Films and Feelings: The Pianist ба тайван цагийн үнэ цэн


Хасбаатар | YOLO.MN
2022-09-29

Хүж дэлхий амгалан байг...

“Амь үрэгдэгсэд л дайны төгсгөлийг хардаг” хэмээх үг яг энэ мөчид л бодолд хамгийн тодоор цуурайтах шиг. Дэлхийн 2-р дайны хөлд хамгийн ихээр зүдэрч “ахин хэзээ ч үгүй” хэмээж байсан Орос улс дараагийн томоохон “дайн” гэж хэлж болохоор үйлдлийг эхлүүлсэнд гайхахын дээдээр гайхаж, дээрх үгийн үнэнийг биширч сууна. Хүн төрөлхтөн хэзээ ч дайны төгсгөлийг үзэхгүй нь хэмээн гаслахдаа дайн тулааны аймшгийг тодоор харуулсан энэхүү бүтээлийг нэхэн дурсав. 

Уг кинонд Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Нацист Германы арми Польш улсыг эзлэн түрэмгийлж, Варшав хотыг эзэрхэн суусан тухайн үед Еврей гаралтай төгөлдөр хуурч Владислав болон түүний гэр бүл амьд үлдэхийн төлөө хэрхэн тэмцэж буйг өгүүлнэ. 

Хүүхэд насандаа Польш Еврейчүүдийг тусгаарлах зорилгоор бий болсон Краков еврей хорооллоос өргөст тор, өргөн ханыг даван зугтаж амь гарсан найруулагч Роман Полински дайнаас хойш өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралыг кино дэлгэцнээ дэлгэн үзүүлэх талаар олон жил мөрөөдөж явжээ. Ингээд эцэст нь Варшав хотын еврей хорооллоос амьд үлдэж чадсан Владислав Шпильпманий бодит түүх түүний сонорт хүрч эл кино бүтэх эхлэл тавигдсан гэдэг. Дайныг дэргэдээс нь харж, Нацист Германы харгислалыг нүдээр үзсэн Польш-Франц гаралтай найруулагч Роман Полински туршлага, мэдрэмжийн туйлыг үзүүлж, гол дүрийг Еврей гаралтай жүжигчин Adrien Brody амилуулсан нь Дэлхийн дайны тэр цөхрөлт дүр зургийг үзэгчдэд илүү бодитоор харуулахад тус болсон биз ээ. 

Киноны эхлэл хэсэгт Варшав хотын радио станцад гол дүр болох Владислав (Adrian Brody) төгөлдөр хуур тоглон суух ба бөмбөгдөлт эхэлж, хүн бүр амиа аврахаар сандралдахад эгээ л юу ч болоогүй мэт эхэлсэн аязаа дуусгахаар шунах нь хөгжмийг хэчнээн хүндэлж, хайрладаг хүн бэ гэдгийг үзэгчдэд илтгэнэ. Дараагийн сценд бид Шпильманы гэр бүлтэй танилцах ба байдаг л нэг европ сэхээтэн айл ажээ. Эцэг эх нь хүүхдүүдээ хэрэгцээтэй зүйлээ баглаж, гэрээ орхин зугтахыг шавдуулавч, арай ч “тиймдээ тулахгүй байх” гэсэн найдвар тэднийг гэрт нь аргамжина. Гэвч удалгүй Нацист Германы арми Варшавын гудамжаар алхахад тэр найдвар нь замхран арилав.

Варшав дахь Еврей хорооллын дүр зураг

Үүнээс хойш Шпильманий гэр бүл хүнд хэцүү сорилтуудтай тасралтгүй нүүр тулах бөгөөд яваандаа Владислав ах дүүсээсээ хагацаж орь ганцаар үлдэнэ. Яг энэ л мөчид “The Pianist (2002)” урьд өмнөх дайн, холокастын сэдэвт кинонуудаас гоцлон цойлж, дайн дажинд нэрвэгдсэн улс нийгмийн дүр төрхийг өнгөцхөн тоймлон харуулахын оронд амьд үлдэх гэсэн ганцхан зорилготой эгэл жирийн эрийн сэтгэл рүү илүүтэй өнгийж эхэлнэ. Магад энэ шийдэл нь аль 20 жилийн тэртээ бүтээгдсэн “The Pianist” киног өнөөдөр ч “амьд” хэвээр нь хадгалж үлдсэн байж мэдэх юм. 
Хэрэв урлагийн бүтээлийн гол зорилго нь мэдрэмж түгээх юм бол The Pianist (2002) яах аргагүй урлагийн сод бүтээл мөн. Амралтын өдөр дулаан гэртээ чихэр жимс эргүүлсэн шиг суусан би Владиславыг даарахад нь хамт даарч, өлсөхөд нь хамт өлсөж, учир битүүлэг “цөхөрсөн” мэдрэмж дунд энэ гоц бүтээлийг барж дуусгав. Харин хэзээ хойно бодож суухад Солонгосын Оскарын шагналт найруулагч Bong Joon-ho -ийн төдийлөн яригддаггүй бүтээл болох “Snowpiercer (2013)” надад яг ижил мэдрэмж өгч байсныг зурвасхан санаж билээ.


Энх цагт, эндэж үрэгдэхийн айдсыг мэдрэлгүй өссөн “эрх” жаал надад дайн дажны аймшгийг хэрхэн тайлбарлаад ч энэ киног нэг үзсэнтэй адил ойлголтыг өгч чадахгүй байсан биз ээ. Владислав Шпильман хоолгүй болж өлсөхийн эрхэнд бугуйн цагаа тайлан өгөөд “Хоол цаг хугацаанаас илүү чухал шүү дээ” хэмээн хэлэхэд нь “хүж дэлхий амгалан байг” гэдэг үгийн гүнийг таньж билээ.

#Кино урлаг #Review