Математикийн 6000 тест сувгийн youtuber, багш Ш.Сарангэрэл: Математикийг чадахгүй хүүхэд гэж байхгүй


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-05-05

ЭЕШ хаяанд ирсэн энэ үед бид сурагчдадаа зориулан олон жил ЭЕШ-д сурагчдыгаа амжилттай бэлтгэж ирсэн туршлагатай багш нарын зөвлөгөөг цуврал нийтлэлээр хүргэж байна. Энэ удаагийн нийтлэлдээ математикийн хичээлээр ЭЕШ өгөхөөр зэхэж байгаа сурагчдадаа зориулан Сант сургуулийн багш Ш.Сарангэрэлтэй ярилцлаа.


YOLOСайн байна уу, юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

- Намайг Сарангэрэл гэдэг. Матемиткийн багшаар ажиллаад 24 жил болж байна. Одоогоор Сант сургуульд математикийн багшаар ажилладаг.

YOLOХэзээнээс ЭЕШ-д сурагчдыг бэлдэж эхэлсэн бэ?

- 2006 онд анх ЭЕШ гэж бий болсон. Тэр үеэс бэлдэж эхэлсэн дээ.

YOLOЯмар суурь чадвартай, потенциалтай хүүхэд математикийн хичээлийг сонговол илүү амжилттай суралцдаг вэ?

- Математикийн хичээлийг чадахгүй хүүхэд гэж байхгүй. Тухайн хичээлийг бага ангиасаа хэрхэн тууштай, анхааралтай хийж ирсэн бэ гэдгээс л шалтгаална. Бага ангидаа эцэг эх нь анхаараагүй орхисон ч юм уу, өөрөө залхуурч хийгээгүй хүүхдүүд л математикийн хичээл дээр хоцрогдолтой байдаг. 

YOLOМатематикийн хичээлийг сонгон суралцсанаар сурагчид ямар чадварт суралцдаг вэ?

- Багаасаа математикийн хичээлийг тууштай хийсэн хүүхэд аливаа зүйлийг цэгцтэйгээр сэтгэх чадвартай байдаг. Математик чаддаг хүүхэд бусад хичээл рүү хөрвөж сурахдаа хурдан байдаг. Гол нь өдөрт 30, 40 минутыг математикийн хичээлдээ зарцуулж тууштай байвал хоцрогдол үүсэхгүй.

YOLOТомьёо цээжлэхэд их хүндрэлтэй санагддаг. Хэрхэн амархнаар тогтоох вэ? Тийм арга бий юу? 

- Томьёог хараад тогтоох хэцүү шүү дээ. Би сурагчдадаа зөвлөдөг нэг арга байдаг. Хичээл дээр гарсан шинэ томьёог тэмдэглэж авдаг томьёоны дэвтэр нээх. Өөрийнхөө бичсэн томьёог дараа нь эргүүлээд харвал цээжлэгдэх нь илүү хурдан. Мөн тухайн томьёог яаж гаргасан гаргалгааг ойлговол бодлого бодоход амар болдог. 

 


YOLO:Математикаар сурах сурагч, оюутнуудад тэтгэлэг Монгол улсын хэмжээнд хэр их байдаг вэ?

- ЭЕШ шалгалт дээрээ 750-аас дээш оноо авбал зарим их дээд сургуулиуд хөнгөлөлттэй сургадаг. Гэхдээ хүүхдүүд сүүлийн үед гадаадад сурах их сонирхолтой болж. Сурагчид ЭЕШ-д бэлдэхдээ математикийн талаарх мэдээ мэдээллийг англи хэл дээр авбал тэтгэлгийн шалгалтууд өгөх боломжтой болно. АНУ, Унгар зэрэг улсын тэтгэлгийн шалгалтууд ихэнх нь англи хэл, математикаар авдаг шүү дээ. Тэгээд ч SAT зэрэг зарим шалгалт ЭЕШ-тай харьцуулахад хялбар байдаг учир өгч үзэхэд гэмгүй.

YOLO:Таны бодлоор математикаар сурвал болж болох хамгийн “cool” мэргэжил юу вэ?

- Сүүлийн үед бол IT инженер болсон байна.

