Анимаци кино урлагийг бие даасан салбар болон сүүлийн жилүүдэд хэрхэн хөгжиж буйг кино сонирхогч хүн бүр анзаарч харж, гайхан биширч байгаа нь лавтай. Сүүлийн жилүүдэд Оскарын шилдэг анимаци төрөлд ялсан бүтээлүүдийг эргэн санахад энэ бүхэн батлагдана. Тэгвэл чи бидний сайн мэдэх энэ салбарын акулууд Disney, Pixar, Dreamworks зэрэг студийн араас шил даран орж буй Sony Pictures-ын бүтээсэн Оскарын шагналт Spider-Man: Into the Spider-verse (2018)-ыг санаж байна уу? Тус бүтээл дүрслэлийн гайхамшигт шийдэл, нүд булаам үзэгдлээрээ биднийг гайхшруулж, сэтгэл баясгасан шүү дээ.
Тэгвэл энэхүү гайхалтай бүтээлийг бүтээгчдийн ээлжит шинэ анимаци болох Mitchells vs Machines нь гэр бүлийн нандин харилцаа болон технологийн эрин үеийн хэрхэн нөлөөлж буйг харуулсан сонирхолтой бүтээл юм.
Хүн төрөлхтөн түүхийнхээ сүүлчийн 100 жилийн хугацаанд урд хожид байгаагүй үсрэнгүй хөгжсөн билээ. Биднийг өөр хооронд нь холбодог харилцаа холбооны сүлжээ сүүлчийн гучхан жилд буюу 1990 оноос хойш супер үсрэнгүй хөгжсөн гэдгийг бид бүгд мэднэ. 1960 онд хэн нэгэн “Бид гарынхаа алганаас томгүй шилэн нүүртэй гар утастай болно. Тэгээд тэр утсаараа хэн нэгэнтэй, өнгөтөөр царай царайгаа харалцан хүссэн хугацаагаараа ярьж болно. Мөн энэ дэлхийн хаана ч байгаа хүнтэй хүссэн үедээ хуруугаа хөдөлгөөд л мэдээлэл дамжуулж чаддаг болно” гэх мэтчилэн одоо үеийн энгийн хэрэглээг ярьж, зөгнөсөн бол тэр хүн гарцаагүй галзуугийн эмнэлэгт очих байсан биз. Тэр үеийн хүмүүст буруу байхгүй. Хэний ч тархинд тийм гайхамшигт, ид шидийн зүйл бодитоор орж ирэхгүй шүү дээ. Гэхдээ л тэр бүхэн биелсэн. Бид харилцаа холбоо , мэдээлэл дамжуулах зэргийг асар амархан болгох боломжийг нээн илрүүлсэн. Интернет гэх агуу зүйлийг бий болгосон. Гэвч сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн шинэ асуудалд санаа зовох болсон нь “Өөрсдийн зохиосон энэ технологийн хэрэгцээний боол болж байгаа юм биш биз?” гэсэн зовнил юм. Өнөөдөр интернетгүйгээр чи хэд хонож чадах вэ? Фэйсбүүк , Инстаграм , Юүтүб зэрэг бидний өдөр тутамдаа, цаг мөч бүр дурлан ашигладаг зүйл байхгүйгээр хэр удаан байж чадах вэ? Энэ бүхнийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Эдгээр зүйлс биднийг кофе, элсэн чихэр шиг өөртөө донтуулж орхисон нь одоо хэн ч үгүйсгэж чадахааргүй бодит факт болжээ. Тэгвэл хүн технологийн эзэн нь болохоос боол нь биш, бид илүү амьд харилцааг дээдэлж, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх нь зүйтэй гэх санааг илэрхийлэхээр энэ анимацийг бүтээжээ. Гэхдээ бид ирээдүйг хэлж мэдэхгүй. Бид хүссэн хүсээгүй энэ бүхэнтэй улам нэгдэн бүр ч илүү технологийн хамааралтай болж магадгүй.
Тэр ч бүү хэл бидний олон удаа давтан, янз янзаар зөгнөн хийсэн роботуудын тухай кинонууд ч биеллээ олж болох цаг ойртсоор. Эцсийн дүнд хүн гэдэг амьтан сэтгэл хөдлөл, өөрсдийн зовлон шаналал, баяр баясал, үзэн ядалт, хайр дурлал зэрэг мэдрэмжээрээ л ялгардаг шүү дээ. Уйлах, инээх хэвийн зүйл. Хэн нэгнийг өрөвдөж нулимс дуслуулан, хэн нэгнийг шоолж инээн баясаж байгаа цагт хүн ХҮН хэвээрээ байна гэсэн үг. Технологийн хөгжил хүний төлөө байж, хүний амьдралыг илүү зугаатай, хөгжилтэй, хамгийн гол нь амар хялбарт хүргэх ёстой болохоос хүний амьдралын гол тэжээгч хүч, амин сүнс нь байж болохгүй юм.
Хүүхэлдэйн кино гэж нэрлэчхээд тэрийгээ зөвхөн хүүхэд үзэхэд зориулсан зүйл хэмээн эндүүрч болохгүй. Энэ бол биеэ даасан салбар болон хөгжиж өөрийн өнгө төрх, хийц чанараараа ялгардаг урлаг юм. Animation буюу Анимаци гэдэг урлаг цаашид улам хөгжсөөр байх болно. Энэ бүхэн харагдаж байгаагаасаа илүү гүн утга санаатай, илүү хүний асуудлыг хөндсөн, бидний үздэг уран сайхны кинонуудтай эн тэнцэхүйц болсоор байна. Ямар нарийн ур хийцтэй болж, бодит байдалд илүү дөхөж байгааг бид Coco, Soul гэх анимациудаас харсан шүү дээ.
Тиймээс та бүхэнд 94 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслол Оскарт нэр дэвшээд буй The Mitchells vs. the Machines киног санал болгож байна. Чамд гарцаагүй нэг зүйлийг бодуулах болно гэдэгт итгэлтэй байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх