Юун түрүүнд батга гэж юу болох ямар шалтгаанаар гардаг гэдгийг мэдэж авцгаая.
Батга гэж юу вэ?
Батга гэж тосны булчирхайн архаг, дахилттай, үсний уутанцарыг хамарсан өвчин юм.
Өсвөр насныхан болон залуучуудад дааврын нөлөөгөөр тосны булчирхай ихээр байрлах дух, шанаа, хамар уруулын гурвалжин, хэнхэлдэг цээж, ар нуруу, сэрвээ, 2 далны хооронд гүвдрүү, идээт цэврүү, зангилаа гардаг.
Батга яаж үүсдэг вэ?
Өсвөр насны үед цусанд андроген, эстроген дааврын ялгаралт ихсэж адреноген дихидротестостероны (DHT) нөлөөгөөр тослогийн булчирхайн шүүрэл эрс ихэсдэг. Тос их хэмжээгээр ялгарснаас үсний уутанцарын угт эвэршилт үүсэх ба үхжсэн эд эсүүд арьсны тослогтой холилдож, үсний уутанцарын амсарт эвэршилт явагдаж тосон бөглөө үүсгэж, арьсны нүхийг гаднаас нь бөглөж үрэвсүүлэн батга үүсгэдэг. Тослогийн булчирхай гаднаасаа бөглөөтэй, дотроосоо тос нь ялгарч чадахгүйгээс битүү агааргүй орчин үүсч, шөнийн турш батганы нян үржиж өглөө босоход үрэвсэлтэй хөндүүр улаан гүвдрүү-идээт цэврүүнцэрүүд гарч үсний уутанцаруудыг үхжүүлж хэсэг газрын үрэвслийг бий болгоно.
Батгашилтад хүргэдэг физиологийн хүчин зүйлүүд:
1. Батгашилт нь андроген дааврын шүүрлийн түвинтэй холбоотойгоос гадна тухайн хүний тослогийн булчирхай андроген дааварт хэр их мэдрэг байхаас их хамаарна. Үүнд: Тослогийн булчирхайд агуулагдах эсийн ферментүүдийн идэвхжил нь чухал үүрэгтэй
2. Батгатай хүмүүст Дихидротестостероны нийлэгшилт эрүүл хүмүүсийг бодвол 2-30 дахин өндөр байдаг.
3. Арьсны өнгөц давхаргын эд эсүүд 16-42 хоног тутамд нүдэнд харагдахгүйгээр байнга үхжиж гуужиж солигдож байдаг. Гэтэл тос ихээр ялгарах үед арьсны тослогтой холилдож, үсний уутанцарын амсарт эвэршилтийн процесс явагдаж тосон бөглөө үүсгэдэг.
4. Сарын тэмдгийн мөчлөг охид, эмэгтэйчүүдэд их нөлөөтэй. Сарын тэмдэг ирэх үеээс 4-5 хоногийн өмнөөс охидуудын 65%- д нь бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа илүү ихээр ажиллаж андростендион ба дегидроэпиандростерон сульфатыг ялгаруулдаг. Энэ нь тосны булчирхайг идэвхжүүлдэг.
Батгашилтад нөлөөлөх анхдагч эрсдэлт хүчин зүйлс:
1.Удамшлын хүчин зүйл: Эцэг эх 2 нь батгатай байсан бол 50% хүүхдэд нь удамшдаг. Нэг өндөгний ихрүүдэд 97,9%, хоёр өөр өндгөн эсүүдийн ихэрт бол 40% нь магадлалтай байдаг.
2.Хооллолт: Зарим хүнсний бүтээгдэхүүнүүд шоколад, самар, өндөг, халуун ногоо, тос өөх ихтэй мах, давс ихтэй хурц хоол нь андроген дааврыг 2 дахин илүү ялгаруулдаг.
3.Стресс: Байнгын сэтгэл зүйн дарамт хямрал нь сэдрээх хүчин зүйл нь болдог. Учир нь байнгын сэтгэл санааны хямрал нь төв мэдрэлийн системийг дарангуйлж дархлааны системд нөлөөлж батганы үрэвслийг даамжруулдаг.
4.Нойргүйдэлт: Байнгын нойр дутуу явах нь арьсаар тос ялгаруулах физиологийн үйл ажиллагааг алдагдуулдаг.
5.Байгаль цаг уурын байдал: Зарим үед нарны гэрлийн туяа ба хэт ягаан туяа (УФО) нь тослогийн булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлж, бактер үржих таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг.
Батгатай арьсаа зөв арчилаарай
1. Батганы эсрэг нүүрний угаагч гелээр өглөө, өдөр, орой халуун бүлээн усаар тогтмол угааж илүүдэл тос, арьсны бохирдлыг бүрэн арилгах хэрэгтэй.
2. Идээт үрэвсэл гарч байгаа хэсгээрээ эмчилгээний спиртэн суурьтай батга хатаах тоникоор өдөрт 2-3 удаа арчих
3. Батганы үрэвсэл, хөндүүр эмзэглэл багасгах, хатаах үйлчилгээтэй батганы эсрэг цэгэн байдлаар түрхдэг тосыг батгатай хэсэгт түрхэх
4. Батганд хэрэглэдэг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь ихэнхидээ хатаах үйлчилгээтэй байдаг тул арьс маш ихээр хуурайшдаг. Иймээс арьсыг маш сайн чийгшүүлж чийгшүүлэх тос байнга хэрэглэх шаардлагатай
5. Тослог ихтэй, батга гарах хандлагатай арьсанд аль болох арьсны нүх сүвийг бөглөхөөргүй, усан суурьтай, чийгшүүлэгч тосыг өдөр тутамдаа хэрэглээрэй.
6. Тосон суурьтай сүүн шингэн, тэжээлийн тос зэрэг нь арьсны нүх сүвийг бөглөж, батгыг улам ихэсгэдэг тул бүү хэрэглээрэй.
7. Батгыг ихэсгэх, сэдрээхэд нөлөөлдөг хоол хүнсийг аль болох хязгаарлаарай.
8. Хэрэв батга хүндэрсэн, үрэвсэл ихтэй байгаа тохиолдолд эмчийн дааврын дагуу тослогийн булчирхайн идэвхийг дарангуйлах эм, үрэвслийн эсрэг антибиотик зэргийг тодорхой хугацаагаар хэрэглэх хэрэгтэй.
9. Батгыг өөрөө шахаж оролдож хэрхэвч болохгүй. Учир нь бохир оруулж үрэвслийг хүндрүүлж, орчны эд эсийг хамарсан үрэвсэл үүсгэх ба эдгэхдээ ухсан мэт гүн сорвижилт үүсгэдэг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх