Хөлбөмбөгийн 2022 ДАШТ сугалаа ба эргэн тойронд


О.Төгсжаргал | YOLO.MN
2022-04-12

Катар улсад зохион байгуулагдах 2022 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход ердөө долоон сарын л хугацаа үлдээд байна. 

Уг тэмцээн нь ирэх өвөл буюу арван нэг болон арван хоёрдугаар саруудад зохион байгуулагдах юм. Учир нь Катар улсад зуны улиралд хэт халдаг тул тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс өвөл хийх товыг гаргасан онцлогтой. 

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-ний өдөр уг тэмцээнд оролцох нийт 32 багийн 29 нь эрхээ авч дуусаад байсан тул тэмцээний албан ёсны сугалаа болж өнгөрлөө. 

1998 онд Франц улсад зохион байгуулагдсан дэлхийн аваргын тэмцээнд анх 32 баг оролцож байсан бол 2026 онд болох дэлхийн аваргад 48 баг оролцох боломжтой болж өргөжих юм. 

Сонирхуулахад дэлхий даяар уг тэмцээнд оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны тоглолт 2019 оны зургаадугаар сарын 6-нд манай Монгол улсын шигшээ баг Бруней шигшээ багтай тоглосон тоглолтоор албан ёсоор эхэлсэн түүхтэй.

Ингээд та бүхэнд багуудын хэсэгт хуваагдсан байдал болон хэсгээс аль улс дараагийн шатанд шалгарах өндөр магадлалтай ба тухайн хэсгийн онцлогийг хүргэе.

А Хэсэг 

  • Катар 
  • Эквадор 
  • Сенегал 
  • Нидерланд 

Тэмцээний уламжлал ёсоор зохион байгуулагч улс А хэсгийг тэргүүлдэг жамтай. Иймд дэлхийн аваргын тэмцээнд анх удаа зодоглох гэж буй Катарын шигшээ баг энэ хэсгийг толгойлсон бол тэдний араас Өмнөд Америкийн төлөөлөл Эквадор, Африкийн шинэхэн аваргууд болох Сенегал мөн нисдэг голланд хочтой Недерландын шигшээ багууд энэ хэсэгт багтсан юм. Уг хэсгээс Нидерланд болон Сенегалын шигшээ баг хэсгээс гарч дараагийн шатанд шалгарах хамгийн өндөр магадлалтай багууд болов уу. Мөн уламжлал ёсоор зохион байгуулагч улс болон хэсгийн хоёрдугаар баг тэмцээний нээлтийн тоглолтыг хийх ёстой ч зохион байгуулагчдын зүгээс үзэгчдийг татах зорилгоор дэлхийд алдартай Нидерланд - Сенегалын тоглолтоор энэхүү тэмцээнийг нээхээр болсон юм. 

B Хэсэг 

  • Англи 
  • Иран 
  • АНУ 
  • Европын нэмэлт эрх 

Дээр дурдсанчлан тэмцээнд оролцох 32 баг бүрэн тодроогүй байгаа ч үлдсэн гурван эрхийн төлөө тоглох багууд тодорхой байгаа тул сугалааг явуулахад ямар нэгэн асуудалгүй байв. Харин тэрхүү нэр нь тодроогүй багуудын нэг болох Европын нэмэлт эрхээр орж ирэх баг энэхүү хэсэгт багтжээ. Тус хэсгийг гурван арслангууд болох Английн шигшээ баг толгойлсон бол тэдний араас Азийн төлөөлөл Иран, Хойд Америкийн хүчирхэг төлөөлөл болсон АНУ шигшээ багууд энэ хэсэгт орсон юм. Англи болон АНУ шигшээ багууд 2010 оны дэлхийн аваргад нэг хэсэгт хамтдаа багтаж байсан ойрын жишээ бий. Энэхүү хэсэгт нэмэлт эрхээр Украйн/ Шотланд/ Вэйлс шигшээ багуудын нэг нь орох бөгөөд тус эрхийн төлөөх тоглолтууд Украйнд болж буй дайнаас үүдэн зургаадугаар сар хүртэл хойшлогдоод байна. Тус хэсгээс одоогийн байдлаар Англи болон АНУ шигшээ багууд дараагийн шатанд шалгарах хамгийн өндөр магадлалтай байна. 

C Хэсэг 

  • Аргентин 
  • Саудын Араб 
  • Мексик 
  • Польш 

Дэлхийн хоёр удаагийн аварга Месси тэргүүтэй Аргентины шигшээ баг тус хэсгийг толгойлсон бол Азийн төлөөлөл болсон Саудын араб, Хойд Америкийн хүчирхэг баг Мексик мөн европын нэмэлт эрхийн тоглолт хийж эрхээ авсан Польшийн шигшээ багууд энэ хэсэгт таарсан юм. Тус хэсгийг Аргентин улсын шигшээ баг тэргүүлж цааш шалгарах хамгийн өндөр магадлалтай бол нөгөө эрхийн төлөө Мексик болон Польшийн хооронд хүчтэй өрсөлдөөн болох магадлалтай. Саудын Арабын хувьд энэ хэсгийн хамгийн баг чансаатай баг юм. 

