Д.Хүчитбаатар: Галыг унтраачхаар юм шиг харагдахаар нь цүнхээ газар тавиад унтраахыг оролдсон


О.Хандмаа | YOLO.MN
2022-02-21

Өнгөрсөн Мягмар гарагт буюу хоёрдугаар сарын 15-нд Нийслэлийн Тэргүүний Ерөнхий боловсролын "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 9а ангийн сурагч Д.Хүчитбаатар шатаж буй автобуснаас зорчигчдыг гаргаж, асаж буй галыг унтраахад гар бие оролцжээ. Болсон үйл явдлын талаар баатарлаг хүү Д.Хүчитбаатараас тодрууллаа.

- Сайн байна уу. Юуны өмнө бусдын төлөө сайн үйл хийсэнд тань баяр хүргэж, талархал илэрхийлмээр байна. Тухайн өдөр яг юу болсон талаар яриагаа эхлүүлье.
- 15-ны өглөө би хичээлдээ явахаар 06:50 цагийн орчимд Гачууртын автобусанд суусан байсан. Автобус эхэндээ 3-4 буудал зүгээр явж байснаа гэнэт удааширч зогссон ба бүх гэрэл нь унтарсан. Зорчигчид юу болж байгааг мэдэхгүй гайхацгаасан ба автобусны жолооч эгч шалгахаар буусан. Гэтэл автобусны хойд хэсгээс утаа гарч эхлэхэд айж сандралдсан хүмүүс урд жижиг хаалгаар буух гэж шахцалдаж, зарим нэг нь унаж тусан гишгүүлчих шахан бужигналдсан. Хэрэв зорчигчид том хаалгаар гарсан бол арай дээр байх байсан ч хойд хаалга онгойхгүй байсан. Галд автаж эхэлсэн автобусыг дэлбэрэх байх гэж айсан хүмүүс их сандралдсан.

Жаахан хүүхэд, хөл муутай хөгшин хүмүүс унаж тусахад дээрээс нь гишгэчих гээд л зарим нь дайраад байсан.

- Автобусанд хэр олон зорчигч байсан бэ?
- Өглөө эрт буюу яг хүүхэд залуус хичээлдээ, томчууд ажилдаа явдаг оргил цаг байсан болохоор нэлээн их хүнтэй байсан. Жаахан хүүхэд, хөл муутай хөгшин хүмүүс унаж тусахад дээрээс нь гишгэчих гээд л зарим нь дайраад байсан.  Хүмүүсийг буусны дараа буюу төгсгөл хавьцаа нь би буусан ба миний араас нэг ах буусан санагдаж байна. Автобуснаас буугаад эхэндээ яг юу болоод байгаа талаар сайн мэдээгүй учир шууд гал руу очоогүй бөгөөд олон хүний урсгалыг даган автобуснаас холдсон.

Гэтэл автобусны жолооч эгч “Туслаарай, унтраалцаад өгөөч, ус байна уу” хэмээн тусламж гуйн хашхирч байсан. Дөхөөд хартал унтраачхаар юм шиг харагдаад цүнхээ газарт шидчихээд, гүйж очин унтраахыг хичээсэн ба гал нэлээн намжсан ч бүрэн гүйцэд дарж хүчрэхгүй байсан. Надаас гадна нэг ах, жолооч эгч бид гурав унтраахыг оролдож байлаа. Аз болоход автобусны замын хажууд Онцгой байдлын гал унтраах анги байсан ба гялс гүйж очин жижүүрт нь нөхцөл байдлыг нь хэлээд буцаад гал руу гүйсэн. Тэгтэл удалгүй онцгой байдлын 2-3 ах гарч ирэн галын хор цацаж унтраагаад үзлэг, оношилгоо хийгээд байх шиг байсан.

Үйл минь залуу үеийнхэнд гэлтгүй ер нь хүмүүст бусдын төлөө өөрийн тусалж чадахаар зүйлд дэм болж, аюул эрсдэлээс сэргийлж, нэг нэгэндээ боломжоороо туслахыг сануулж чадсан байх гэж бодож байна.