YOLO:ЭЕШ шалгалтад бэлдэхэд ямар ямар сэдвүүдийг голчлон бэлдэх ёстой вэ?

- Хүүхдүүдийн хамгийн их алддаг, асуудаг сэдвүүд гэвэл геометр, тригонометр, магадлал.  Бусад сэдвүүд харьцангуй хөнгөн. Энэ гурван сэдвээ голчлон бэлдвэл зохимжтой.

YOLO:Математикаар ЭЕШ өгөх сурагчдын тоо ямар хэмжээнд байгаа вэ? Зарим хичээлүүд дээр ЭЕШ өгөх сурагчдын тоо эрс багассан мэдээлэл байсан.

- Жилээс жилд математик, нийгмийн ухааны хичээлүүд нь хамгийн олон суралцагч ЭЕШ өгдөг хичээлүүд байсаар ирсэн. Энэ эрчээ алдалгүй явж байгаа. Хүүхдүүд хамгийн ихээр сонирхдог эдийн засагч, инженерүүд зэрэг мэргэжлээр суралцахад математикийн хичээл шаардлагатай байдаг. Гэхдээ хүүхдүүдийн чадвар сүүлийн үед бага зэрэг сул болж байна. Анзаарах юм бол математикийн ЭЕШ-ийн сэдэв 2013 оноос өмнөх жилүүдэд нэлээн хүнд байсан. Үүнээс хойш жил ирэх тусам агуулга нь хөнгөрсөөр байгаа. Гэтэл дүнгийн чанар бага зэрэг суларсан харагдаж байна. Хүүхдүүд анхаарал саринах, олон сатаарах зүйлтэй болсон нь нөлөөлсөн байж ч болох юм.

YOLO:Сурагчид мэдэхгүй бодлогоо буудах хандлагатай байдаг шүү дээ. Энэ хэр оновчтой гаргалаа болж чадах бол?

- Манай хүүхдүүд буудаад хэзээ ч онодоггүй. Буудаж хийгээд 40 бодлогоос 6-10 бодлого л зөв хийдэг. Гэхдээ өөр аргагүй болбол ядаж боломжит биш хариултуудыг эхлээд хасах зарчмаар таах хэрэгтэй.

 


YOLOМатематикийн хичээлд туслах application, сайтуудаас санал болговол?

- Эх хэл дээр Imath сайт байдаг. Англи хэл дээр бол олон бий. Надад  “3 blue 1 brown” гэх youtube суваг аятайхан санагддаг. 

YOLOМатематикийн хичээлээр сурах гэж байгаа хүүхдүүдэд урам өгөх ном, киног санал болгооч?

- Unlock подкаст. Олон сонирхолтой зүйлийг ярина. Өөрөө сонсчхоод хааяадаа сурагчид руугаа явуулдаг.

YOLOХүүхдүүд “Математик амьдралд хэрэгтэй юу? хэмээн их асуудаг шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

- Манай сурагчид ч гэсэн тэгж асуудаг. “Багшаа би тригонометрээр бодлоо гээд хаана ямар хоол авч идэх вэ?” гэж байсан. Хүн болгон математик ч болох албагүй шүү дээ. Гэхдээ математикийн хичээл хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлдэг.  Логик, дэс дараалалтай зүйлийг суралцах чадвар олгодог. Мөн сэтгэх бодох чадварыг задалж өгдөг.

YOLOТа Математикийн 6000 тест youtube сувгаа хэзээнээс хөтлөж эхлэсэн бэ?

 

 

 

- Ковидын үед анх эхэлсэн. Анхандаа youtube-ийг кино үзэж, дуу сонсдог л гэж боддог байлаа. Хөл хорионы үед сурагчдадаа онлайнаар хичээлээ сонирхолтойгоор заах арга олох гэж нэг хэсэг их л юм болсон. Анх утсаа бариад бичиж үзсэн. Гар өвддөг юм байна лээ. Тэгээд утасны тогтоогч аваад бичиж үзсэн. Дараа нь youtube дээрээс өөрийн царайг гаргахгүйгээр шууд бичлэг хийх аппликэйшн байдаг гэдгийг мэдэж авсан. Үүнээс улбаалаад хичээлээ бичлэг болгон хадгалчихвал ойлгоогүй сурагчид маань дараа нь дахин үзэх боломжтой юм байна гэж бодоод хичээлээ хадгалах болсон. Тэгээд л хүүхдүүд маань бодлого асуух бүрд зав зайгаараа бичлэг хийж тавьдаг болсон.

YOLOТа яагаад математикаар суръя, тэр дундаа математикийн багш болъё гэж шийдсэн бэ?

- Бага байхдаа тооны сонгонд сурдаг байсан. Их сургуулийн хаваариа авах гэж ороход ангийн багш намайг “Ер нь л багш бол” гэсэн юм. Тэгээд л энэ мэргэжлийг сонгож байсан даа. Одоо бодоод байхад би багаасаа багш гэж мэргэжилтэй ойр хүн байсан. Багш болох л ёстой байж дээ гэж бодогддог. Тиймдээ ч мэргэжилдээ сэтгэл хангалуун, жаргалтай байдаг.

YOLOБи математикийн багш болъё гэвэл энэ мэргэжил надаас ямар чадварыг шаардах вэ?

- Юун түрүүнд мэргэжлээ гэсэн сэтгэлтэй, мэргэжилтэй хайртай байх хэрэгтэй. Мөн сайн сэтгэл судлаач байх шаардлагатай. Хүүхдүүдээ ойлгож, мэдрэх ёстой. Дараагийн чухал чадвар бол мэргэжилдээ сайн байх хэрэгтэй. Оюутан байхаасаа л дунд сургуулийн математикийн бодлогуудыг судлаад бодоод явсан ч болно шүү дээ. Хичээвэл сайн багш болж чадна.


YOLOМатематикийн хамгийн гол агуулгын хичээлүүд хэддүгээр ангиас эхэлдэг вэ?

- Ер нь бүгд л уялдаа холбоотой. Гэхдээ 7, 8-р анги их чухал.

YOLOЭЕШ болоход сар гарны хугацаа үлджээ. Энэ хугацаанд сурагчид маань ямар системтэйгээр бэлдвэл илүү дүнтэй вэ?

- Зарим хүүхдүүд залхуурч байгаад шалгалтын өмнөхөн гэнэт хичээлээ хийж эхэлдэг. Тэр хүүхдүүдэд хугацаа бага үлдсэн тул амжилт үзүүлэх бараг боломжгүй. Гэхдээ нэгэнт өнгөрсөн гээд хаяж болохгүй. Энэ багахан хугацаанд ч ЭЕШ-ийн жишгүүд дээр ажиллан, шалгалтынхаа бүтцийг танин мэдэх хэрэгтэй. Чадахгүй байгаа бодлогуудаа сэдвээр нь хийвэл үр дүнтэй. Мөн тэр бодлогуудаа удаан нухаж суулгүйгээр багшаасаа эсвэл найзаасаа зөвлөгөө аван цаг хугацааг товчлон хийгээрэй. Гол нь өдөр бүр тогтмол хоёроос гурван цагийг зарцуулан үр дүнтэй бэлдэх нь чухал.

 


YOLOШалгалтын цаг төлөвлөлтөө хэрхэн хийх вэ?

- Цаг харж байгаад тест ажиллан цагийн баримжаатай болох хэрэгтэй. Чадахгүй эсвэл эргэлзсэн зүйл гарвал оролдож цаг алдалгүйгээр шууд алгасан чаддаг бодлогуудаа бодож дуусаад цаг үлдвэл чадахгүй бодлогоо оролдсон нь цагийг хэмнэнэ. Мөн хариултын хуудсан дээр ажиллаж сурах нь чухал. Хүүхдүүд маань хариултын хуудсыг бөглөхдөө бодлогын хариугаа сольж бөглөх тохиолдол гардаг. Энэ нь хариултын хуудастай ажиллаж дасаагүйгээс үүдсэн байж болно. Тиймээс өөрт ашигтайгаар, цагаа бага зарцуулах арга барилаар хариултын хуудастай ажиллаж занших хэрэгтэй.

YOLOДараа жил математикийн хичээлээр ЭЕШ өгөх 11 дүгээр ангийн сурагчид маань хэрхэн бэлдвэл үр дүнтэй вэ?

