МУИС-ийн Экологийн боловсролын төв болон ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран “Тархинд мод тарья” буюу “Өсвөр үеийнхэн – Байгаль орчин ба хууль” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх дүүргийн, 12-оос дээш насны 5000 хүүхдийг Экологийн боловсролын төвийн байгаль орчин, танин мэдэхүйн өртөөчилсөн сургалтад хамруулах юм.
Сургалт нь хүүхдэд байгалийг ойртуулах, байгалийг бүх мэдрэхүйгээр мэдрэх боломжийг олгох зорилготой бөгөөд ирсэн зочид байгаль орчин, танин мэдэхүйн “Үрийн аялал”, “Манай музейн амьтад”, “Ажилсаг чийгийн улаан”, “Үл үзэгдэгчдийн мөрөөр” зэрэг 5 өртөөгөөр аялж, байгалийг бодит орчинд нь мэдэрч танилцах аж.
Төслийн тухай Экологийн боловсролын төвийн ахлах мэргэжилтэн Р.Сүнжидмаа "Бид хүүхдүүдэд байгалийг танин мэдэх эрмэлзэл төрүүлэх, байгалийн гайхамшгийг мэдрүүлэхийг зорьж эдгээр өртөөнүүдийг бий болгосон. Хүүхдүүдийн насны онцлогт тохирсон эдгээр өртөөнүүдээр дамжуулан байгальд ээлтэй байхыг уриалж байна. Эдгээр өртөөг хүүхдүүдэд танин мэдүүлэх, сурталчлахад туслаж буй УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа мөн Ханнс Зайделийн сан нартаа баярлаж байна." гэж хэлсэн юм.
Мөн хүүхдүүдэд байгаль орчны талаарх хууль, эрхзүйн анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Амьд үлдээгээч” нэртэй шинэ өртөөг бий болгон зочдоо хүлээн авч байна. Энэ өртөөгөөр аялсан хүүхдүүд Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан Хууль бусаар ан агнах, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, Ой, хээрийн түймэр тавих зэрэг байгаль орчны гэмт хэргийн төрлүүдтэй танилцан анхны мэдэгдэхүүн, мэдлэг, мэдээлэлтэй болж, эдгээртэй холбоотой гэмт хэрэг, зөрчилд ямар хариуцлага тооцогддог, түүнээс сэргийлэхийн тулд юу хийх ёстой зэргийг мэдэж авна. Төсөл 4, 5, 9, 10 дугаар сард хэрэгжиж нийт 5000 хүүхдийг хамруулна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх