Захидал:Хойд ээжтэйгээ таарамжгүй, амьдрах хүсэл алга


ССҮТөв | YOLO.MN
2022-03-09

YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ:Бусадтай дотносож, чөлөөтэй харилцаж чадахгүй байна

Сайн байна уу? Би 20 настай эмэгтэй. Асуудал гэвэл бусадтай дотносож, чөлөөтэй харилцаж чаддаггүй. Гэхдээ заримдаа аймар галзуу, нийтэч болчихдог. Харин заримдаа олигтой ч үг дуугарч чадахгүй зожиг болчихдог. Энэ нь надад их хэцүү санагдаж байна. Хичээгээд бусадтай харилцаа үүсгэх гэхээр нэг л тийм сэтгэлд хүрэхгүй, болж өгөхгүй  “Заа энэ ч дээ , би таалагдаагүй бололтой” гэж бодогдоод гутарчихдаг.  Намайг тэнэг охин байна даа гэж бодохоос нь айдаг. Яаж энэ сэтгэлийн зовиураасаа салах вэ? 

ЗӨВЛӨГӨӨ:Сэтгэл хөдлөлөө ажиглаарай

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Өөрийгөө болон өөрийн сэтгэл хөдлөлөө ажиглаарай. Захиан дээр зарим үед дотогшоо байдаг бол зарим үед нээлттэй болдог гэсэн байна. Биднийг хүрээлж буй орчин, хүмүүсээс хамаараад бидний хариу үйлдэл ондоо байдлаар илэрч болдог.  Ямар хүмүүстэй байхдаа илүү нээлттэй байна, хэнтэй, хаана байхаараа би хаалттай болчихдог юм байна гэх мэтээр өөрийгөө ажиглаад үзээрэй. Мөн хүн бүрт бид сайхан мэдрэмж төрүүлэх боломжгүй. Өөртөө хэт өндөр шалгуур тавиад шалгууртаа хүрч чадаагүйгээсээ болж өөрийгөө зэмлээд байгаа юм биш биз? Бусад хүний бодлыг өөрөө хянаж чадахгүй шүү дээ. Таатай сэтгэгдэл төрүүлж чадсангүй гээд өөрийгөө илэрхийлэхээ битгий зогсоогоорой. Амжилт хүсье.

АСУУДАЛ:Ээжийнхээ нөхрөөс болоод эрэгтэй хүнээс харшилтай болж байна

Сайн байна уу? Би 18 настай их сургуулийн оюутан. Эгэл жирийн амьдралаар амьдардаг. Ээж минь намайг төрүүлээд удаагүй байхад аав гэдэг хүн биднийг орхиод явсан гэдэг. Би тэр хүний царайг харах нь бүү хэл нэрийг нь тоотой хэд хэдхэн удаа сонсож байсан болохоор багаасаа л аав гэдэг хүний орон зай амьдралд минь хэрэггүй юм байна гэсэн бодол сууж эхэлсэн юм.3 дугаар ангийн зун ээж маань нөхөртэй болж тэр хүнтэй нь хамт амьдрах ёстой болов. Ээжээс маань олон насаар ах учраас хамт амьдарч эхлээд удаа ч үгүй байх үеэс эхлэн архи ууж, ийш тийшээ алга болоод хөөрхий ээжийг минь их зовоодог байлаа. Би өндөр төлбөртэй сургуульд сурдаг байсан болохоор ээжийнхээ зүдгүүрийг нэмгэлэх биш нэмээд л явна. Архинаас овоо гараад, хүн шиг боллоо гэсэн машинтай болмоор байна гэж шаналгасаар ээжээр минь гурван ч машин авхуулсан. Удалгүй ээж маш их мөнгөний өрөнд оров. Өсвөр нас минь тэр чигтээ л ээжийнхээ зовж буй царайг харж өнгөрсөн. Одоо бол насанд хүрсэн, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй гэж боддог болсон  учраас үргэлж л ээжийн нөхөртэй ам мурийх боллоо. Тэгэх үед  бас л хөөрхий ээж минь л зовоод байна, энэ бүхнийг харахаар уурлаж гэрээсээ явмаар санагдана. Гэсэн ч ганц охин нь учраас явж болохгүй.Сүүлдээ эрэгтэй хүнээс айж, жигшиж, харшилтай болж буй мэт санагдаад байна. 

ЗӨВЛӨГӨӨ:Бүх эрэгтэй хүмүүс адилхан биш

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Ээжийнхээ хосын харилцаанд санаа зовж мөн ээжийгээ сэтгэл зүйн болоод санхүүгийн дарамтаас хол байлгахыг хүсэж байгааг чинь ойлголоо. Гэсэн хэдий ч ээж чинь бие даасан хүн тул түүний шийдвэрийг хүссэнээрээ хянах боломжгүй. Энэ бол өөрийн чинь хүчнээс давсан зүйл. Өөрийн хянах боломжгүй зүйлийг хянах гэж удаан хугацаанд өөр дээрээ их ачаалал авсан юм шиг санагдлаа. Ээж чинь ямар ч шийдвэр гаргасан үүнд чиний буруу гэж байхгүй юм шүү.  Хянаж чадахгүй байна гээд өөрийнхөө мэдрэмж болоод бодлыг гэрийнхнээсээ нуух биш илэрхийлсээр байх нь чухал. Захидлыг уншихад өөрт чинь бодлын алдаа үүссэн бололтой. Бодлын алдаагаа хүлээн зөвшөөрөх нь эхний алхам юм. Хамгийн ойрын эрэгтэй хүмүүсийн дүрийг хүртэн хүлээн авсан хүмүүс чамд тийм таатай санагдаагүй юм байна.  Ингэлээ гээд бүх л эрэгтэй хүмүүсийг таагүй нэгнээр харахгүй байхыг хичээгээрэй. Бодлын алдаа өөрт чинь хэрхэн нөлөөлөх вэ? Магадгүй өөрт чинь таагүй мэдрэмж төрүүлсэн эрэгтэй хүмүүсээс зайгаа барихад туслах хамгаалалтын механизм болох боломжтой. Харин өөрт чинь таатай хандсан, халамжилсан, цаашлаад өөрийг чинь хайрласан хүнийг хүлээж авч чадахгүй байх, эргэлзэх, сөрөг зүйл ургуулан бодсоноор амжилттай харилцаа бий болоход хүндрэл үүсэх эрсдэлтэй. Чи хайрлагдах эрхтэй нэгэн юм шүү. Бодлын алдаа дээрээ анхаараарай.

АСУУДАЛ:Хойд ээжтэйгээ таарамжгүй, амьдрах хүсэл алга

Сайн байна уу? Би одоо 9 дүгээр ангийн сурагч, 15 нас хүрч байгаа охин байна. Ойрд маш олон хэцүү зүйлс тохиолдоод, амьдрах хүсэл ихээр буурч, ямар ч идэвхгүй болж эхлээд байгаа юм. Би хойд ээжтэй. Бид хоёр ерөөсөө таардаггүй, багаас маань их дээрэлхэж элдэв зүйлс хэлж урам зориг хүсэл мөрөөдлийг минь мохоодог байлаа. Гэхдээ тухайн үедээ жаахан байсан учраас айсандаа ерөөсөө үгийг нь сөрж байгаагүй. Том болоод төрсөн ээж биш гэдгийг нь мэдээд бага багаар хэрүүл болдог болсон. Шалихгүй зүйл дээр үргэлж загнаж, тэр битгий хэл цохиж зодох үед уурлаад өөдөөс нь улам хэрэлддэг болсон. Сүүлдээ бүр л хэцүүдлээ, өдөр болгон хэрүүл. Ганц энэ ч биш найз нөхөд маань хүртэл надаас хөндийрч ангийхан ч улам л холдож эхэлсэн. Өчүүхэн зүйлс дээр уурлаж, найзтайгаа жижигхэн асуудлаас болж муудалцсан. Энэ нь намайг бага багаар ууртай, тэвчээргүй ааш зантай болж, эвдэрч байгаа юм шиг санагдуулсан юм. Гэрт ч, сургуульд ч тэр аль алинд нь байхыг хүсэхгүй ганцаардаж байна. Аав маань өөр газар ажилладаг тул би ихэнхдээ ээж дүү нартайгаа хамт байдаг. Тийм ч учраас аавтайгаа ярилцах боломж байдаггүй. Би өөрөө тэсвэр тэвчээр хатуужил гэж байхгүй амархан эмзэглэж гомддог төрлийн хүн. Ярилцах нэгэн ганц ч үлдсэнгүй, утас л хань болно. Элдэв зүйлээ кино үзэж, дуу сонсож л түр мартана. Тэгэхгүй бол байнга бодогдож хэцүү байдаг. Ээж, ангийнхан, найз нөхөд эцэс төгсгөлгүй зөрчил, хэрүүл дээр нь өөр олон асуудал энэ бүгд толгой өвтгөж байна. Сүүлдээ зүгээр л үхээд өгвөл бүх зүйл дуусчих юм шиг санагдаж эхэлж байна. Яг яах ёстой юм бэ?
 

