Уран гулгалтын ДАШТ: Аваргууд тодорлоо


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2021-03-29

Шведийн нийслэл Стокгольм хотноо зохион байгуулагдаж буй уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцэ­­эн өчигдөр хамтарсан үзүүлбэрээ үзүүлснээр өндөрлөлөө. Энэхүү нийтлэлээрээ бид тэмцээний дөрөв дэх өдрийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Эрэгтэй чөлөөт үзүүлбэрийн дүнг уран гулгалтын спорт сонирхогч хүн бүр тэсэн ядан хүлээж байлаа. Тэгвэл аваргын төлөөх ширүүн өрсөлдөөний дүнд дэлхийн хошой аварга Нэйтэн Чен чөлөөт үзүүлбэрийн төрөлд ямар ч алдаагүй, цэвэр гүйцэтгэлээрээ олимпийн хошой аварга Юзуру Ханюг давж, 320.88 оноотойгоор алтан медаль авч, ирэх жилийн Бээжингийн олимпод оролцох эрхээ авлаа. Түүний араас 17 настай Японы тамирчин Юма Кагияма 291.77 оноогоор мөнгө, Юзуру Ханю 289.18 оноогоор хүрэл медаль зүүлээ.

Нэйтэн Чен богино үзүүлбэрийн үеэр алдаа гаргаж гуравдугаар байрт эрэмбэлэгдээд байсан ч чөлөөт үзүүлбэрийн төрөлд 222.03 авч тэмцээнийг тэргүүлсэн. Ингэснээр 2018 оноос хойш гурав дараалж дэлхийн аварга болоод байна. Өнгөрсөн жилийн хувьд “COVID-19” цар тахлын улмаас тэмцээн цуцлагдсан билээ.

Богино үзүүлбэрийн төрлийг тэргүүлсэн Ханюгийн хувьд чөлөөт үзүүлбэрийн үеэр хэд хэдэн алдаа гаргаж гуравдугаар байрт шалгарлаа. Энэ нь түүний 2014 оны арваннэгдүгээр сараас хойш оролцсон тэмцээнүүд дундаас хамгийн доод амжилтыг үзүүлсэн тэмцээн болоод байгаа юм. Магадгүй цар тахлын улмаас тасалдсан бэлтгэл, Японд болсон газар хөдлөлт зэрэг хүчин зүйлс түүнд ийнхүү нөлөөлсөн байж болох юм. Тэрээр хүрэл медаль хүртсэнийхээ дараа өгсөн ярилцлагадаа “Quad Axel” эргэлтийн бэлтгэлээ үргэлжлүүлэн хийхийг хүсэж буйгаа илэрхийлсэн бөгөөд энэ нь түүний Нэйтэн Чентэй харьцуулагдах ур чадварын зөрүүг ойртуулахад тус болж болох юм.

Энэ жилийн ДАШТ-ий онцлох тамирчдын нэг бол яалт ч үгүй мөнгөн медалийн эзэн Юма Кагияма байлаа. 17 настай хүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцохдоо 291.77 оноог авч мөнгөн медалийн эзэн болсон юм. 

Харин эмэгтэй чөлөөт үзүүлбэрийн төрөлд ОХУ-ын тамирчид эхний гурван байрыг эзэллээ. Тухайлбал ОХУ-ын аварга цолыг сүүлийн гурван жил дараалан хүртээд буй Анна Щербакова 233.17 оноогоор алт, Елизавета Туктамышева 220.46 оноогоор мөнгө, Александра Трусова 217.20 оноогоор хүрэл медаль авав. Дэлхийн уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээний түүхэнд 1991 онд АНУ-ын тамирчид дараалсан гурван ялалт байгуулснаас хойш аль ч улсын тамирчид ийм амжилт үзүүлээгүй билээ. Ер нь энэ төрөлд ОХУ-ын тамирчид сүүлийн зургаан жил тун амжилттай яваа. Ирэх олимпод ч энэхүү амжилтаа хадгалах биз.

ОХУ-ын тамирчдын амжилтын буухиа үүгээр дууссангүй. Хосын бүжгийн төрөлд Виктория Синицина, Никита Катсалапов нар алтан медаль авснаар оросын тамирчид зургаан медальтай эх орон руугаа буцаж байна.

Эх сурвалж: ESPN

#Мэдээ #Үйл явдал #ДАШТ