К-Драма: Үзэгчдийн хайрыг булаасан туслах дүрийн хосууд


Хасбаатар | YOLO.MN
2022-03-16

К-Драма үзэх бүрд гол дүрийн хос үргэлж нүд булаадаг шүү дээ, гэвч зарим тохиолдолд туслах дүрийн буюу “хоёрдогч” хосууд гол дүрүүдээсээ ч илүү үзэгчдийн хайрыг татах нь бий. Гол дүрүүд маань хоёр талд “эморч” байхад тэд л киног сонирхолтой, үзүүштэй болгодог шүү дээ. 
За ингээд зарим үед гол хосоосоо ч илүү хайр татам байсан туслах дүрийн хосуудтай танилцацгаая.

Эрлэгийн элч, Sunny – “Goblin: The Lonely and Great God (2016)”

Жүжигчин Lee Dong Wook, Yoo In Na нарын харилцаа цаанаа л нэг нандин. Тиймдээ ч тун удахгүй хамтдаа “Touch Your Heart” гэх бүтээлд гол дүрүүдийг бүтээсэн биз. 

Han Jun Woo, Lee Hee Kyung – “True Beauty (2020)”

Шилдэг зурагт номоос дэлгэцийн бүтээл болох явцдаа энэ драма зарим үед танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн. Тэр томоохон нэмэлт өөрчлөлтүүдийн нэг нь гол дүрийн охины эгч, ангийн багш хоёрын харилцаа. Зураад тавьчихсан юм шиг царайлаг өсвөр насныхны хайр дурлалын явдал дунд энэ хоёрын маань харилцаа маш содон байж билээ. 

Sung Sun Woo, Sung Bo Ra – “Reply 1988 (2015)”

Энэ нандинаас нандин драмаг үзсэн хүн бүр Sun Woo-г Deok Sun-тай гэрлэнэ гэж бодсон байх, тийм ээ? Гэсэн ч төсөөлөөгүй эргэлт гарч ээжийн сайн хүү Sun Woo маань, адаар ааштай айлын том эгч Bo Ra-тай нийлчихдэг шүү дээ. Ер нь тэр нь ч сайн зүйл болсон юм. Хэчнээн хөөрхөн байгааг нь хараач.

Ki Yu Ri, Koo Shin Joo – “Tale of the Nine Tailed (2020)”

Үлгэр домгийн нэг баатар энгийн бүсгүйтэй учирч эмгэнэлтэй хайрын түүх эхэлдэг, хэцүүхэн хувь тавилантай тэмцэж нулимс бардаг төрлийн драма одоо ч “моод”-ноос гарах болоогүйг харуулсан энэ цувралд гол дүрүүдийнх нь харилцаа дэндүү түргэн, амтгүй гэх шүүмжлэл их байсан ч туслах дүрийн хосууд баргийн зүйлд сэтгэл нь ханадаггүй үзэгчдийнхээ амыг харин ч нэг таглах шиг болсон доо. 

Oh Bit Na, Nam Gyu Hyun – “Nevertheless (2021)”

“Nevertheless” бидэнд нэг ч биш, хоёр ч биш, бүр нэлээд хэдэн романсыг нэг дор залги гээд өгчихсөн. Хэтэрхий мелодрама гэмээр энэ цувралд туслах дүрүүд нь амь оруулж өгсөн гэмээр. Тэдний дундаас Oh Bit Na, Nam Gyu Hyun нарын харилцаа цаанаа л нэг гоё. Хэрэв жүжигчин Kim Min Gwi-тэй холбоотой хэл ам гарч оролцсон хэсгүүдийг нь танаагүй сэн бол гол дүрийн хосоос илүү хайрлагдах байсан ч юм билүү.

#Кино урлаг