- Та бэртэл гэмтэл аваагүй биз дээ?
- Үгүй ээ. Түлэгдэж, гэмтэж бэртээгүй. Тийм болохоор гал унтарчхаар нь шууд сургууль руугаа явсан. Тэгтэл пүрэв гаргаас эхлэн энэхүү үйл явдал, миний тухай сошиалд бичсэн байсан. Би 180 см орчим өндөртэй, тухайн үед цэргийн хувцастай байсан болохоор хүмүүс намайг том залуу гэж эндүүрсэн юм шиг байна лээ. /инээв/

- Та тухайн өдөр ээжтэйгээ хамт явж байсан хэмээн дурдсан байсан.
- Тийм. Ээж маань өглөө эрт мөн ажилдаа явдаг ба бид хоёр хамт гэрээсээ гардаг юм.

- Шатаж буй автобуснаас хүмүүсийг буусны дараа та өөрөө буусан гэлээ. Гэхдээ магадгүй ээжийгээ аваад бушуухан буух талаар бодол төрсөн үү?
- Би автобусны дунд хавьд зогсож байсан юм. Тэнд гарахын арга байхгүй нөхцөл байдал үүссэн байсан. Мөн хүүхэд хөгшид унаад, гишгүүлчих гээд байгааг нь хараад боломжийнхоо хэрээр татаж босгон хаалга руу явуулж байлаа. Тэгээд л төгсгөлд нь буусан даа.

Намайг таньдаг, ойр дотнын хүмүүс маань над руу залгаж, зурвас бичиж баяр хүргэсээр л байна. Одоо ингээд бодохоор гайхмаар ч юм шиг, маш сонин санагдаж байна.

- Цэргийн сургуульд сурдаг учир та бүхнийг хэзээд эр зоригтой, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх талаар сургадаг байх. Сургуулийнх нь захиргаанаас баатарлаг үйлсэд нь баяр хүргэсэн үү?
- Тухайн үйл явдал болдог өдөр би хичээлдээ хоцорч очсон. Ангийн хүүхдүүд намайг яагаад хоцорсон талаар асуухад нь би “Сууж явсан автобус шатаад...” гэхээс өөр зүйл хэлээгүй. Орой гэртээ хариад гэрийнхдээ л хэлсэн. Тэгтэл болсон үйл явдлын талаар пүрэв гарагт сошиал хуудаст нийтлэгдсэний дараа сургуулийн удирдлагууд холбогдож хүмүүнлэгийн баатарлаг үйлс хийсэнд нь баяр хүргэе гэж хэлсэн. Ирэх Даваа гарагт /маргааш/ уулзана гэсэн.  Ер нь бие хүн болж төлөвшихөд сургуулийн минь үүрэг оролцоо маш их. Нэг үгээр хатуужилтай, дэг журамтай болгодог. 

- Таны хийсэн тус бусдад ч мөн үлгэр дуурайл болж, нийгэмд эерэг хандлагыг түгээж байна. Болсон үйл явдлын дараа одоо ингээд бодоход өөрт тань ямар сэтгэгдэл төрж байна вэ?
- Намайг таньдаг, ойр дотнын хүмүүс маань над руу залгаж, зурвас бичиж баяр хүргэсээр л байна. Одоо ингээд бодохоор гайхмаар ч юм шиг, маш сонин санагдаж байна. Хийсэн үйл минь залуу үеийнхэнд гэлтгүй ер нь хүмүүст бусдын төлөө өөрийн тусалж чадахаар зүйлд дэм болж, аюул эрсдэлээс сэргийлж, нэг нэгэндээ боломжоороо туслахыг сануулсан байх гэж бодож байна. Миний хувьд хийсэн зүйлдээ маш их баяртай байна.

- Ярилцсанд баярлалаа. Танд сурлага хөдөлмөрийн амжилт хүсье.

#Мэдээ #Талархал