Тайванийн охидын хамтлагийн монгол гишүүн Sizi: Бүх зүйл хичээл зүтгэлээс шалтгаалдаг


О.Хандмаа | YOLO.MN
2022-04-11

Тайванийн “HUR” нэртэй охидын хамтлагийн монгол гишүүн Б.Сарантуяатай ярилцлаа. Түүний тайзны нэр нь Sizi бөгөөд өдгөө 23 настай тэрбээр Тайваньд “MingDao” их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгсжээ.

Бид түүнтэй Тайванийн охидын хамтлагийн гоцлол дуучин болсон түүх, ямар сорилтуудтай нүүр тулсан, цаашдаа төлөвлөж буй зорилго, мөрөөдлийнх нь талаар ярилцлаа.

-Анх Тайваньд хэзээ очсон бэ?

-Би Монголд арван жилийн сургуулиа төгсөөд, Өмнөд Солонгост сурч байгаад дараа нь 2017 онд Тайваньд очсон. “MingDao” их сургуульд бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцаж төгссөн. Багадаа загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг байсан ч бизнесийн чиглэлээр сурсан юм. Гэхдээ бизнесийн салбар надад маш их таалагдсан. Харин одоо Азид, ирээдүйд дэлхийд танигдах зорилготой охидын хамтлагийн гишүүн болж, урлагийн замналаа эхлүүллээ.

Зөвхөн хэлэх бус, үйлдлээрээ бодит болгоод үзэгч олондоо харуулахаар зорьж, хичээж байна.

-Тайвань охидын хамтлагийн гишүүн болсон түүхээсээ хуваалцаач?

-Их сургуульд суралцаж байхдаа багш, найзынхаа санал тавьсны дагуу охидын хамтлагийг шинээр гаргаж ирэх зорилготой Тайванийн “DD52”гэх шоу нэвтрүүлэгт оролцсон. Энэ тэмцээнд 1000 гаруй охин бүртгүүлж,эцсийн шатанд 52 охин үлдсэн. Нэвтрүүлгийн баг 52 охиныг хөзрийн дөрвөн өнгөний дагуу хувааж, би гилийн багт орсон. Манай баг хоёрдугаар байрт шалгарснаар тэмцээнээ дуусгасан.

Үүний дараа Тайванийн “АОА” энтертайнмент бидэнд “HUR” хэмээх хамтлагаа байгуулж, цаашид уран бүтээл хийх санал тавьж, бид зөвшөөрснөөр нэг хамтлаг болсон.

-Танай хамтлагийн нэр ямар утгатай вэ?

-“HUR” гэдэг нь “Hurricane” буюу гилийн тамга гэдэг үгийн товчлол юм. Бид анхны уран бүтээл болох “Pain killer” дуугаа 2021 оны нэгдүгээр сард цацсан.

БИ МОНГОЛ ХҮН ГЭХЭД ХАМТЛАГИЙНХАН МААНЬ МАШ ЭЛГЭМСЭГ ДОТНООР ХҮЛЭЭЖ АВСАН

-Охидын хамтлагийн гишүүдийн дотоод уур амьсгал ямар байдаг бол?

-Бид нэг зорилгын төлөө нэгдсэн болохоор бие биетэйгээ яг л нэг гэр бүл шиг, эгч дүүс шиг харьцдаг. Намайг монгол хүн гэхэд хамтлагийнхан маань маш элгэмсэг дотноор хүлээж авсан.

Манай аав, ээж хоёр намайг дуулдгийг мэддэггүй байсан. Тэмцээнд ороод амжилт гаргаж, хамтлагт дуулж эхлэхэд хамгийн ихээр намайг урамшуулж дэмжсэн. Аав, ээж маань миний үнэнч сонсогч болсон шүү. /Инээв/

Монгол хүн гэхээр тайваньчууд ямар асуултыг  хамгийн түрүүнд сонирхож асуудаг бол?

-Монгол гэрт амьдардаг уу гэж ихэвчлэн асуудаг. Монголчууд ямар сууцанд амьдардаг нь тэдэнд их сонирхолтой санагддаг байх.

-Гадаадын зах зээлд уран бүтээлчээр ажиллахад хамгийн сорилттой нь юу вэ?

-Гадаадын зах зээлд гэлтгүй уран бүтээлч хүн өндөр ур чадвартай байх шаардлагатай. Бүх зүйл хичээл зүтгэлээс шалтгаалдаг. Өөрийгөө дайчилж чадсан хүн зорьсноо биелүүлдэг. Мөн жижиг зүйлд гутарч зорилгоосоо ухрахгүй, маш тууштай байх хэрэгтэй юм шиг санагдсан. Сэтгэл зүйн хувьд хүчтэй байх шаардлагатай үеүдтэй нүүр тулах нь хамгийн том сорилт болдог.

ӨӨРИЙНХӨӨ СУЛ ТАЛЫГ, ХАНГАЛТГҮЙ ГЭДГЭЭ МЭДДЭГ ХҮН БҮР ИЛҮҮ ИХ СУРАЛЦАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛТЭЙ БАЙДАГ

-Уран бүтээлд анхаарахын хажуугаар хувь хүний хөгжилдөө хэрхэн цаг гаргадаг вэ?

-Цаг хугацааг аль болох үр өгөөжтэй өнгөрөөхийг хүсдэг. Өөрийгөө хангалттай сайн байна гэж бодсон хүн суралцахаа зогсоочихдог юм шиг санагддаг. Харин эсрэгээрээ өөрийнхөө сул талыг, хангалтгүй гэдгээ мэддэг хүн бүр илүү их суралцах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тиймээс өөрт олдсон цаг хугацаандаа үргэлж эрэл хайгуул хийж, шинэ зүйл туршиж, шинэ мэдлэг мэдээлэлтэй байхыг эрмэлздэг.

-Танай хамтлаг олон хэлээр дуулдаг юм байна лээ. Ирээдүйд монгол хэлээр уран бүтээл гаргах болов уу?

-Шууд хэлж мэдэхгүй байна. Гэхдээ магадгүй л юм. /Инээв/

-“HUR” хамтлагийн дуунуудын клип маш өвөрмөц, сонирхолтой шийдэлтэй санагдсан.

-Тухайн дууны төрлөөс шалтгаалаад клипийг хийдэг. Бидний хамгийн их цаг хугацаа зарцуулж хийсэн клип “Painkiller” дууных гэж бодож байна.

-Танай хамтлагийн уран бүтээлүүд youtube-д сая, сая үзэгчдийн хүртээл болсоор байна. Өөрийн тань дуулахыг сонсох дуртай сонсогчоос авч байсан хамгийн сайхан урмын үг юу байсан бэ?

-“Юу ч болж байсан дуулахаа битгий зогсоогоорой” гэх үг надад гүнзгий сэтгэгдэл үлдээсэн.

-Ярилцсанд баярлалаа. Урлагийн өндөр амжилт хүсье.

-Маш их баярлалаа.

 

#Дуу хөгжим