“Crash Landing On You” (2019) цувралын хамтралаараа бидний сэтгэлд хоногшсон, Өмнөд Солонгосын өндөр зэрэглэлийн жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг Hyun Bin, Son Ye Jin нарын талаар та хэр сайн мэдэх вэ? Жил бүрийн эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-нд алдартнуудын үерхлийг олонд дэлгэдэг уламжлалтай Dispatch-аас тэдний үерхлийг 2021 онд ил болгож, улмаар энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Son Ye Jin хурим хийх гэж байгаа талаараа Instagram хуудсаараа мэдэгдсэн нь к-драма үзэгчид төдийгүй тэдний шүтэн бишрэгчдийн хувьд тун таатай мэдээ болсон юм. Ингээд тэд гэрлэж өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хүүтэй болсон билээ.
Тэгвэл BinJin хосын харилцаа хаанаас эхтэй вэ? Бид энэхүү нийтлэлдээ тэдний тухай бүгдийг багцлан бэлтгэлээ.
2011 ОН: НУУЦ ЦЭЦЭРЛЭГ
Жүжигчин Hyun Bin-ийг олонд танигдахад хамгийн их нөлөө үзүүлсэн цуврал бол “Secret Garden” (2011) төдийгүй тэднийг хамгийн анх нэг уран бүтээлээс харах боломжийг ч эл цуврал олгосон юм. Хэдийгээр ижил хэсэгт хамтран тоглоогүй ч Ye Jin энэхүү бүтээлд зочин дүрээр оролцож байсан билээ.
2014 ОН: BUCHEON ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ
Тэдний зэрэгцэн сууж буйг анх удаа дэлгэцээр харах боломж олдов. 2014 онд зохион байгуулагдсан уг кино наадмын үеэр тэд хоёул “Продюсерийн сонголт” шагналыг хүртэж, нэг тайзнаас үг хэлсэн юм. Ташрамд дурдахад, тэд “Crash Landing On You” цувралын хамтралаараа Өмнөд Солонгосын хамгийн том Baeksang урлагийн наадмаас “Хамгийн алдартай эрэгтэй, эмэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн.
2017 ОН: ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛИЙН АНХНЫ ХАМТРАЛ
“Negotiation” (2018) бүрэн хэмжээний кино тэдний хамтран ажилласан анхны төсөл болсон юм. Soompi вэбсайтын сэтгүүлч жүжигчин Son Ye Jin-ээс Hyun Bin-ий тухай анхны сэтгэгдлээ хуваалцаач гэхэд тэрээр “Анх уулзахад түүний арьс, үс нь үнэхээр эрүүл харагдаж байсан” хэмээн хариулсан гэдэг. Түүгээр ч зогсохгүй Hyun Bin-ий хувьд эмэгтэй гол дүрд Ye Jin тоглоно гэдгийг сонсоод гол дүрийн саналыг хүлээн авсан тухайгаа ярьж байжээ. Үзэгчдийн хүлээлтэд хүрсэн хамтрал нь шүтэн бишрэгчдийн зүгээс тэднийг дахин өөр бүтээлд хамтран тоглоосой гэх хүсэлд хөтөлсөн юм. Чухам энэ үеэс л тэднийг болзож буй таамаглал эрчимтэй гарсны зэрэгцээ уран бүтээлийнхээ сурталчилгаа болгож тэд тогтмол арга хэмжээ, үйл ажиллагаанд хамтран оролцож байв.
2019 ОН: ОЛОН АНГИТ КИНОНЫ АНХНЫ ХАМТРАЛ
2019 онд тэдний Лос Анжелест хамтдаа аялаж байгаа зураг цацагдсанаар үерхлийн цуурхал улам газар авсан ч харьяа агентлагуудынх нь зүгээс цаг тухай бүрд нь няцааж байлаа. Тэд хэсэг чимээгүй байсны эцэст “Crash Landing On You” цувралын хамтралаар эргэн ирсэн ба үүнтэй зэрэгцэн дахин тэднийг болзож байгаа талаар яриа гарсан юм.
2021 ОН: ҮЕРХЭЛ ИЛ БОЛОВ
Улмаар 2021 оны эхний өдөр Dispatch-аас тэднийг болзож байгааг зарлаж, харьяа агентлагууд ч хүлээн зөвшөөрснөөр шүтэн бишрэгчдийнх нь таамаглал зөв байсан гэдгийг баталсан юм. Тухайн үед мөн л Son Ye Jin үерхлийнхээ мэдээг Instagram хуудсаараа дамжуулан зарласан ба тэрээр “Уран бүтээлээрээ бус хувийн амьдралын мэдээгээр уулзаж байгаадаа бага зэрэг санаа зовж байна. Гэсэн ч ийм сайн нэгэнтэй учрах боломж олгосонд талархъя. Та бүхний хайр, дэмжлэгт маш их баярлалаа. Үргэлж санаж явах болно” гэжээ.
2022 ОН: ХУРИМЫН ЗАР
Хоёрдугаар сарын 10-ны өдөр жүжигчин Son Ye Jin хуримын мэдэгдлээ хийлээ. Тэрээр “Үүнийг та бүхэнтэй хуваалцахаас өмнө би олон зүйлийн талаар маш нухацтай бодож үзлээ. Би үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэх нэгнээ олсон. Тийм ээ... Тэр хүн.
Би эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биенээ таньж мэдэн, ирээдүйгээ хамтдаа бүтээнэ гэдгийг байж боломжгүй зүйл гэж боддог байсан. Гэвч энэ бүхэн цаанаасаа л бий болдог бололтой. Хувь тавилан юм болов уу? Түүнтэй хамт байхад үнэхээр дулаахан, хамгаалагдсан мэдрэмж төрдөг. Бидний ирээдүйд баяр хүргэн дэмжээрэй. Хайрт шүтэн бишрэгчид минь,
Би хариу нэхэлгүй хайрлахаар шийдсэн. Надад үнэхээр сайхан байна. Та бүхэнд ч бас аз жаргал хүсье” хэмээн баярт мөчөө хуваалцсан юм.
ГЭРЛЭЛТ БА ХҮҮХЭД
Ингээд өнгөрсөн гуравдугаар сарын 31-ны өдөр ойр дотныхныхоо хүрээнд хийсэн тэдний хуримын дараа тун удалгүй зургаадугаар сарын 27-ны өдөр Son Yejin хүүтэй болж буй тухайгаа Instagram хаягтаа ийн нийтэлсэн юм.
Бүгдээрээ сайн сууцгааж байна уу?
Би сайн байгаа.
Өнөөдөр би тун баяртай мэдээг та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.
Бидэнд шинэ амьдрал ирлээ..
Бага зэрэг сандарсан хэвээр байгаа ч өдөр бүр санаа зовж, догдолж, биедээ өөрчлөлт орж байгааг мэдэрч байна.
Маш болгоомжтой хандахыг хүссэн болохоор ойр дотныхондоо ч хэлээгүй байлаа.
Оройтохоос нь өмнө энэ мэдээг бидэнтэй адил хүлээж байсан фенүүд, танилуудтайгаа хуваалцаж байна.
Бидэнд ирсэн үнэ цэнтэй бэлгийг, амьдралаа бид хамгаалах болно.
Та бүхэн ч бас амьдралдаа үнэ цэнтэй зүйлээ хамгаалж, эрүүл саруул байна гэдэгт итгэж байна.
Аз жаргалтай байгаарай"
Улмаар Son Ye Jin өчигдөр амаржиж тэд хүүтэй боллоо.Ye Jin ирэх сард төрөх байсан ч хугацаанаасаа ялимгүй өмнө төржээ.
Эх хүү хоёрын бие сайн гэж мэдээлэв. Саяхан Harbin киноны зураг авалтаар Монголд ирээд байсан жүжигчин Hyun Bin өчигдөр эхнэр хүү хоёртойгоо уулзахаар нутаг буцсан юм.
Гэр бүлд нь баяр хүргэж, халуун дулаан аз жаргал хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх