Lee Dong Wook, Kim Bum нар “Tale of the Nine Tailed” цувралын хоёрдугаар бүлэгт эргэн ирнэ


Хасбаатар | YOLO.MN
2022-04-26

Goblin: The Lonely and Great God (2016) цувралын од Lee Don Wook, Boys Over Flowers (2009) буюу бидний сайн мэдэхээр “F4” цувралын од Кim Bum нар Tale of the Nine Tailed (2020) уран зөгнөлт цувралд төвөгтэй харилцаатай ах дүүсийн дүрийг тун чадварлаг бүтээсэн. Уг цуврал нь 2020 онд чамлахааргүй амжилт гаргаж 5,8 хувийн үзэлттэй эхний бүлгээ өндөрлүүлсэн. 

Тиймдээ ч цувралын хоёрдугаар бүлэг хийгдэх шуум тэр даруйдаа дэгдэж тун удалгүй tvN телевиз баталгаажуулсан. Хэдий тийм боловч хүлээлт өндөртэй байгаа хоёрдугаар бүлэгт чухам юу болох, хэн хэний дүр буцаж ирэх талаарх мэдээлэл саяхнаас ил болж эхэллээ. Дөрөвдүгээр сарын 21-д JoyNews24-ийн мэдээлснээр Ноён Есөн сүүлт үнэг, түүний тэрсүүд дүү хоёр хоёрдугаар бүлэгт эргэн ирэх ба эмэгтэй гол дүр харин солигдох гэнэ.  

Хоёрдугаар бүлгийн үйл явдал 1930-аад онд өрнөх ба Lee Yeon хэрхэн уулын бурхан болсон тухай болон Lee Rang-ий өнгөрсөн амьдралын тухай түлхүү харуулах аж. Жүжигчин Jo Bo Ah-г орлож эмэгтэй гол дүрийг бүтээх The Penthouse: War in Life (2020) киноны од Kim So Yeon-ийн дүр чухам ямар үүрэгтэй байх нь хараахан тодорхойгүй. 

Уг драма гуравдугаар улирал хүртлээ үргэлжлэх төлөвлөгөө бий. Харин хоёрдугаар улирал хэзээ үзэгчдийн хүртээл болох тов тодорхойгүй хэвээр байгаа ч Дөрөвдүгээр сарын 18-ний өдөр эхний зохиол уншлага хийгдсэнээс үзэхэд энэ оны сүүлээр эсвэл дараа оны эхээр бэлэн болох магадлал тун өндөр байна. 

 

#Кино урлаг