ЗӨВЛӨГӨӨ:Бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд тэвчээртэй байгаарай, хүчтэй байгаарай

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Тэвчээртэй байгаарай, хүчтэй байгаарай. Тэвчээртэй байна гэдэг нь үгээ дотогшоо залгих биш илэрхийлж чаддаг байхыг хэлж байгаа юм шүү. Хүчтэй байна гэдэг маань одоо мэдрэгдэж байгаа мэдрэмж чинь үүрд үргэлжлэхгүй гэдгийг илэрхийлж байгаа юм шүү. Сөрөг сэтгэл хөдлөлийг удаан мэдрэх нь таатай зүйл биш. Тийм байхад  амиа хорлох тухай бодох нь өөрийгөө шийтгэж байгаагаас ялгаагүй зүйл. Сэтгэл зүйн зөвлөгөө биечлэн авахыг зөвлөж байна. Энэ тухай аавтайгаа ярилцаж сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах боломжтой. Авч чадахгүй гэж байгаа бол судалж байгаад мэргэжлийн онлайн зөвлөгөөг(ярилцдаг) судлаарай.
Эхний алхам бол бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх юм. Судалгаанаас харахад гэр бүлийн таагүй уур амьсгалаас болж хүүхдүүд сургуулийн орчинд бусадтай чөлөөтэй харилцаж чаддаггүй байдал ажиглагддаг. Гэр бүлийн харилцаа таагүй байсан ч найз нөхөд анги хамт олноосоо өөрийгөө тусгаарлахгүй байхыг хичээгээрэй. Аль болох найз нөхдөдөө өөрт тохиолдож буй зүйлсээ ярьдаг байхыг хичээгээрэй. Мөн яагаад түргэн уурлаад байгаа шалтгаанаа найзууддаа тайлбарлахыг хичээгээрэй. Бусад хүн өөртэй чинь түрүүлж харилцахыг биш эхний алхамыг өөрөө хийж байгаарай. Бусадтай мэндлэх, бодлыг нь асуух, таатай үг хэлэх, бусдыг хамгаалах чадвар өөрт чинь байгаа юм шүү. Өөрт мэдрэгдэж байгаа сэтгэл хөдлөлийг бага хэмжээнд ч болов гадагш илэрхийлдэг байх нь чухал юм шүү.

АСУУДАЛ:Би спортоо орхисноос хойш хэн ч биш болж байна

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би 16 настай, эмэгтэй. Би 3 дугаар ангиасаа л жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Гэхдээ бэлтгэлээ тийм ч сайн хийдэггүй, заримдаа тасалдаг, идэвхтэй явлаа гэхэд сар л болдог байсан. Тийм ч учраас олон жил хичээллэсэн ч амжилт маань тийм сайн биш. Жүдогоороо хичээллэж байх хугацаандаа 1 жил гаран завсардсан. Надаас сүүлд орсон хүүхдүүд улам сайжраад л, би муудаад л, багш маань ч үнэлэхээ больсон. Сүүлд орсон охин надаас мундаг болж багшийн итгэлийг олж авсан, одоо ч тийм байгаа. Одоо бүр бэлтгэлдээ ч явмааргүй санагдаж, бэлтгэл гэхээр л цээжэнд хөндүүрлээд нэг л айдас хүйдэстэй болчихсон. Дээрээс нь бэлтгэлд хамт явдаг ах эгч, үе тэнгийн хүүхдүүд надад ер таалагддаггүй. Бие биенээ дооглож, доромжилж, маш их хараал хэлнэ. Нэгнээ хойгуур нь маш муухайгаар муулж, ах эгч нар нь хүртэл дүү нараа хэлэх хэлэхгүйгээр их хэлж, зодож цохидог байсан. Гэхдээ энэ бүхнийг үл хайхран бэлтгэлээ хийх үедээ хийж, тэмцээнд ордог байсан. Гэсэн ч энэ жил багшаасаа сонссон үг урмыг минь тэр чигт нь хугалсан. Намайг өнөөх мундаг охины бэлтгэл хангагч гэж хэлсэн. Энэ үгэнд нь би маш их шантарч, дэлхийд гарах мөрөөдөл минь хоромхон зуур сарнин алга болсон. Аав маань ч өдөр ирэх тусам "Жүдогоо боль, хичээл номоо хий" гэдэг болсон. Урьд нь аавын тэр үгийг хайхралгүй зүтгэдэг байсан ч багшийнхаа хэлсэн үгэнд гомдоод нэг л өдөр долоон жил хичээллэсэн спортоо орхисон. Хамгийн гол асуудал нь би энэ спортыг мартаж чадахгүй байна. Тэмцээн болох бүрт очиж, медаль авсан хүүхдүүдийг харах болгондоо "Би энийг ялах байсан даа, хэрвээ барилдсаар байсан бол энэний оронд медаль аваад зогсож байх байсан юм" гэж бодох юм. Тэр хүүхдүүдэд атаархаж заримдаа "Би үлдсэн бол мундаг тамирчин болох ч байсан юм бил үү" гэж харамсах шиг . Гэхдээ ахиж бэлтгэл хийе гэхээр тийм хүсэл огтхон ч байхгүй, төрөх ч үгүй юм. Гэсэн ч спортоо бодоод, санаад сэтгэлээр унаж байна. Бас энэ спортын амжилтаар л хүмүүс, хичээлийн багш нар намайг мэддэг учраас их сайн хүүхэд гэж боддог. Харин тэд намайг жүдогоо орхисныг мэдвэл үнэлэхээ больж, тэдний хувьд би хэн ч биш болох вий гэхээс айж байна. Бусад хүмүүст хэлэхээр "Ямар өчүүхэн юмнаас болж орхисон юм бэ" гэх юм. Уг нь өрөөл бусдын чихээр сонсоход өчүүхэн ч, өөрийн биеэр туулвал хэцүү шүү дээ. Би яаг яах ёстойгоо мэдэхгүй байна. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ:Чиний үнэлэмж, үнэ цэн гэдэг бусдаас тийм ч хамааралтай зүйл биш

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Багшийнх нь хэлсэн үг таагүй санагдсаныг ойлголоо. Мөн удаан хугацаанд хичээллэсэн спортоо орхих нь чамд амаргүй байсан гэдгийг ойлгож байна. Захидлаас уншихад, чи өөрийнхөө болон бусдын хувьд хэн ч биш болохоос айж байгаа юм шиг санагдлаа, зөв үү? Чиний хувьд хэн ч биш байна гэдэг нь ямар байхыг хэлэх юм бол? Чи юу хийж байж хэн нэгэн болох вэ? Жүдогоор хичээллэх нь бусад хүмүүс чамайг үнэлэхэд нөлөөлөх учраас чи хичээллэдэг байсан уу? Захидалд анх бэлтгэлдээ идэвхтэй явдаггүй байсан, тасалдаг байсан гэж бичжээ. Тэгвэл чиний хувьд жүдогоор хичээллэх нь чамд таалагддаг уу? Эсвэл бусдад үнэлэгдэх нь таалагддаг байсан уу?
Спортоор хичээллэхэд маш их тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл, цаг хугацаа зарцуулагдаж бэлтгэл сургуулилт хийх шаардлагатай болдог. Хэрвээ чиний хувьд жүдогоор хичээллэх нь таалагддаг бол гэр бүлийнхэн болон дасгалжуулагчтайгаа үргэлжлүүлэн хичээллэх, бэлтгэл сургуулилтаа хийх талаар санал асууж өөрийн бодлоо илэрхийлэн ярилцах боломжтой. Харин энэ нь зөвхөн бусад хүмүүсээр үнэлүүлэхийн тулд л хийж буй үйлдэл бол жүдогоор хичээллэх эсэхээ дахин бодоод үзээрэй. Өөрийн үнэлэмж, өөрийн үнэ цэн гэдэг бусдаас тийм ч хамааралтай зүйл биш. Гол нь чи өөрийгөө юу гэж үнэлж дүгнэж байна вэ? өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадаж байна уу? Өөрийгөө хайрлаж чаддаг уу? гэдэгт оршино. Өөрийгөө бодитоор эерэгээр үнэлэхийг өөрийн үнэлэмж гэнэ. Өөрөөр хэлбэл давуу болон сул талаа мэддэг үү? Түүнийгээ хүлээн зөвшөөрч чаддаг уу? гэсэн үг юм. Юун түрүүнд өөртөө дуртай байх 10 шалтгааныг бичих дасгалыг туршаад үзээрэй. Өөрийгөө тодорхойлж чадаж байна уу? 

АСУУДАЛ:Тэр надаас зугтаад байна

Сайн байна уу? Би 17 настай 12 дугаар ангид сурдаг эмэгтэй. Надад эрэгтэй найзууд олон. Эмэгтэй хүүхдүүдээс илүү эрэгтэй хүүхдүүдтэй яриа нийлдэг. Гэхдээ тамхи татаад гадуур зугаалаад байдаггүй. Тэд нартай бүр нээх дотно ч биш. Эмэгтэй найзуудтай болсон ч нууцаа яриад эхлэнгүүт дараа нь намайг муулдаг болохоор дотно болдоггүй ээ. Саяхан нэг эмэгтэй найзтай болсон ч бас бус асуудлаас болоод шилжчихсэн. Гол асуудал нь манай ангид 9 дүгээр ангиасаа шилжиж ирсэн банди байдаг. Бид хоёр тийм дотно биш ч нилээн яриа нийлдэг. 7 хоногийн өмнө зүгээр л байсан ч гэнэт ярихаа болиод уурлачихсан. Би эхлээд болдоггүй амнаасаа болоод “Чамаас муухай тамхины үнэр үнэртэж байна” гээд хэлчихсэн тэрнээс болоод уурласан уу гэхээр, үгүй гэсэн. Би уучлалт гуйсан л даа. “Тэгээд яагаад уурласнаа хэлчих тэгэх үү” гэхэд хэлэхгүй бүр над руу харахаа ч больчихсон. Уг нь би түүнд талтай ч тэрийгээ хэлдэггүй. Учир нь тэр охидын дунд нилээн алдартай. Өөр ангийн нэг охин захиа илгээхэд тэр ураад хогийн сав руу хийчихсэн. Тэрийг нь би харсан болохоор их айсан. Уг нь тэр нилээн хөдөлгөөнтэй дуу ихтэй хүүхэд байсан ч одоо бараг дугарахгүй, өдөхөө ч больчихсон, ер нь их томоотой болсон. Бас тамхи үнэртэхгүй байгаа. Надтай ярихгүй бүр эгцэлж харахгүй зугтаагаад байгаа болохоор надад хэцүү байна. Энэ бүгд надад анх удаа тохиолдож байгаа болохоор би яг яах учраа олохгүй юм. Надад туслаач. 

ЗӨВЛӨГӨӨ:Өөрийн үг болон биеийн хэлэмждээ анхаарал хандуулж байгаарай

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Яах учраа олохгүй эргэлзэж байгааг чинь ойлголоо. Мөн ярилцаж эвлэрмээр байна гэж ойлголоо. Хоёулаа бүхнийг эхнээс нь эхлээд эргэцүүлээд бодоод үзье. Чамайг муухай үнэр үнэртэж байна гэж хэлсэн үеэс эхлэн чамтай юм ярихаа больчихсон уу? Чамайг ингэж хэлсний дараа найз нь ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ? Дургүйцсэн байдалтай байсан уу? Чамд ямар нэгэн зүйл хэлсэн болов уу? Тэр хүүхдийг өмнө нь уурлаж байгааг чи харж байсан уу? Уурлах үедээ ямар зан байдал гаргадаг вэ? Хэр удаан уурладаг вэ? Мөн чамаас гадна бусад хүүхдүүдтэй хэрхэн харилцаж байна вэ? Чамтай ярихгүй байгаа шиг бусад хүүхдүүдтэй ч гэсэн тийм байдалтай байгаа юу? Эсвэл зөвхөн чамтай харилцахгүй байна уу? Найз нь зөвхөн чамаас болоод ууртай байгаа юм болов уу? Эсвэл өөр зүйлсээс болоод тавгүй байгаа юм болов уу?
Энэ талаар ярилцах гэж үзсэн оролдлогуудыг чинь ойлголоо, сайн байна. Хэрэв найз чинь үнэхээр чиний хэлсэн үгэнд гомдож уурласан бол уурыг нь гарахыг хүлээх эсвэл өөрийнхөө хэлэхийг хүссэн зүйлээ бичиж уучлал хүссэн захидал өгөх нь харилцан ойлголцоход туслах боломжтой. Хэрэв найз чинь одоогоор үнэхээр ярилцах хүсэлгүй, захидал унших сонирхолгүй байгаа бол уурыг нь гартал түр хүлээгээд тайвширсан үед нь ярилцахыг хичээгээрэй. Мөн бид бусдад хэлж байгаа үг болон дуу хоолойны өнгө, нүүрний хувирал, биеийн хэлэмж зэргээрээ маш олон тооны мэдээлэл дамжуулж янз бүрийн сэтгэгдлийг төрүүлж байдаг. Тийм учраас бусдад өөрийн бодол, мэдрэмжээ илэрхийлэхдээ өөрийн үг болон биеийн хэлэмждээ анхаарал хандуулж байх нь харилцаанд үл ойлголцол үүсэхээс сэргийлэх боломжтой байдаг юм шүү. Чамд амжилт хүсье.

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#Зөвлөгөө #Сэтгэл зүй