Оксфордын их сургуулийн судлаач, “Инфо Сек Плас” компанийг хамтран үүсгэн байгуулагч У.Ганбаяртай ярилцлаа. Тэрбээр МУИС-ийг компьютерын сүлжээний инженер мэргэжлээр төгсөж, сургуульдаа багшилж байсан туршлагатай ба 2016 онд “Marrie-Curie fellowship” тэтгэлгийг хүртэж, Итали улсын үндэсний судалгааны төвд Европын холбооны Аюулгүй байдлын төсөлд судлаачаар ажилласан байна. Үүний сацуу Итали улсын Трэнто хотын их сургуульд Компьютерын ухааны доктор зэргийг хамгаалжээ.
Бид түүнтэй дэлхийн шилдэг их сургуульд ажиллах болсон түүх, Оксфордын их сургуулиас оюутнуудад тавьдаг шалгуур, гадаадад суралцах хүсэлтэй хүмүүст ямар зөвлөгөө өгөх талаар яриа өрнүүллээ.
-Та академик боловсролд суралцахаар шаргуу хичээсэн нь эрдмийн зэргээ хамгаалсан байдлаас харагдаж байна. Ер нь сурч, боловсрохын үнэ цэнийг та юу гэж ойлгодог вэ?
-Би 2012 онд МУИС-ийг компьютерын сүлжээний инженер мэргэжлээр төгсөөд, сургуульдаа 2016 он хүртэл багшаар ажилласан. Тухайн үед оюутнуудад хичээл заагаад, шавь нар маань амжилт гаргахыг харах, тэднээс талархлын үг сонсох нь маш том урам байлаа. Ингээд цаашдаа академик боловсролд суралцахаар эргэж буцалтгүй сонгож байв. Мэргэжил дээшлүүлэн суралцахыг нэг сэдвийнхээ дагуу судалгаа хийх, асуудалд шийдэл олох, тухайн чиглэлээрээ мэргэших гэж ойлгодог.
-Хүүхэд насныхаа тухай дурсвал. Багаасаа л хичээлдээ шамддаг байв уу?
-Аав, ээж маань хөдөө амьдардаг, манайх малчин айл байсан. Би хотод Төмөр замын 73-р сургуульд сурч, дотуур байранд байдаг байлаа. Ингээд арван жилийн сургуулийн сүүлийн хоёр жилийг “Ирээдүй цогцолбор” сургуульд суралцаж төгссөн. Их амжилт үзүүлдэггүй ч гэсэн олимпиад, тэмцээнд оролцдог хүүхэд байлаа. Шартай хүүхэд байсан учраас ямар нэг зүйлд бууж өгөхийг хүсдэггүй. Эхэлсэн л бол үр дүнг нь үзэх гэж хичээдэг зан маань суралцахад тусалсан гэж боддог.
Манай аав, ээж хоёр боловсролд маш их анхаардаг хүмүүс. Тийм ч учраас биднийг хичээл хийх боломжоор хангаж, дугуйлан, уралдаанд оролцуулдаг байсан. Олимпиад тэмцээнд оролцох үеэр хоол хийж ирчхээд гадаа хүлээж байдаг байлаа. Сайн боловсрол эзэмшихийн төлөө хичээж, аав, ээжийгээ баярлахыг харах урамтай сайхан байдаг.
Хөдөө, орон нутаг, захын хорооллын хүүхдүүдэд боловсролыг илүү хүртээмжтэй байлгахыг хүсдэг. Боломжтой, мөнгөтэй айлын хүүхдүүд хүссэн боловсролоо эзэмших биш, бүгд л хүртээмжтэй боловсролыг хүртдэг байгаасай гэж боддог.
ЯМАР Ч ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХЫГ ХҮССЭН ӨӨРИЙГӨӨ ГОЛЖ БОЛОХГҮЙ
-Итали Улсын Marrie-Curie fellowship тэтгэлэгт хэрхэн тэнцсэн талаараа хуваалцаач?
-Энэ тэтгэлгийн талаарх мэдээллийг Италид байдаг найз маань анх дуулгаж байсан. Тэгээд материалаа бүрдүүлж өгснөөр тэтгэлэгт шалгарсан. Юуны түрүүнд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд хамгийн түрүүнд анхаарсан.
Би 2015 онд Австрали руу ажлаар очихдоо өөрийнхөө англи хэлний түвшинг ямар муу байгааг ойлгож, сайжруулахаар хичээж эхэлсэн. Гадаад улс руу сурна гэж бодсон л бол гадаад хэлэндээ хамгийн түрүүнд бэлдэх хэрэгтэй. Би тухайн үед 2-3 тэтгэлэгт тэнцсэнээс “Marrie-Curie fellowship” буюу судалгааны ажлын тэтгэлгийг сонгож байлаа.
-Гадаадад тэтгэлгээр суралцах хүсэлтэй хүмүүст юуг чухалчилж зөвлөх вэ. Зарим хүн би ч тэнцэхгүйдээ хэмээн бодлоороо шууд буугаад өгчихдөг.
-Ямар ч тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өөрийгөө голж болохгүй. Чадахаараа материалаа бүрдүүлээд өөрийгөө сориод үз. Тэндээс чи ямар нэг байдлаар туршлага хуримтлуулж, шинэ зүйл сурна. Өөртөө итгэхгүй, хойшоо сууж болохгүй.
Манайхан бэлтгэл ажлыг хангалтгүй базаадаг. Цагийг нь тулгаж, маш яаруу байдалд бүхнийг амжуулах гэж хичээдэг. Боломж үүдийг чинь тогшихыг хүлээхээс илүүтэй, боломжийг ашиглахад өөрийгөө бэлд гэдэг үгийг би хэлэх дуртай.
-Та англи хэлний шалгалтад хангалттай оноо авахын тулд өөртэйгөө хэрхэн тулж ажиллаж байв?
-Би IELTS, TOEFL хоёуланг нь өгч байсан. Эхний удаа шалгалт өгөхдөө хангалтгүй оноо авсан. Шарандаа тууштай бэлдсээр байгаад шаардлагатай онооны болзлоо хангаж байв. Би гадаад хэлний чиглэлээр мэргэшсэн хүн биш болохоор нарийн зөвлөгөөг оновчтой өгч чадахгүй байх. Хүмүүст зүгээр л тууштай суралцахыг хичээнгүйлэн зөвлөе. Манайхан англи хэл сурна гэж зориод, нэг сар сургалтад суугаад л хаячихдаг. Тэгээд ахиад гэнэт ухаан орсон мэт шинээр сургалтад сууж эхэлнэ. Энэ мэтээр цаг, мөнгөө дэмий зарцуулахгүйгээр тууштай 3-5 сард өдөр бүр 30 минутаас нэг цагийг зарцуулчих л гэж хэлмээр байна. Замын түгжрэл саатахдаа англи хэлээр подкаст сонссон ч болно. Бүх юм бэлэн энэ цаг үед хаана ч өөрийгөө хөгжүүлэх боломж бий. Тодорхой хугацаа зарцуулж байж л үр дүнг харна.
-Оксфордын их сургуульд судлаачаар ажиллах болсон түүхээсээ хуваалцаач?
-Би Итали улсын Үндэсний судалгааны төвд судлаачаар ажиллаж байх үедээ Трэнто хотын их сургуульд докторын зэргээ хамгаалсан. Ингээд төгсөх болоход дараагийн алхам буюу Оксфордын их сургуульд ажиллах саналаа авчихсан байсан юм.
Оксфордын их сургууль бол маш нэр хүндтэй, ялангуяа компьютерын ухааны чиглэлээр дэлхийд тэргүүлдэг. Италийн их сургуулийн удирдагч багшийнхаа зөвлөсний дагуу анх Оксфордод материалаа илгээж, ажилд тэнцсэн.
ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛЬД ОЮУТНУУДАД НЭГ БҮРЧЛЭН ЗААЖ ӨГӨХИЙГ ЧУХАЛЧЛАХГҮЙ
-Дэлхийн шилдэг их сургуульд судлаачаар ажилласан анхны сэтгэгдэл ямар байв. Таныг ямар орчин, ямар уур амьсгал угтсан бэ?
-Би маш өндөр хүлээлттэй байсан. Судалгаа хийдэг баг нь асар их ажилтай, цаг наргүй байдаг байх хэмээн таамаглаж байлаа. Гэтэл үүний эсрэг байсан. 17:00 цаг болоход л бүгд ажлаасаа гараад явна. Амралтын өдрөөрөө бүтэн амарна. Харин ажлын цагтаа бол бүхнийг амжуулдаг менежмент нь их гоё санагдсан.
Ажиллах явцдаа сүрдмээр ажил биш байна гэдгийг бага багаар ойлгосон. Дотор нь ороод ажиллахад цаашдаа чадаад, хийгээд явах бүрэн боломжтойгоо мэдэрсэн. Тус сургуулиас дахиад 3-5 жил ажиллах санал аваад байна. Энэ улирлаас магистрын ангийн оюутнуудад хичээл орж эхэлсэн юм.
-Магистрын ангийнханд ямар хичээл заадаг вэ. Юунд түлхүү анхаарч ажилладаг бол?
-Би хичээлийн эхний семестрт профессоруудад хичээлээ бэлдэхэд нь тусалдаг байсан. Харин энэ семестрээс өөрөө хичээл зааж байна. Нэг хичээл орохын тулд бэлтгэлийг маш сайн базаасан байх шаардлагатай. Багийнхан болон профессоруудад өмнө нь лекцээ хэрхэн тавихаа үзүүлж, шүүмж сонсдог. Ингээд оюутнуудын өмнө гарч, хичээлээ орно.
Оюутнууд мэдээж мэдлэг сайтай, маш их хичээл зүтгэлтэй. Хичээлийн дундуур гараа өргөөд, олон асуулт асууна. Харин “Энийг ойлгосонгүй. Үүнийг яах вэ” гэж шууд асуухгүй. Тэдний асуултаас оюутнууд хичээлдээ хэрхэн бэлдэж ирснийг шууд харж болно. “Энэ талаар би судалж уншихад ийм мэдээлэл байсан. Үүний ялгаа нь юу вэ” гэх зэргээр мэдлэгт суурилсан асуултууд асууна. Монгол оюутнуудыгаа энэ жишигт суралцаасай гэж хүсэж байна.
-Гадаад оюутнуудад хичээл заасан туршлагаас харвал монгол оюутнууд юунд илүү анхаарвал зүйтэй вэ?
-Манай оюутнууд бэлэнчлэх сэтгэлгээ ихтэй. Өөрөө хайгаад олчих боломжтой мэдээллийг заавал багшаас авах ёстой мэт хүлээдэг. Оксфордын их сургуульд бол оюутнуудад нэг бүрчлэн зааж өгөхийг чухалчлахгүй. Тэдэнд судлах, хийх зүйл ёстой зүйлсийг нь өгнө. Оюутан өөрөө судалж, үр дүн гаргаснаа үзүүлнэ. Үүнд нь багш зөвлөгөө өгнө. Өөрсдөө бие дааж, багаар ажиллаж үр дүнд хүрэх боломжийг нь түлхүү олгодог. Оюутнуудад бэлэнчлэх сэтгэлгээ хэрэггүй. Гадаадын их сургуулиуд бэлэнчлэх сэтгэлгээг огт дэмжихгүй.
-Та Оксфордын их сургуулийн магистрын ангид элсэхээр бүртгүүлсэн хүүхдүүдийн материалыг шалгаруулж авах багт ажилласан гэсэн. Тус сургууль элсэгчдээ тэнцүүлэхдээ ямар зүйлсэд түлхүү анхаарч, өндөр шаардлага тавьдаг бол?
