Тэдний хайрын түүх: Choi Tae Joon ба Park Shin Hye


Сүжи | YOLO.MN
2022-03-24

Өмнөд Солонгосын алдартай хосуудын хайрын түүхийг хүргэж буй цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт жүжигчин Choi Tae Joon болон Park Shin Hye нарыг онцолж байна. Тэд 2021 оны арваннэгдүгээр сарын 23-нд хуримын зар болон хөл хүнд болсон талаараа олон нийтэд хуваалцсан билээ. Улмаар энэ оны нэгдүгээр сарын 22-нд гэрлэлтээ албан ёсоор батлуулж алдартан хосуудын тоог нэгээр нэмсэн юм. Ингээд тэдний хайрын түүхтэй танилцъя.

ИЖИЛХЭН ИХ СУРГУУЛЬ

Тэд хоёул Chung Ang их сургуулийн театр урлагийн тэнхимд суралцсан бөгөөд кино урлагийн салбарт хүчин зүтгэж буй ижил сургуулийн төгсөгчид гэдэг утгаараа анх найзууд болцгоосон гэдэг. Түүнчлэн тэд хоёулаа жүжигчний карьераа бага наснаасаа эхлүүлсэн бөгөөд Park Shin Hye-гийн хувьд 13 насандаа “Stairway to Heaven” (2003), Choi Tae Joon-ий тухайд 10 настайдаа “Piano” (2001) цувралд дүр бүтээжээ. 

Тэдний гол дүр бүтээсэн алдартай цувралуудаас дурдахад “You Are Beautiful” (2009), “The Heirs” (2013), “Doctors” (2016), “Missing 9” (2017), “Suspicious Partner” (2017) зэрэг бүтээлийг нэрлэж болох юм. 

2012 ОН: ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛД АНХ УДАА 

Тэд 2012 онд үзэгчдийн хүртээл болж байсан “The King of Drama” инээдмийн цувралд зочин дүрээр оролцож, дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тогложээ. Тухайн үед найзуудын харилцаатай байсан тэд хоёул жүжигчний карьерынхаа тал дээр ихээхэн анхаарч, шаргуу ажиллаж байв. Жүжигчин Park Shin Hye “Би хэрэв болзвол олон нийтэд ил болгохыг хүсэхгүй байна. Хүн хувийн амьдрал болоод ажлаа хооронд нь ялгаж салгадаг байх хэрэгтэй” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдаж байсан юм. 

2017 ОН: НУУЦ БОЛЗОО

Хэдийгээр хоёр талд өөрсдийн ажилд төвлөрч байсан ч папарацциуд болон шүтэн бишрэгчид нь тэднийг болзож буйг анзаарч байсан юм. Тодруулбал 2017 онд Koreaboo вэбсайтад тэднийг хилийн чанадад аялаж байна гэсэн гарчигтай зураг, видео бичлэгүүд цацагдсан ба шүтэг бишрэгчид нь тэднийг гарцаагүй үерхэж байгаа гэж сошиал ертөнцөд шуугиж байв. Ийнхүү цуу яриа гарсан ч хос хоёр өөрсдийн харилцаагаа үгүйсгэсээр байсан бөгөөд Park Shin Hye-гийн харьяалагддаг агентлагаас тэднийг зөвхөн найзуудын харилцаатай хэмээн няцааж байсан билээ. Гэвч шүтэн бишрэгчдийн зөв гэдгийг тэдний өмсөж байсан ижилхэн цамц, аяллын зургууд баталж байсан юм.

2018 ОН: НЭГ ЖИЛИЙН ДАРАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ

2017 онд тэднийг болздог тухай мэдээ гарснаас хойш нэг жилийн дараа буюу 2018 онд болзож буй зургийг нь Dispatch цацав. Ийнхүү хоёр талын агентлагууд нөхөрлөлөөс эхэлсэн дотно харилцаа гэдгийг хүлээн зөвшөөрч албан ёсоор уг мэдээллийг баталсан билээ. Албан эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдний харилцааг гэр бүл болон ойр дотнын найзууд нь мэддэг байсан бөгөөд хамтдаа цагийг өнгөрүүлдэг байжээ. Харилцаагаа хүлээн зөвшөөрснөөс хойш тэд романтик харилцаагаа нээлттэй болгож, олны нүдэн дээр болзох нь элбэгшсэн юм.

