T.O.P: Би уран бүтээлчийнхээ хувиар одоо л жинхэнэ уран бүтээл хийх гэж байна.


О. Эрдэнэцэцэг | YOLO.MN
2022-03-14

Алдарт BIG BANG хамтлагийн гишүүн, реппер T.O.P өнгөрсөн таван жилийн турш уран бүтээлээсээ завсарлаж, олны нүднээс далд амьдарсны эцэст энэ сарын 9-ний өдөр Хонг Конгийн “Prestige” сэтгүүлд ярилцлага өгсөн билээ. Тэрээр ярилцлагадаа өмнө нь хэзээ ч ам нээж байгаагүй өөрийн сэтгэл зүйн эрүүл мэнд, цаашдын уран бүтээлийнхээ талаар дурдсан бөгөөд BIG BANG хамтлаг, T.O.P-ийн фенүүддээ зориулан YOLO.mn сайт тус ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

Prestige сэтгүүл: Бид түүнтэй ZOOM-ээр холбогдоход, T.O.P хар саравчтай малгай, хөх малгайтай цамц өмссөн байсан бөгөөд “миний Англи хэлний багш” хэмээн орчуулагчаа танилцуулснаар бидний ярилцлага эхэлсэн юм.

Анх дебютээ хийсэн жаахан хөвгүүдээс нас биед хүрч, Солонгос улсын хуулиар цэрэгт явах нас нь болж 2017 онд BIG BANG хамтлаг шүтэн бишрэгчидтэйгээ түр хугацаанд салах ёс хийн, ‘биднийг хүлээгээрэй’ хэмээснийг бид бүгд мэднэ. Харин тэр үед T.O.P-ийн хувьд зөвхөн цэргийн алба хаахаас гадна түүнтэй холбоотой хар тамхины хэрэг гарч ирсэн. Солонгос төдийгүй дэлхийн хэвлэл мэдээллээр шуугьж, олон нийтээс ирэх ширүүн шүүмжлэл, шүүх хурал гээд л асуудлууд ар араасаа мандсан.  
"- Тэр үе бол миний амьдралын хамгийн хэцүү цаг хугацаа байсан. Би энэ тухай анх удаагаа л олон нийтэд ам нээж байна. Яг үнэнийг хэлэхэд би таван жилийн өмнө амиа хорлох оролдлого хийж байсан. Гэхдээ тэрхүү хийсэн зүйл маань миний эргэн тойрны хүмүүс, гэр бүл, шүтэн бишрэгчдэд ямар хэцүү, хар бараан дурсамж болж үлдэх байсныг сүүлд нь ухаарсан. 
Уг нь би дуу хөгжим хийхээ больж, урлагийн хүн байхаа болих гэж байсан л даа. Гэхдээ тэрхүү хэцүү цаг үед надад цааш явах урам зоригийг өгсөн зүйл бол ганцхан дуу хөгжим байсан. Тэр ч утгаараа би өнгөрсөн таван жилийн хугацаанд 100 гаруй дуу зохиосон. Дуу хөгжим бол миний урам зориг, хүсэл тэмүүлэл. Мөн хүмүүсээс олон жилийн турш авсан зүйлээ буцааж өгөх нь ямар үнэ цэнтэй болохыг ойлгосон. Яг ахин төрсөн юм шиг л санагдаж байсан."

Prestige сэтгүүл: T.O.P-ийн амьдралтай урлаг, дуу хөгжим салшгүй холбоотой. Түүний авга ах Солонгосын алдарт зураач Kim Whanki. Тийм ч учраас урлаг гэдэг зүйл T.O.P-ийн амьдралын төв болсон. 

"- Би бага байхаасаа л сэтгэл зүйн асуудалтай, үзэсгэлэнтэй урлагийн бүтээл харж л тайвширч, амардаг хүүхэд байсан. Мөн бусад хүүхдүүдтэй харьцуулахад арай мэдрэмтгий байсан болохоор эмзэг, мэдрэг байдлаа даван туулахын тулд урлагт илүү цаг зав, хичээл зүтгэл гаргадаг байсан даа."

Prestige сэтгүүл: T.O.P ховор загварын пүүз, алдартай дизайнеруудын тавилга, уран зураг, баримал цуглуулдаг. Энэ нь түүний хийж буй уран бүтээлд хэрхэн нөлөөлдөг бол?

