Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөлд 3200 хүүхэд залуус хамруулжээ


Б.Дариа | YOLO.MN
2022-05-05

Орон нутгийн хүүхэд, залууст орон нутагтаа үлдэж ажиллах, бизнес эрхлэх хэрэгцээ шаардлага бий. Тэгвэл энэ хэрэгцээнд үндэслэн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх хувь хүний ур чадварууд, энтрепренершип сэтгэлгээ, бүтээлч хандлагыг дэмжих  “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Хүүхдийг Ивээх Сан, Боловсрол Шинжлэх Ухааны Яамтай хамтран зохион байгуулж буй тус төслийн явцын үр дүнг хэлэлцэх "ХАРИЛЦАН СУРЪЯ-ХАМТДАА БҮТЭЭЕ" үндэсний семинар тавдугаар сарын 5-6-ны өдрүүдэд болж байна. 

Төслийн хэрэгжилтийн дунд шатанд төслийн зүгээс орон нутгийн хүүхэд, залуучуудын онцлог хэрэгцээнд тохирсон И Эс Эл (ESEL) сургалтын хөтөлбөрийг боловсруулж, зорилтот сумдын ерөнхий боловсролын сургууль болон насан туршийн боловсролын төвд суралцдаг 14-25 насны 3,200 гаруй хүүхэд, залуучуудыг сургажээ.

Төслийн тухайд УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан "Төслийг таван аймгийн алслагдсан 25 суманд 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Тус төслийг Монгол Улсын бүх мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Их дээд сургууль, ЕБС төгсөж байгаа хүүхдүүддээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Хүүхдүүдэд хөдөлмөрийн зах зээл дээр өөрийнхөө ажлын байрыг бий болгох, амьдралд бэлтгэх, төлөвшил, мэдлэг чадвар дээр суурилсан цогц чадамжийг бид эзэмшүүлэх хэрэгтэй. 21-р зууны боловсролын гол зорилго нь мэдэхийн тулд сурах биш бүтээлчээр сэтгэж, хийж чадахын тулд сурахад оршиж байна" гэсэн юм.

Мөн И Эс Эл хөтөлбөрт хамрагдаж, энтрепренер болон өсөлтийн сэтгэлгээгээ хөгжүүлж, багаар ажиллах, санхүү, бизнес төлөвлөлт, дижитал мэдлэг, хувь хүний ур чадвараа нэмэгдүүлсэн хүүхэд, залуучуудад мэдлэг, чадвараа бодит амьдрал дээр хэрэгжүүлэн туршиж үзэх боломжийг олгох зорилгоор  “Сумын шарк танк” бичил төслийн уралдаан зарласан ба энэхүү уралдаанд 692 хүүхэд залуучууд баг болон оролцсоноос шалгуураа хангасан 57 бичил төсөл санхүүжилт авч, орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж буй аж.

Төслийн менежер Ё.Нямдаваа "Бид таван бүсээс сумдын эдийн засаг, хүн амын үзүүлэлт, сургуулийн орчин, нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж зайлшгүй шаардлагатай гэж үзсэн алслагдсан сумдаас сонгосон ба ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчид, насан туршийн боловсролын 14-25 насны чин эрмэлзэлтэй, сурах хүсэл сонирхолтой хүүхэд залуучууд хамрагдаж байна. Төсөл маань 2023 он хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн семинарын үр дүнгээс харахад төслийн төгсгөлд бидний хүссэн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал Ховд аймгийн Булган суманд хэрэгжиж буй "Locker" гэж төсөл бий. Уг төсөлд хүүхдүүд хүнд ном дэвтэр, цүнхээ locker түрээслэн үлдээх боломжтой хэсгийг бий болгосон. Энэ мэт хүүхдүүд өөрсдөө эргэн тойронд буй асуудлыг олж харж, тэрэндээ шийдэл хайж олох, багаар ажиллах, өөрийгөө танин мэдэх гээд олон чадварыг олж авч байна" гэсэн юм.

Говьсүмбэр аймгийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны газрын дарга А.Зургаанжин "Энэ хөтөлбөрийн онцлог нь орон нутагт ажиллах хүч, ажлын байрыг бий болгож, өсвөр насны хүүхдүүд, насан туршийн боловсролын төвийн залууст захын жижигхэн сумаас ч ажлын гараагаа эхлэж, хөдөлмөрлөж болдог юм гэдгийг сургаж, дэмжлэг үзүүлж буй нь юм. Мөн сургагч багш нарыг бэлтгэж, үйл ажиллагааны урамшуулал олгож байгаа нь цалинтай, бүтээлч, мэдлэгтэй багш нар төсөлд ажиллахад дөхөм болж байгаа юм. Суманд хэрэгжиж буй төслүүд дээр очиж үзвэл хүүхдүүд бидний санаагүйг санаж, хэрэгжүүлж байна. Бидний олж хараагүй, тэдэнд дутагдаж буй хэрэгцээ шаардлагуудыг гаргаж шийдлийг төсөл болгон бичсэн байсан. Орон нутагтаа ажиллах, бага хэмжээний орлого олох боломж олохоос гадна ажлын байргүй, ур чадварт суралцаагүй асуудал гарахгүйгээр цаашид өөрсдөө ажлын байраа, орлогоо бүтээдэг чадварлаг хүчнийг бэлдэхэд том жишээ болж байна гэж харж байна" гэсэн ба "Зөвхөн энэ хөтөлбөрөөр хязгаарлагдахгүйгээр цаашид ч хүүхдүүдийн бичсэн төслийг орон нутгийн байгууллагууд дэмжих хэрэгтэй" гэсэн санал хэлж байсан юм.

Мөн Завхан аймгийн Баянтэс сумын багш И.Ариунаа "Төсөлд сургагч багшаар ажиллаж байна. Энэ хугацаанд төслөөр дамжуулан хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгож, төсөл бичүүлэн, тэдний бичсэн төслийг бодит ажил хэрэг болгож буй нь шинэлэг байлаа. Өсвөр насны хүүхдүүдийн санал санаачилгыг дэмжиж, тэдэнд итгэл хүлээлгэн төслийг санхүүжүүлж байгаад баяртай байна" гэлээ.

Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн буцалтгүй тусламж, Дэлхийн банкны менежментээр Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 суманд хэрэгжүүлж буй тус төсөлд өсвөр үеийн 6,000 хүүхэд, залуусыг ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд бэлдэхээр зорьж байгаа аж.

#Мэдээ