- 11 дүгээр ангийн сурагчид эртнээс бэлдэж багаас нь эхлээд сэдэв сэдвээр нь хийвэл үр дүнтэй. Нийт бэлдэх хугацааныхаа дөрөвний гуравт нь сэдэвчилсэн агуулгын хүрээнд үлдсэн хугацаандаа ЭЕШ-ийн тест дээр ажиллаарай.

YOLOЭЕШ-даа ямар номоос бэлдвэл илүү тохиромжтой вэ?

- Эхлээд сэдэвчилсэн агуулгатай ном дээр ажиллах хэрэгтэй. Өөрийгөө бэлэн болсон гэж үзвэл ЭЕШ-тай төстэй агуулга бүхий 8*100 зэрэг номоос бэлдвэл тохиромжтой. Мөн бэлдэж байх үед хамт хичээлээ хийдэг найзтай болбол зүгээр байдаг шүү. Мэдэхгүй зүйл гарсан үедээ цаг алдаж суулгүй хамтрагчаасаа, найзаасаа асууж лавлаж цаг хэмнээрэй.

YOLO:Тест бөглөх үед цагаа хэрхэн хэмнэх вэ?

-Зарим бодлогыг бодолгүйгээр хариунаас нь хөөвөл амархан байдаг. Ингэж бодох нь цаг хугацаанд ч хэмнэлттэй байна.

YOLOЭЕШ-д бие даан бэлдэх нь хэр үр дүнтэй вэ?

- Бие даан бэлдвэл амжилттай оноо авах боломж байгаа. Миний youtube хуудасд ихэнх сэдвүүдээр бичлэг тавигдсан байгаа. Мөн би номдоо агуулгын хүрээнд арав арваар нь төстэй бодлого бэлтгэсэн. Түүнээс эхний хоёр, гурвыг нь багшаасаа лавлан цааш бие даан бодох бүрэн боломжтой. Системтэйгээр тууштай бэлдэх нь чухал. Түрүүн хэлсэнчлэн бага ангиасаа тууштай хийгээд явбал ямар нэгэн хоцрогдол үүсэхгүй. 

 


YOLOЭнэ жил шалгалтын бэлтгэл дутуу байгаа гэж үзэж буй сурагчид маань жил өнжөөд дараа жил ЭЕШ өгвөл үр дүнтэй юу?

- Болно. Гэхдээ өдөр бүр тууштай цаг гарган бэлдэж байж л тодорхой үр дүнд хүрнэ. Монгол улсын математикийн ЭЕШ-ийн дундаж 25 процент байдаг. Ихэнх сурагчид маань 25-47 процент хүртэл оноо авдаг. Тиймээс ч хүүхдүүдийн оноо их төстэй ойр гарж ирдэг. Сайн сургуульд орохыг хүсвэл дор хаяж 50 процент оноо авна гэж зорих хэрэгтэй.

YOLOОдоо ЭЕШ өгөх гэж байгаа хүүхдүүдээ болон цаашдаа энэ хичээлийг судлах хүүхдүүдээ зөвлөгөө өгөөч.

- Сарын дараа ЭЕШ өгөх гэж байгаа хүүхдүүдээ хэлэхэд хариултын хуудсан дээр сайн ажиллаж сурах нь зүйтэй. Чадах зүйлээ биш чадахгүй сэдвээ голчлон давтаарай. Болж өгвөл өдөрт нэг тест ажиллаж байгаарай. Тестээсээ чадахгүй байгаа сэдвээсээ сонгон тогтмол цаг гаргасан суугаарай. 

- Дараа жил ЭЕШ сурагчид маань зуны амралтыг үр дүнтэй өнгөрөөгөөрэй. Сэдэв сэдвээр нь сууриас нь давтаарай. Одоо хичээл сонголтоо хийх гэж сурагчид маань ирээдүйн мэргэжлээ, ажлын байраа сайн судлаарай. Есдүгээр анги гэдэг бол хичээлээс хоцрогдсон ч гэсэн нөхөх боломжтой үе юм шүү. Сурагчиддаа амжилт хүсье.

YOLOЯрилцсанд баярлалаа.

 

#ЭЕШ