаалтаа хийсэн оюутны спортын V наадамд тэргүүлсэн МУИС-ийн Биеийн тамирын танхимын эрхлэгч Л.Эрдэнэпүрэвтэй МУИС-ийн спортын бодлого үйл ажиллагааны талаар ярилцсан юм. "Манай сургуулийн спортын хичээлүүдийн онцлог бол оюутан биеийн тамир гэхээр заавал сагсан бөмбөг, гар бөмбөгөөр хичээллэх албагүй, аэробек, cheerleading (хөгжөөн дэмжих), таеквондо, бүжгийн спорт, туялзуур сэлэм, гимнастик, усанд сэлэлт зэрэг 16 төрлөөс сонгон судлах боломжтой байдаг. Туялзуур сэлмээр анх 14 хүүхэдтэй анги хичээллэж төгссөн. Тэдгээр сурагчид МУИС-ийн туялзуур сэлэмний клуб байгуулан сонирхогчдын тэмцээнд оролцож нэг оюутан дасгалжуулагчаар ажиллахаар болсон. Мөн боксын мэргэжлийн тамирчинтай болсон түүх бий.Монголын саяхан оюутны спортын наадамд МУИС-ийн 120 оюутан 101 медальтай багийн дүнгээр тэргүүлсэн амжилт үзүүллээ.

Мөн онцлох нь 21 дэх оюутны лигийн сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд хүрэл медаль эрэгтэй төрөлд хоёр жил дараалан аваргалсан анхны тохиолдол болсон юм. Бид шинээр элсэгчдийн дунд оюутны намрын спартакиадыг жил бүр 6 төрлөөр зохион байгуулж байна. Энэ нь МУИС-ийн шигшээ багт тоглох эрхийн төлөөх сонгон шалгаруулалт болдог. Үүнд жилд дунджаар 200 орчим оюутан оролцдог ба шигшээ багт 4-6 тамирчин шинээр элсэн орох боломжтой байдаг" хэмээн хэлсэн юм. 

(Зургийг МУИС-ийн MBM ШОНХОРУУД БАГ фэйсбүүк хуудаснаас авав)

Мөн МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд ахлах ангийнханд зориулсан ЭЕШ-д бэлтгэх “Мэдлэгээ хуваалцъя” үнэ төлбөргүй сургалтын бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа болж сурагчид мэдлэгээ солилцон, шалгалтад хамтран бэлдэх боломжтой болсон юм.

#Мэдээ