Piercing хийлгэхээсээ өмнө анхаарах зүйлс


Г.Нандин | YOLO.MN
2022-04-04

Piercing хийлгэх нь жилээс жилд улам түгээмэл, энгийн зүйл болжээ. Зөвхөн чихэн дээрээ биш биеийнхээ бусад хэсэгт олон цоолбор хийлгэж буй хүний тоо нэмэгдсээр, piercing нэгэн төрлийн урлаг болж байна. 

Piercing нь гоё сайхан харагдах, өөрийгөө илэрхийлэх харьцангуй эрсдэл багатай арга хэдий ч хийлгэхийнхээ өмнө, хийлгэх үедээ, мөн дараа нь зөв арчилж, тордохгүй бол маш аюултай. Тиймээс piercing хийлгэх шийдвэр гаргахаас чинь өмнө анхаарах хэдэн зүйлсийг хэлж өгье.

Piercing хийлгэхийнхээ өмнө анхаарах зүйлс:

Биеийн байдал

Биедээ ээмэг хийх нүх гаргах нь жижиг төрлийн мэс ажилбарт ордог ба хийлгэхийн өмнө биеээ бэлдэх шаардлагатай байдаг. 

Piercing хийлгэх газар руугаа явахын өмнө эхлээд сайн хооллож, цусан дахь сахарын хэмжээгээ хангалттай түвшинд аваачих шаардлагатай. Өлөн ходоодтой байх нь ухаан алдах магадлалыг нэмэгдүүлнэ.

Мөн мэргэжилтнүүд жирэмсэн, эсвэл хэт бага насны хүүхдэд piercing хийлгэхгүй байхыг зөвлөдөг.

Сэтгэл зүйн байдал

Сэтгэлийн гэнэтийн хөдөлгөөнөөс болж цоолбор хийлгэснийхээ дараа удалгүй битүүрүүлэх тохиолдол олон байдаг ба хийлгэхийнхээ өмнө сайтар бодож үзээрэй.

Piercing хийлгэх үедээ анхаарах зүйлс:

Ариун цэвэр

Цоолох багаж хэрэгсэл, дараа нь зүүх ээмэг, цоолж байгаа хүний гар гэх мэт эргэн тойрны бүх зүйлс ариутгасан байх шаардлагатай. Хангалттай ариун цэвэр сахиагүйн улмаас шарханд бохир орж аюултай нөхцөл байдал үүсэж болно шүү.

Тиймээс, мэргэжлийн, ариутгал сайтай газраар үйлчлүүлбэл илүү тохиромжтой.

Цоолох арга

Хамгийн түгээмэл 2 цоолох арга байдаг:

  • Зүүгээр 
  • Буугаар

Буугаар цоолуулах нь илүү хямд, хурдан өвдөлт багатай санагдаж магадгүй ч үүсэх эрсдэл, үр дагаврыг нь авч үзвэл тийм ч сайхан санаа биш юм.
Хэчнээн цэвэрхэн байсан ч буугаар цоолуулах нь нэг удаагийн зүүгээр цоолуулахаас эдгэрэх хугацаа хамаагүй удаан. Мөн буудахад ашиглаж байгаа ээмэгийг ариутгаж болох ч бууг цэвэрлэх боломжгүй байдаг тул бохир орох магадлал өндөр юм.

Өвдөлт

Өвдөлт нь цоолуулж байгаа хүний өвдөлт мэдрэх түвшин, цоолж байгаа хүний туршлагаас их хамаардаг ч биеийн зарим хэсгүүд бусдаасаа илүү өвдөх ч бий, бага өвдөх ч тохиолдол бий.

Хамгийн их өвддөг хэсгүүд бол:

  • Хамар
  • Чихний зузаан мөгөөрстэй хэсэг
  • Арьсны нэг талаас нь ороод, буцаж гарч ирдэггүй цоолбор
  • Бэлэг эрхтэн
  • Хөхний толгой

Хамгийн бага өвддөг хэсгүүд бол:

  • Чихний гэдэс/нимгэн мөгөөрстэй хэсэг
  • Хүйс
  • Хэл
  • Хөмсөг

Гэхдээ ямар ч piercing тодорхой хэмжээнд өвдөнө гэдгийг санаарай.

Piercing хийлгэсний дараа анхаарах зүйлс:

Хавдар ба улайлт

Аль хэсэгтээ, ямар нөхцөл байдалд цоолуулснаасаа хамаарч хавдалтын хэмжээ өөр өөр байдаг. Бүх piercing бага зэрэг улайж, хавддаг ч хэт их хавдаад цус шүүрч эхлэвэл ээмгээ чихнээсээ авахгүйгээр (авбал хавдар биеэр тархдаг) эмчид хандах шаардлагатай.

Ариун цэвэр ба арчлалт

Шивээсний хамгийн төвөгтэй үе нь яг хийлгэж байх үеийн өвдөлт байдаг бол piercing-ийнх эдгэж байх үе байдаг. 

Арчлахдаа өдөрт 3-4 удаа иоджуулаагүй давстай усаар угаах хэрэгтэй байдаг ба хөндөхгүй болгоомжтой байх хэрэгтэй. Мөн  хэсэгтээ усан санд сэлэхгүй байхыг зөвлөдөг.

Хийлгэх процесс нь бага зэрэг яривагтай ч бүрэн эдгэсний дараа байгаа үгүй нь ч мэдрэгдэхгүй болдог. Тиймээс, piercing хийлгэмээр байвал сайн бодож үзэж, өөрийгөө бэлдээрэй. Хийлгэчихсэн бол маш сайн арчлаад, эдгэснийх нь дараа хүссэн ээмгээ зүүгээд гоёод яваарай.

Эх сурвалж:Healthline

 

 

 

 

#Гоо сайхан