-Мэдээж Оксфордын их сургуульд элсэж байгаа оюутнуудын түвшин бол ярих юмгүй маш сайн. Гэхдээ тэр нь манайхан барахааргүй тийм мундаг гэсэн үг биш. Бид нар анхнаасаа шилдэг, том сургуульд орно гэж зориод бэлддэггүйд л байгаа юм. Тэгэхээр маш эртнээс системтэй бэлдэж эхлэх нь чухал.
Гадаадын их сургуулиуд магистрын оюутан шалгаруулж авахдаа баримталдаг үзүүлэлтүүд:
-Зорилго тодорхойлсон эсээний талаар тухайлан асууя. Үүнд юуг чухалчилж, ямар мэдээллийг түлхүү тусгавал илүү оновчтой вэ?
-Яагаад энэ мэргэжлийг сонгосон, би энэ сургуульд тэнцэх ямар ур чадвартай вэ гэдгээ тодорхойлж бичих юм. Чи бусдаас юугаараа онцлог, давуу талтай хүн бэ, юу хийж бүтээсэн, хийсэн зүйлс чинь энэ сургуульд тэнцэхэд нөлөө үзүүлж чадах уу гэдгийг л онцлох нь зүйтэй.
“Би бол хөдөлмөрч, шаргуу, хичээл зүтгэлтэй, юманд бууж өгдөггүй” гэж бичихийн оронд үүнийгээ баримттайгаар баталж харуулах юм. Энийг батлах гэж байна гээд сэдвээсээ хальж болохгүй.
Компьютерын шинжлэх ухааны чиглэлээр суралцсан хүн байлаа гэж бодъё. Тэгвэл эсээндээ өмнө нь энэ чиглэлээр ийм төслүүдэд ажиллаж, ийм үр дүнг гаргасан хэмээн тодорхой бичих юм.
ОЛОН ОЮУТНЫ ТОДОРХОЙЛОХ ЗАХИДЛЫГ НЭГ ДОР УНШИХАД ТҮГЭЭМЭЛ АЖИГЛАГДДАГ ЗҮЙЛС БИЙ
-Тодорхойлох захидал мөн маш чухал үзүүлэлтэд тооцогддог шүү дээ?
-Тийм ээ. Манайхан тодорхойлох захидлыг ажлынхаа газрын хүн, сургуулийнхаа багшаас авчихдаг. Үүнд хайнга хандаж болохгүй. Чамайг тодорхойлж байгаа хүн өөрөө ямар боловсролтой, юу хийж бүтээсэн хүн бэ гэдгийг судлах хэрэгтэй.
Элсэгчдийг тодорхойлсон захидлууд адилхан байлаа гэхэд бид дараагийн шатанд тодорхойлох захидлыг бичсэн хүн нь ямар хүн бэ гэдгээр шалгуурыг тогтоодог.
Олон оюутны тодорхойлох захидлыг нэг дор уншихад түгээмэл ажиглагддаг зүйлс бий. “Энэ оюутан бол маш сайн. Би олон жилийн хугацаанд энэ оюутныг мэднэ” зэргээр бичсэн нь дийлэнх тохиолдоно. Харин сайн бичсэн тодорхойлох захидалд яагаад энэ оюутан сайн бэ гэдгийг ямар төсөл, хөтөлбөрт ажилласан, бусдаас юугаараа давуу талтай гэдгийг маш сайн тодорхойлж өгсөн байдаг.
-Та цахим аюулгүй байдлын сэдвийг хэрхэн барьж авч, гүнзгийрүүлэн судлах болсон бэ?
-Юуны түрүүнд надад тусалж, чиглүүлдэг байсан бүх багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Би багш болох тухай хэзээ ч бодож байгаагүй. Гэхдээ надад анх багшлах боломж олгож, энэ мэргэжлийн сайхныг ойлгуулсанд талархдаг. Би МУИС-д багшаар ажиллах үедээ кибер аюулгүй байдлын сэдвийг сонирхон судалж, хичээл орж, тэмцээн, уралдаанд ч өөрийгөө сорьдог байлаа.
Эхлэлийг маань зөв хүмүүс, зөв тавьж өгсөн болохоор цаашлаад докторт сурахдаа ч сэдвээ гүнзгийрүүлэн судалсан.
-Кибер аюулгүй байдалтай холбоотойгоор сүүлд хийсэн ажлаасаа танилцуулбал. Манай улсад үүнтэй холбоотой зарим нэг асуудал чих дэлсдэг шүү дээ. Мэдээллийн сан, сайт цахим халдлагад өртлөө, монгол хүмүүсийн мэдээллийг хар зах дээр зарж байна зэрэг?
-Би аюулгүй байдлын хамгаалалт, удирдлагын үр ашиг, кибер даатгал гэдэг сэдвүүдээр голчилж судалгаа хийдэг. Манай улс хөгжиж буй орон учраас кибер, мэдээллийн аюулгүй байдал гэдэг бол шинэ сэдэв. Монголтой холбоотой цахим халдлагын сөрөг мэдээллүүд үе үе сонсогддог.
Гэхдээ бид Аюулгүй байдал, Хувь хүний нууцыг хамгаалах тухай хуультай боллоо. Хууль хэрэгжиж байгааг зөв эхлэл, суурь тавигдаж байна хэмээн харж байна. Манай улсад аюулгүй байдлын чиглэлээр нарийн мэргэшсэн тоотой хэдхэн мэргэжилтэн бий. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй маш цөөн сургууль байгаа. Тиймээс цаашид энэ чиглэлээр ажиллах чадварлаг хүний нөөц олон байх хэрэгтэй.
АНУ-д аюулгүй байдлын чиглэлээр ажиллах 1.8 сая мэргэжилтэн хэрэгтэй байна гэх судалгааг би өнгөрсөн жил уншиж байсан. Тэгэхээр Монголд ч эрэлт өндөр бий.
Бид аюулгүй байдлын талаарх ойлголтыг иргэн бүрд өгөх хэрэгтэй. Энэ талаар олон нийтийг хамарсан компанит ажлууд хийдэггүй. Банкны картны нууц үг, регистрийн дугаар зэрэг нь хувийн, эмзэг мэдээлэл гэдгийг ойлгохоос л энгийн алхам эхэлнэ. Энэ мэдээллийг асуудаггүй соёлтой байх ёстой.
Интернет гэдэг олон нийтийн орчин гэдгийг мөн анхаарах хэрэгтэй. Чиний оруулж буй бүх юм олон нийтийн нүдэнд өртөнө. Тэгэхээр оруулж байгаа бүх мэдээлэлдээ хяналттай байна. Цаашлаад таны оруулж байгаа мэдээллийг ашиглаад өөр хүмүүс юу хийж болохыг анхаарч эхэлнэ.
Би хэдхэн долоо хоногийн өмнө азтан шалгаруулж байгаа хэмээн иргэдийн регистрийн дугаарыг зурагтаар зарлаж байгааг харлаа. Энэ бол хувь хүний мэдээллийг олон нийтэд шууд түгээж буй явдал юм. Регистрийн дугаарыг ашиглаад хэн, юу хийж болохыг ойлгочихвол, хувь хүн цаашдаа ийм асуудалд шаардлага тавиад эхэлнэ.
-Ярилцлагаар дамжуулж залууст юуг зөвлөмөөр байна вэ?
-Монголчууд маань хурдан бууж өгөх хандлагатай байдаг. Өөрийнхөө тухтай орчноосоо гарах гэж хичээдэггүй, эхлүүлсэн зүйлсээ дуусгахгүй хаях байдал их ажиглагддаг. Тиймээс эдгээр сул талтайгаа ажиллаж, ямар ч зүйл төгс биш гэдгийг санаж, бага багаар өөрсдийгөө хөгжүүлээрэй гэж зөвлөмөөр байна.
Одоогийн залуус ажилд орчхоод “Ийм зүйл нь таалагдахгүй байна. Ажлаас гарлаа” гэх мэт. Бүх зүйл өөрт нь таалагдаж байж ажиллахыг хүсдэг нь харагддаг. Бүх зүйл төгс биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Болохгүй байвал больчихъё гэж шууд хөнгөн хандаж болохгүй.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх