“Attack on titan” буюу Довтолгооны үлэмж биетэн анимийн 4-р бүлэг тааварлашгүй үйл явдал, гайхалтай зураглалаараа Penthouse-тай дүйцэхүйц байлдан дагуулж байна. Олон олон үхлээрээ ч төстэй байж мэдэх л юм. Хэнийг ч юунд ч буруутгаж, зөвтгөж, юуг ч зөв буруу гэж ялгахын аргагүй бүлэг. Далайн цаана бүхэл бүтэн ертөнц байхын чинээ, бүхэл орчлон гэж гурван бүлэг итгэж үзсэн Paradis арал үнэндээ ертөнцөд хаягдсан газар байсан гэж хэн санах билээ дээ.
Энэ улирлын хамгийн их үзэн ядуулсан дүр магадгүй Gabi Braun. Үлэмж биетэнд бус амьд хүний гарт амь тавьж байгаа цэргүүд илүү өр өвтгөм байсан билээ. Энэ ч утгаараа Gabi ихээр үзэн ядуулсан байх. Гэхдээ юунд ч түүнийг буруутгах аргагүй. Gabi-гийн хувьд амар тайван амьдралыг нь сүйтгэж хайртай хүмүүсийг нь алж, хотыг нь сүйтгэсэн “Паради арлын чөтгөрүүд” шүү дээ. Тийм л ихээр алахыг хүсэж, үзэн ядсан чөтгөрүүд. Хүндэлж явсан удирдагч Zeke урвасан нь бүүр том цохилт болсон. Өшөөт газар Паради арал дээр Gabi-гийн бодол ихэд өөрчлөгддөг. Түүний аминд нь хүрсэн Sasha зүгээр л нэг цэрэг байсныг тэгэхэд л дөнгөж ойлгож авав. Бас Паради арлын чөтгөрүүд гэж боддог байсан хүмүүс нь үнэндээ зүгээр л Marley-н иргэд шиг хүмүүс байсныг ч ойлгож өөртэйгөө тэмцэлдэж бас харамсдаг. Чухам энэ хэсгийг л үзээд түүнийг жаахан охин гэдгийг гэнэт санах шиг болж билээ. Тоглож наадах насан дээрээ хүн алж сурч, магтуулахын төлөө алуурчин шиг байсан түүний хувь заяа үнэхээр өрөвдмөөр. Эцсийн эцэст хэн болж төрсөн нь хүүхдийн буруу биш. Дайн дажнаас хамгийн том шархыг авах хүн нь хүүхэд гэдгийг улирлын хориод ангийн турш энэ дүр бодогдуулна.
Сэтгэл санааг минь хамгийн ихээр савлуулж чадсан дүрүүдийн нэг Levi Ackerman. Marley руу дайрч байх үед түүний Zeke-тэй хийсэн тулааныг хэд үзсэн ч үл уйдна. Сэтгэл огшоож, нүд баясгасан энэ улирлын үл мартагдах хэсгүүдийн нэг. Есөн үлэмж биетнээс ч дутахааргүй хүчирхэг, царайлаг дүр маань Part хоёрын эхний анги дээр үхэж биднийгээ айлгаад авсан. Levi-г тийм байдалтай байгааг хараад тэр ертөнц үнэхээр авралгүй болжээ гэж санагдсаныг нуухгүй. Хүн төрөлхтний хамгийн хүчирхэг дайчин хүчин мөхөстөх цаг дор хэн Zeke, Eren хоёрыг зогсоож чадах билээ гэж тэрхэн зуур бодогдсон сон. Сүүлийн хоёр анги дээр Levi эдгэрч дахин сэтгэл догдлуулам тулаан хийнэ гэж найдаж байна.
Eren Yeager хэзээнээс бүхэл ертөнцийг хүйс тэмтрэхээс ч буцахгүй харгис нэгэн болсныг одоо ч эргэцүүлэн сууна. Mikasa-г аварсан тэр үеэс л харгис нэгэн байсан байж мэдэх юм. Гурван хананы дунд хоригдон амьдарч, үлэмж биетний дайралтад өртөж, ээжийгээ нүдэн дээрээ алдсан тэрээр дайны хөл үймээний зовлонг, үзэн ядах, жигших хайртай хүнээ алдах шаналлыг хамгийн сайн ойлгох нэгэн. Тэгсэн атал бүх л ертөнцийг хүйс тэмтрэхээр шийдсэн түүний шийдвэр үнэхээр харгис, гайхмаар. Гэвч энэ л Паради арлын тайван амьдрах ганц зам мэт санагдана. Худал дүр эсгэн Zeke-гийн төлөвлөгөөг даган өөрт эрхэм хүмүүсээ аврах гэсэн хүслийг буруутгах аргагүй. Чухам ийм л учраас энэ бүлгийн үйл явдал бүрийг хоёр талаас нь тунгаан, юунд ч, хэнд ч бурууг өгөхийн аргагүй болгосон юм.
Миний хувьд үнэхээр үзэн ядаж, жихүүцэм санагдсан ганц дүр бол Floch. Түүнийг алга болгохыг хүсэж байгаа хүн би ганцаараа биш гэж бодож байна. Дөрвөн бүлгийн мянга мянган үхэл, тэр мянган мянган амийг золиослон байж хамгаалан үлдсэн амины дунд Floch шиг энэрэлгүй алан хядагч байгаа нь шударга бус санагдаж бас харамсаж байна.
Зураглалын тухайд дурдахгүй байхын аргагүй. Олон анимэд харагддаггүй содон сайн зураглалтай болсон. Дүрүүдийн сэтгэл хөдлөл, үйл явдлыг гайхалтай өнгө төрхөөр гаргаснаар үзэхэд улам сонирхолтой болгож байлаа. Зарим зураглалаас сонирхуулбал:
Энэ улирлын анги бүрийг үзэх бүрт зүрхний цохилт түргэсэж, долоо хоногийг хуруу даран тоолж дараагийн ангиа хүлээн хайрлан үзэж байна. "To be continued" гэсэн бичгийг харахад бага зэрэг цухалдах сэтгэл төрдөг ч ганцхан ангийн дараа энэ бичгийг харахгүй гэж бодохоор харамсалтай. Есөн жил бидэнтэй хамт байсан анимийнхаа төгсгөлийг догдлон хүлээж байгаа ч “Дуусчихвал яана аа” гэсэн хөнгөн гуниг төрж байна. Ингээд Attack on titan анимийг үзэж эхлэх гэж байгаа бол сэтгэлээ бэлдээрэй хэмээн зөвлөж байна. Тоо томшгүй их үхэл, уй гашуутай үйл явдал ихээр өгүүлнэ. Гэвч тааварлашгүй үйл явдал, гайхалтай тулаанууд, дүрүүдийн хүсэл эрмэлзэл чиний сэтгэлийг догдлуулж, уйдаахгүй гэдэгт амлаж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх