Түүх бүр “Амар сайхандаа жаргажээ” хэмээн төгсдөггүй. Аз жаргалтай, хөнгөн романтик кино “Би чамд хайртай” гэх үг, романтик үнсэлтийн дараа хөшгөө хааж, хайр дурлалыг тийм л хялбар зүйл мэтээр харуулдаг нь миний хувьд учир дутагдалтай санагддаг юм. Хөшиг хаагдсаны дараа цаана нь чухам ямар үйл явдал өрнөдгийг амьдрал бидэнд тодхон харуулдаг ч, түүнийгээ өргөн дэлгэцээр үзнэ гэдэг хүнд багахан ч болов тайтгарал бэлэглэдэг юм болов уу. Тийм ч болохоор хайрын “гашуун” талыг амталсан хүн бүрд “Чи ганцаараа биш шүү” гэж хэлэхээр энэ жагсаалтыг бэлдлээ.
Blue Valentine (2010)
Хэрэв гэрлэлт өөрөө хайрын үргэлжлэл юм бол хэчнээн жил улирч өнгөрсөн ч дулаан, тухтай хэвээр байх ёстой бус уу? Гэтэл яагаад хөх өнгө шиг тийм гунигтай, хүйтэн болчихдог юм бол? “Blue Valentine” кино нь харилцааныхаа яг аль хэсэгт алдаа гаргаснаа хайж, өнгөрсөн, өнөө цагийн хооронд тасралтгүй шилжилт хийн, гав дөнгө мэт болсон харилцаагаа аврахын төлөө тэмцэх хос хоёрыг шилэн саванд хийсэн мэт ойроос харах боломжийг олгожээ.
The Fault in Our Stars (2014)
Хагацна гэдгээ мэдсээр байж хайрлах буруу юм бол дахиад өлсөхөө мэдсээр байж хоол идэх нь ч бас буруу болж таарна тийм биз? “Маргааш бий гэдэг ямар ч баталгаагүйгээр өнөөдөр хичээхийг амьдрал гэнэ” хэмээн нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Дээрх хоёр өгүүлбэр эл киноны философитой яв цав таарах. Бага наснаасаа эхлэн хорт хавдартай тэмцэж амьдарсан 16 настай Hazel Grace охин дэмжих бүлгийнхээ залууд сэтгэл алдарснаар үйл явдал нь өрнөх уг кино бидэнд хором мөч бүрийг хайрлах ёстойг сануулах шиг санагддаг юм.
6 Years (2015)
“American Horror Story” цувралын од Taissa Farmiga гол дүрийг нь бүтээсэн энэ даруухан кинонд 6 жилийн турш үерхсэн залуу хосын тухай өгүүлнэ. Залуу хосуудын дунд тулгамддаг бүхий л асуудлыг ихэвчлэн бодитойгоор, заримдаа хэтэрхий уянгын халилтай юм уу гэмээр дүрсэлсэн “6 Years (2015)”-ийг үзэж дуусчхаад уртаар санаа алдаад цонхны тавцан дээрээ өдөржин сууж билээ.
500 Days of Summer (2009)
Дурласан хүн итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг гэдэг. Тийм болохоор л “500 Days of Summer” ийм сэтгэл татам байдаг байх. Архитектор болох мөрөөдөл нь талаар болж хүсээгүй ажилдаа гацсан залуу, шилэн нүдтэй сэтгэл хөдлөлгүй мэт харагдах бүсгүй хоёр "Салалтад буруутан байдаг уу?" гэх асуултыг үзэгчдээс тасралтгүй шаардана. Салалтын дараа 500 өдрийн харилцаагаа эргэн тунгааж буй залуугийн энэ түүх манай “шархалсан” зүрхтнүүдэд ойр санагдах биз ээ.
Eternal Sunshine of the Spotless Mind (2004)
Эксээ шууд мартчихдаг бол гоё уу? Салж нийлдэг хосуудад жаахан хэцүү юм даа, тийм ээ? За тэр ч яах вэ, энэ кинонд хүний тархинаас зарим ой санамжийг нь сонгож устгаж болдог тухай гардаг юм. Инээдмийн киноны “хаан” Jim Carrey ах маань “Би бас өөр дүр бүтээж чаддаг юм шүү” гэдгээ уг мелодрамаар дэлхийд харуулсан даа. Хэчнээн үзээд ч уйддаггүй, үзэх тутамдаа шинэ асуулттай үлдээж байдаг нэг ийм кино байна. Үзэж сэтгэлээ “анагаа”, найзууд минь.
Сүүлийн киног үзэх болгондоо салалтын дараа шууд дуудлага өгөөд л дурсамжаасаа тэр хүнийг бүр мөсөн арилгаад хаячихдаг бол дахиж хэн ч хайрын тухай кино хийхгүй байх даа гэж боддог юм. Шалбарсан шарх дээр нимбэгний шүүс дусаах мэт гунигтай байгаа сэтгэлээ өнөө маргаашдаа эдгээр кинонуудаар усалж, харин цаг нь ирэхэд дараагийн аз жаргалдаа бэлэн байгаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх