TEDx Talks: ХЭЛ СУРАХДАА ХЭРХЭН МАРТАХГҮЙ БАЙХ ВЭ?


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-03-21

Хэдэн мянган үг цээжилж, дүрэм тогтоосон ч төд удалгүй мартаад байна уу? Өөрийгөө хэл сурах авьяасгүй гэж дүгнэн, түүндээ шантраад сууж байгаа юм биш биз. Тэгвэл TEDx-ийн шилдэг илтгэлүүдийн нэг Gabriel Wyner-ийн “Хэл сурахдаа хэрхэн мартахгүй байх вэ?” илтгэлээс зөвлөгөө бэлтгэн хүргэж байна. 

Gabriel Wyner нь “Fluent Forever” номын зохиолч бөгөөд 32 насандаа зургаан хэлийг төгс сурч чадсан нэгэн. Тус зургаан хэлийг насанд хүрсэн хойноо сурч эхэлсэн бөгөөд өөрийн хэл сурах арга барилаа олж чадсан юм. Түүний хэрхэн хэл сурсан туршлагатай танилцацгаая.

Бид дунд ангиасаа эхлэн тав, зургаан жил англи хэл үзсэн хэр нь, таван настай америк хүүхдээс англи хэлээр муу ярьж, ойлгодог. Хүүхэд хэл сурах тал дээр томчуудаас илүү давуу талтай ч, томчууд хэл сурч чадахгүй гэсэн үг биш.

Хүүхдийн хэл сурах чадвар яагаад томчуудынхаас илүү байдаг вэ?

Нэг. 6-12 сартай хүүхэд хэлийг бидний чаддаггүй байдлаар сонсож чаддаг. Гэхдээ энэ чадвар яваандаа сулардаг.

Хоёр. Хүүхдүүдэд айдас гэж огт үгүй. Тэдэнд дүрмийн алдаа гаргах вий, энэ үгийг буруу дуудчих вий гэсэн айдас байдаггүй. Хүүхдүүд үгийг мэддэг ч бай, мэддэггүй ч бай, дурын харилцан яриандаа оруулж ашигладаг. Харин бид алдаа гаргахаас айж, харилцан ярианд орохдоо өөрсдийгөө хойш нь татдаг.

Гурав. Тэдэнд аливаа хэлийг суралцах хангалттай цаг хугацаа байдаг.

Амжилттай хэл сурахын тулд бидэнд маш сайн арга барил хэрэгтэй. Үүний тулд хэл сурч байхдаа ойлгож авсан туршлагаасаа хуваалцъя. 

Би багаасаа л дуу дуулах сонирхолтой байсан. Тиймдээ ч дуурийн сургуульд суралцахаар шийдсэн юм. Гэхдээ дуурийн дуулаач гэх мэргэжлийг эзэмшихийн тулд Итали, Герман, Франц хэл сурах хэрэгтэй байв. Эдгээр гурван хэлний нэг хэлээр нь ч ярьж чаддаггүй надад хүндхэн сорилт байлаа. Гэсэн хэдий ч би тус гурван хэлийг чөлөөтэй ашиглаж сурсан.

Яаж хэл сурсан арга барилаасаа хуваалцахаас өмнө хоёр үгний талаар яръя.

Fйnykйpezőgйp- камер

Эхний үгийг бид хичээл дээрээ сурдаг. Бид нар Унгар хэл сурч байгаа шүү. Багш самбарт Fйnykйpezőgйp гэж бичээд камер гэж орчуулна. Энэ мэтчилэн 40 үг бичиж дараагийн хичээл дээр цээжилж ирсэн байх ёстойг сануулав.

Moktor- Нялцгай, ялзарсан загасны амттай, наалдамхай ногоон виски

Хоёр дахь үгийг бид арай өөр аргаар сурдаг. Чи найзтайгаа хамт Скандинавын хаа нэгтээ бааранд сууж байна гэж төсөөлье. Хажууд чинь 6 хөгшин үйлчлүүлэгч байгаа. Бармен нь гурван шилэн аяга, нэг лонх гаргаж тавина. Лонхны ёроолд MOKTOR гэж бичсэн байх ба бармен нь “MOKTOR” гэж хэлээд ямар нэг юм шилэн аяга руу аягалж эхлэв. Дараа нь асаагуур гаргаж ирээд гурван шилэн аяганд гал асаалаа. Тэрээр “MOKTOR” гэж хэлээд шилэн аягтай бэлтгэсэн зүйлийг чамд өгнө. Бүх үйлчлүүлэгчид MOKTOR MOKTOR MOKTOR гэж чангаар хэлээд ууж эхэлнэ. Чи ч мөн адил аягатай шингэнийг аваад “MOKTOR” хэмээн үлээгээд ууж орхино. Тэр чиний амьдралдаа уусан хамгийн муухай амттай зүйл байв. 

Юу хэлэх гээд байна вэ гэхээр, дурсамж бол гайхалтай зүйл. Дурсамжууд нь бидний тархины хэсгүүдийн холбоос хооронд хадгалагддаг. Тэдгээр шилэн аяганууд, муухай амттай ногоон шингэн, бармен, үйлчлүүлэгчдийн инээлдэх дуунууд бүгд хоорондоо холбогдож байж MOKTOR гэх үг чиний тархинд хэзээ ч мартагдахгүйгээр цээжлэгдсэн байх болно. Харин Унгараар камер гэх үг iPhone-ний камер эсвэл зураг авч байгаа дуу чимээ, авахуулсан зургаа харахад мэдрэгдэх мэдрэмж гэх зэрэг ямар ч зүйлтэй холбогдоогүй. Тиймээс та мартсан байгаа.

Би Франц хэл сурч байхдаа үүнийг ойлгож авсан юм. Сургуулиас франц хэлний түвшин тогтоох шалгалт авахаар болов. Тухайн үед би франц хэлний анхан шатны ч мэдлэггүй байлаа. Тэд түвшин тогтоох шалгалтыг онлайнаар авсан нь энэ бүх зүйлийн эхлэл болсон юм. Би онлайн шалгалт өгч байхдаа хуулж, эсээгээ Google Translate ашиглан бичээд дүрмийг нь интернэтээс хайж шалгалтаа өгч дуусгасан. Харин үүний дараа “Баяр хүргэе та түвшин тогтоох шалгалтдаа амжилттай оролцож дунд түвшний хичээлд суухаар боллоо, гурван сарын дараа бид таны ярианы түвшнийг шалгах болно” гэсэн мэйл ирлээ. Тэр үед би ихээхэн сандарч өдөр бүр зайтай давтах системийг ашиглан үг цээжилж түвшнээ ахиулахыг хичээв. Үг цээжлэхдээ карт ашиглаж цээжилдэг байв. Гэхдээ карт хийхдээ ард нь орчуулгыг нь бичилгүйгээр зураг оруулдаг байлаа. Хэрэв би францаар нохой гэдэг үгийг сурахыг хүсвэл google дээр францаар тэр үгийг бичээд хайна. Тэдгээр зурагнаас харсан үгээ цээжилж өгүүлбэр бүтээнэ. Үг болон дүрмийг өгүүлбэрт хоосон зай үлдээх байдлаар сурч байлаа.

Удалгүй ярилцлагын цаг болов. Нэг өрөөнд франц хүнтэй ярилцахаар хуваарилагдаж, “Bonjuir” гэж бидний яриа эхэллээ. Гайхмаар зүйл нь түүний асуулт бүрд нь би хариулт өгч чадаж байв. 15 минут хэртэй ярилцсаны дараа багш минь надад чиний франц хэлний түвшин ахисан түвшинд хүрчээ гэж хэлсэн юм. Зун дуусах үед би франц хэлээр чөлөөтэй ярьж чаддаг болсон.

Хэрэв чи хэлийг үр дүнтэй сурахыг хүсвэл тэр хэлэнд амьдрал өгөөрэй. Үг бүрийг дуу авиа, зураг, үнэр, амт, өөрийн мэдрэмж сэтгэлтэй холбох хэрэгтэй. Дүрмийн хэсэг бол зүгээр л нэг хиймэл зүйл байж болохгүй. Харин амьдралын чинь аль нэг түүхтэй холбоотой байх хэрэгтэй. Хэрэв чи энэ арга барилаар хэл сурах юм бол, хэзээ ч мартахгүйгээр санах болно. Тэгээд хэл сурахад бурхнаас өгсөн ямар нэгэн авьяас  шаардлагагүй гэдгийг ойлгоно. 

 

#Боловсрол #TEDx Talks