"- Би хорь гаруйхан насандаа хөгжим, дуу зохиож өөрийгөө олсон гэж боддог. Цуглуулгад минь байдаг өвөрмөц зураг, баримлууд надад бусдаас өөр, өвөрмөц хөгжим хийх сэдлийг өгдөг шүү."

Prestige сэтгүүл: Бидний ярилцлагад сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх сэдэв багагүй хөндөгдөж байлаа. 

"- Манай улс амиа хорлолтын үзүүлэлтээрээ нилээд дээгүүр жагсдаг. Өнгөрсөн таван жилийн турш би энэ талаар багагүй судалсан л даа. Тиймээс, би өөрийн дуу хөгжмөөрөө хэцүү цаг үеийг туулж буй хүмүүст итгэл найдвар, хүсэл тэмүүлэл өгөхийг хичээж байгаа. Би дебютээ хийхээсээ өмнө ердөө нэг жил ч хүрэхгүй хугацаанд бэлтгэгдсэн. Энэ нь бусад хүмүүстэй харьцуулахад маш бага хугацаа. Харин одоо бэлтгэгдэж буй хүүхдүүдийг харахад маш хэцүү, хүнд систем дор бэлтгэлээ хийдэг. Үргэлж робот шиг юу хийхээ заалгаад л. Хэдий тэд дуучин болоод алдар нэрд хүрсэн ч сэтгэл дотроо бусдаас тусгаарлагдсан, ганцаардмал болдог. Тиймээс би цаашдаа хүүхдүүдийг бэлдвэл робот биш жинхэнэ уран бүтээлчийг бий болгож тэдэнд чадах чинээгээрээ тусалмаар байна."

Prestige сэтгүүл: Гаргасан уран бүтээл болгондоо реп, R&B, трап, диско гээд л бүх л төрлийн хөгжмийг шингээж, Кпоп урсгалыг шинэ түвшинд хүргэсэн BIG BANG хамтлаг “Flower Road” хэмээх дуугаа сүүлд олны хүртээл болгосноос хойш T.O.P-ийн сэтгэлд юу бодогдож байсан бол?

"- Би анхнаасаа л BIG BANG-ийн T.O.P гэдгээрээ бахархаж ирсэн ч сүүлийн жилүүдэд BIG BANG-ийн T.O.P гэхээ түр завсарлая гэж бодож байгаа. BIG BANG бол айдол хамтлаг шүү дээ. Би ч, тэд ч хөгширсөн. Мөн энэ таван жилийн хугацаанд миний хийдэг хөгжим BIG BANG-ийн хийдэг хөгжим ч ерөнхийдөө өөрчлөгдсөн. Тиймээс амьдралдаа шинэ зүйлсийг хийж, шинэ сорилтуудтай нүүр тулмаар байна." 

Prestige сэтгүүл: Тэрээр хамтлагтаа маш их хайртай, хамтлагийнхаа гишүүн бүртэй харилцаатай байдаг гэдгээ нэмж хэлсэн бөгөөд, ирээдүйд ахин нэгдэх боломжтой ч гэдгийг дурдсан. Одоо харин түүний бие даасан уран бүтээлийн талаар сонирхъё. 

"- Би дебют хийснээсээ хойш л фенүүддээ хэзээ нэгэн цагт бэлэн болсон үедээ бие даасан цомогтойгоо ирнэ гэдгээ хэлж байсан. Харин одоо цаг нь болжээ, би бэлэн байна. Миний хэн бэ гэдгээ хуваалцах анхны аялал болсон цомог маань тун удахгүй та бүхний хүртээл болох болно оо. Одоогоор ихийг хэлж чадахгүй ч миний цомогт маш олон төрлийн хөгжмийн урсгал багтсан байгаа. Би бүх сэтгэл зүрхээ зориулан, маш их хичээж ажилласан."

Prestige сэтгүүл: 34 настай бие даасан уран бүтээлчийн замнал нь түүнд ямар санагдаж байгаа бол?

"Одоогоор бол анхлан суралцагч шиг л санагдаж байна. Яг уран бүтээлчийнхээ хувиар одоо л жинхэнэ уран бүтээл хийх гэж байна."

Prestige сэтгүүл: Одоо та ямархуу байна?

"- Би аз жаргалтай байна аа."

Prestige сэтгүүл: Энд хүрээд бидний ярилцлага өндөрлөсөн юм.

#Кпоп