2019 ОН: АЛСЫН ЗАЙНЫ ХАРИЛЦАА

2019 оны наймдугаар сард жүжигчин Choi Tae Joon хоёр жилийн хугацаат цэргийн албанд татагдан тэд алсын зайны харилцаанд шилжив. Энэ үеэс тэднийг завгүй цагийн хуваариас үүдэн салсан гэх цуурхал гарсан бөгөөд тус мэдээллийг няцаах мэт тэд хамтдаа дуучин IU-ийн тоглолтыг үзэж буй зураг, бичлэг цацагдсан юм. 
Түүнчлэн жүжигчин Park Shin Hye 2020 онд гол дүрийг нь бүтээсэн “Alive” киноны ярилцлагынхаа үеэр хосын харилцааны талаарх асуултад “Бид харилцаагаа олон нийтэд ил байлгахыг хүсэхгүй байгаа” гэж хариулсан нь харилцаа үргэлжилж буйг баталсан.

ХУРИМЫН ЗАР БА ХӨЛ ХҮНД БОЛСОН МЭДЭЭ

2021 оны тавдугаар сард Choi Tae Joon албан ёсоор цэргээс халагдан тэдний хувьд харилцаагаа ийнхүү дөрвөн жилийн дараа өөр түвшинд гаргах болсон талаараа мэдэгдсэн юм. Тодруулбал, өнгөрөгч оны арваннэгдүгээр сард 2022 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр хуримлах гэж байгаа тухай мэдээллийг олон нийтэд дэлгэсний сацуу хөл хүнд болсон талаараа ч дуулгаад амжив. 

Park Shin Hye өөрийн захидалдаа: 

- "Сайн байцгаана уу, Park Shin Hye байна.
Саяхан анхны агентлагтайгаа 20 жилийн өмнө байгуулсан гэрээгээ олж харлаа. Тухайн үед дөнгөж зургадугаар ангийн сурагч байсан бөгөөд хоёр жилийн дараа гэхэд жүжигчний карьераа эхлүүлж байв. Үүнээс хойш бүхэл бүтэн 18 жил өнгөрчээ. Цаг хугацаа ч үнэхээр харвасан сум шиг өнгөрөх юм.
Энэ бүх хугацаанд намайг хайрлаж, урам өгч байсан хүмүүсийн тусламжтайгаар би олон төрлийн төсөл, ажлуудад оролцож, өөрийгөө олон талаас нь харуулсан билээ. 
Камерын дурангийн өмнө аз жаргалтай байсан цаг хугацаа олон хэдий ч амаргүй үе ч мөн байсан. Энэ үед шүтэн бишрэгчид минь надад хүч чадал, урам хайрлаж байсан билээ. “Хүчтэй байгаарай” гэж хэлсэн хоёрхон үг чинь л надад их дэм болж байсан юм шүү.
Тиймдээ ч одоо та бүхэнд ийм мэдээ дуулгана гэхээс сандарч байна. Гэсэн хэдий ч та бүхнийг энэ мэдээг хамгийн түрүүнд сонсоосой гэж хүслээ.
Би тун удахгүй гэрлэж гэж байгаа. Тэр хүн урт удаан хугацааны турш миний түшиг тулгуур болж, миний хамгийн сул дорой зан чанарыг ч тэвчиж, хүлээн зөвшөөрсөн нэгэн. Тиймээс бид хуримаа хийхээр төлөвлөж байна.
Үүнээс гадна энэ мэдээг дуулгахад хэтэрхий эрт байж болох ч бид гэр бүлдээ нэгэн шинэ гишүүнийг хүлээн авахаар бэлдэж байна. Би хүний эхнэр, хүүхдийн ээж болсон ч та бүхэнд өөрийнхөө хамгийн сайн сайхан талыг харуулахаар хичээх болно. 
Эцэст нь, алдаа дутагдалтай хэдий ч намайг хайрлаж дэмжсээр ирсэн та бүхэндээ баярлалаа. Хэдийгээр ойрын хэдэн жилдээ биш ч аль болох хурдан хугацаанд жүжигчний хувиар эргэн ирэх болно. 
Тэр хүртэл эрүүл энх сууцгааж байгаарай"
гэж бичжээ. 

 

#Кино урлаг #Оддын тухай