D Хэсэг 

  • Франц 
  • Тив хоорондын нэмэлт эрх 
  • Дани 
  • Тунис 

Аваргаа хамгаалагч отгон дэлхийн аварга Францын шигшээ баг энэ хэсгийг толгойлжээ. Дэлхийн аваргад оролцох өөр нэг боломж бол тив хоорондын эрхийн төлөөх тоглолт байдаг. Үүний дагуу тэрхүү тоглолтоор эрхээ авах баг энэхүү хэсэгт багтахаар болсон байна. Ази болон Хойд Америк тивийн шууд шалгарах эрхийн ард бичигдсэн хоёр баг хоорондоо тоглох оноолттой. Австрали/ Арабын Нэгдсэн Эмират / Перу гэсэн гурван улсын нэг нь энэхүү хэсэгт орох юм. Тус хэсэгт Дани болон Хойд африкийн төлөөлөл болсон Тунисийн шигшээ багууд багтжээ. Энэ хэсгээс Франц болон Данийн шигшээ багууд дараагийн шатанд шалгарах хамгийн өндөр магадлалтай. 

E Хэсэг 

  • Испани 
  • Тив хоорондын нэмэлт эрх 
  • Герман 
  • Япон 

Европийн хүчирхэг төлөөлөл болсон Испани болон Герман шигшээ багууд энэ хэсэгт багтжээ. Дэлхийн дөрвөн удаагийн аварга Герман машинууд болон Ялагдашгүй Армада хочтой Испани шигшээ багуудын хооронд хэсгийг тэргүүлэгчийн төлөөх ширүүн өрсөлдөөн болох магадлалтай. Тус хэсэгт Азийн төлөөлөл болсон Цэнхэр Самурай Японы шигшээ багт багтсан бол нөгөө баг нь тив хоорондын нэмэлт эрхийн тоглолтоор тодрох юм. Тус тоглолтыг Коста Рика болон Шинэ Зеландын шигшээ багууд хоорондоо хийх товтой. 

F Хэсэг 

  • Бельги 
  • Канад
  • Марокко 
  • Хорват 

Буурал европийн шилдэг баг Бельгийн шигшээ баг энэхүү хэсгийг толгойлсон бол 36 жилийн дараа дэлхийн аваргад хоёрдох удаагаа оролцох гэж буй Канадын шигшээ баг мөн тус хэсэгт багтжээ. Хойд Африкийн өөр нэгэн төлөөлөл Марокко болон Хорватын хүчирхэг багууд мөн энэ хэсэгт тоглох юм. Хорват бол өмнөх дэлхийн аваргын дэд аваргууд. Тэд энэ удаа биелүүлж чадаагүй зорилгоо гүйцээж чадах болов уу. Энэ хэсгээс Бельги болон Хорват гэсэн европын хоёр баг хэсгээс шалгарах хамгийн өндөр магадлалтай хэмээн нэрлэгдэж байна. 

G Хэсэг 

  • Бразил
  • Серби 
  • Швейцар 
  • Камерун 

Дэлхийн хамгийн олон удаагийн аварга Бразилын шигшээ баг энэхүү хэсгийг толгойлсон бол европийн төлөөлөл болсон Серби,  Швейцар, Африкийн төлөөлөл Камеруны шигшээ багууд нэг хэсэгт багтжээ. Тус хэсгийн нэгэн сонирхолтой онцлог нь Бразил, Серби, Швейцарын шигшээ багууд өмнөх дэлхийн аваргад мөн адил нэг хэсэгт орж тоглож байв. Хэсгийг Бразилын шигшээ баг тэргүүлэх хамгийн өндөр магадлалтай бол бусад гурван багийн хооронд хоёрдугаар байрны төлөөх сонирхолтой өрсөлдөөн өрнөх боломжтой юм. 

H Хэсэг 

  • Португал
  • Гана 
  • Уругвай 
  • Өмнөд Солонгос 

Дэлхийн аваргын хамгийн сүүлийн хэсгийг Португалийн шигшээ баг толгойлж, Африкийн төлөөлөл Гана, Дэлхийн хамгийн анхны аварга Уругвай, Азийн төлөөлөл Өмнөд Солонгосын шигшээ багууд энэ хэсэгт багтсан юм. Роналдугаар ахлуулсан Португал болон Уругвайн шигшээ багууд тус хэсгийн фаворитаар нэрлэгдэж байна. 

Ийнхүү хэсгүүд хуваагдсан юм. Тоглолтууд 2022 оны арван нэгдүгээр сарын 21-ний өдөр эхлэх бөгөөд шигшээ тоглолт арван хоёрдугаар сарын 18-нд явагдах товтой байна. 

Мөн нэмэлтээр сонирхуулахад дэлхийн аваргын албан ёсны бөмбөг болон маскотыг уг үйл ажиллагааны үеэр танилцуулсан юм. Бөмбөгний хувьд уламжлал ёсоор Adidas брэнд бүтээсэн бөгөөд тус бөмбөгийг “Al Rihla” гэж нэрлэсэн байна. Уг нэр нь Араб хэлээр "Аялал" гэсэн утгатай юм. Энэхүү бөмбөг нь Adidas брэндийн бүтээсэн дэлхийн аваргын 14 дэх бөмбөг болж байна. 

Маскотын нэр нь “La’Eeb” бөгөөд энэ нь Супер чадварлаг тоглогч гэсэн утгатай ажээ. Уг маскот нь ямар нэгэн амьтан эсвэл амьд биет биш бөгөөд илүү гүн гүнзгий утга агуулгыг бэлгэдсэн онцлогтой. Ямар нэгэн хэлбэрт барихгүйгээр хүн болгоны төсөөлөлд хувирч чадах Маскотыг бүтээхийг зохион байгуулагчдын зүгээс зорьжээ. La’Eeb нь тэмцээний маскотууд оршдог зэргэлдээх ертөнцөөс ирсэн дүр юм.

Эх сурвалж: Fifa World Cup 

 

#Спорт