Энэхүү нийтлэлээрээ сэтгэцийн эмгэгүүдийн нэг болох гэмтлийн дараах сэтгэцийн эмгэгийн тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Бид уг эмгэгийн тухай мэдэхийн тулд траума гэх ойлголтыг зайлшгүй мэдэх хэрэгтэй. Траума/ Trauma/ буюу сэтгэлийн шарх нь өнгөрсөнд тохиолдсон үйл явдлаас таагүй сэтгэгдэл, мэдрэмж авахыг хэлдэг. Траума хүн бүрт өөр өөрөөр бий болох бөгөөд, үүсэхэд ямар ч хүчин зүйл, үйл явдал нөлөөлж болно. Харин гэмтлийн дараах сэтгэцийн эмгэг нь “Post-traumatic stress disorder” гэсэн үгний товчлол ба траума үлдээсэн үйл явдлын дараах хүний сэтгэл зүйд тогтмол илэрч буй сөрөг мэдрэмжүүдийг хэлдэг байна. Хүний амьдралд гэнэтийн тохиолддог таагүй, золгүй зүйлс цөөнгүй байдаг. Автомашины осол, хүчирхийлэл, дээрэм, хэн нэгний үхэл, хайртай амьтны үхэл, дайн зэрэг маш олон тохиолдол бий.
Дээр дурдсан таагүй үйл явдлууд тохиоход хүн цочирдох, айх, гуниглах зэрэг мэдрэмж авах нь хэвийн зүйл хэдий ч тус таагүй үйл явдал тохиолдсоноос хэдэн долоо хоног, сар өнгөрсөн ч мэдрэгдсээр л байвал та гэмтлийн дараах сэтгэцийн эмгэгтэй болсон байх магадлал өндөр юм. Иймээс дараах шинж тэмдгүүд тогтмол мэдрэгдэж байгаа бол мэргэжлийн сэтгэл засалч, сэтгэцийн эмч дээр очихыг зөвлөж байна. Траума чинь гэмтлийн дараах сэтгэцийн эмгэг үүсгэснийг мэдээгүй яваа юм биш биз?
Гэмтлийн дараах сэтгэцийн эмгэгтэй хүмүүст илэрдэг шинж тэмдгүүд:
Гэмтлийн дараах сэтгэцийн эмгэгийн төрлүүд :
Normal stress response/ Стрессийн хэвийн хариу үйлдэл
Энэхүү төрөл нь бусад төрлүүдээсээ хамгийн хөнгөнд тооцогддог. Хайртай хүнээсээ холдох, сайн найзтайгаа харилцаагүй болох, дассан газраасаа холдон шинэ газар ирэх гэх мэт үеүдэд хүн стресстэй тулгарч, хэсэг хугацаанд таагүй мэдрэмжийг мэдрэх үеийг хэлдэг. Мөчлөгийн гэж хэлж болох бөгөөд ойролцоогоор хэдэн долоо хоногийн дараа буцаад хэвийн амьдралдаа орж таагүй дурсамжаа орхидог байна.
Comorbid PTSD/ Хавсарсан
Дан ганц гэмтлийн дараах сэтгэцийн эмгэг бус өөр эмгэгүүд тухайн хүнд байгааг хэлдэг. Жишээлбэл дайнд явсан цэргүүд дайны дараа уг дурсамжаа мартахыг хичээж мансууруулах бодис, эм, согтууруулах ундаанд донтох тохиолдол цөөнгүй байдаг.
Acute stress PTSD / Цочмог стресс
Гэнэтийн таагүй үйл явдлуудаас шалтгаалж сэтгэлийн шарх авахыг хэлдэг. Дотны хүн нь төсөөлөөгүй үед нас барах, орон байраа байгалийн гамшигт алдах, ажлаасаа халагдах гэх мэт тохиолдлууд байдаг байна.
Uncomplicated PTSD/ Ойлгомжтой
Ойлгоход төвөггүй гэсэн утгыг илэрхийлж байгаа төрөл хэдий ч траума авсан хүний хувьд маш ойлгомжгүй байдаг. Траума авсан хүн тухайн траума авах үеийн нөхцөл байдалтай ижил нөхцөл байдалд орохоос зайлсхийх, зугтаж эхэлдэг. Жишээлбэл хүчингийн хохирогч эмэгтэй тухайн үйл явдлын дараа эрэгтэй хүнээс айдаг болох, эсрэг хүйстнээ бэлгийн чиг хандлагаар харж чадахаа болих, эсрэг хүйстэнтэйгээ харилцах энгийн харилцаа хүртэл төвөгтэй санагдаж эхлэх айдастай болдог.
Complex PTSD/ бүлэг, багц
Хамгийн хүнд хэлбэр бөгөөд бусад төрлүүд зөвхөн нэг тохиолдол эсвэл богино хугацаанд болж буй таагүй үйл явдлуудын тухай яригддаг бол уг төрлийн хувьд тухайн таагүй дурсамж урт хугацаанд үргэлжилж, салж өгөхгүй үргэлж сүүдэр мэт дагаж явдагт хэцүү нь оршино. Хамгийн түгээмэл жишээ гэвэл хүүхэд байх үед эцэг эх нь архидан согтуурдаг, хүч хэрэглэдэг байсан тухай таагүй дурсамжууд юм. Хэдий чинээ хэцүү, хүнд шарх авна эдгэрэхийн тулд төдий чинээ их хугацааг зарцуулдаг.
Гэмтлийн дараах сэтгэцийн эмгэгийн үед хэрхэн эмчлэх вэ ?
Уг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс гэмтлийн өмнөх үеийн амьдралаасаа мэдэрдэг аз жаргал, дурсамжуудаасаа өдөр өдрөөр холдож байдаг учраас цаг алдалгүй мэргэжлийн, найдвартай сэтгэл засалч, сэтгэцийн эмч дээр очих нь зүйтэй. Хөнгөн төрөл биш бол өөрийгөө бүтэн эдгээх магадлал бага учир мэргэжлийн эмч дээр эргэлзэлгүй очоорой.
Ямар эмчилгээ хийгдэх вэ?
Сэтгэл заслын эмчилгээ уг эмгэгт хамгийн тохиромжтой гэж үздэг. Уг эмчилгээний үед чөлөөтэй, нээлттэй ярилцах ёстой бөгөөд тухайн үед мэдэрсэн мэдрэмж, тохиолдсон үйл явдлуудыг дэс дараатайгаар, тайвнаар ухамсарлахад чинь туслана.
Сэтгэл заслын ярилцах хэлбэрээс гадна EMDR/Eye movement desensitization and reprocessing/ гэх техник байдаг бөгөөд үүнийг мэргэжлийн сэтгэл засалчид хийдэг. Уг техник нь таныг сэтгэл засалчийн төвлөр гэсэн обьектэд/гар, хуруу, цаг/ төвлөрөхийг хүсэх ба төвлөрч байх үед таагүй дурсамжийг дахин ярилцан уг дурсамжийн хамгийн их сэтгэл хөдлөл гарч ирж буй хэсгүүдэд тухайн обьектоо хөдөлгөн үргэлжлүүлж ярилцах аргыг хэлдэг. Таны тархинд байгаа уг таагүй дурсамж нь тухайн обьектод төвлөрөх мэдээлэлтэй огтолцосноор уг дурсамжийг илүү ойлгомжтой, өөр өнцгөөс харахад ихээхэн тусалдаг байна. Өөрөөр хэлбэл тухайн дурсамжийг бодох үед мэдрэх мэдрэмжийг тань завгүй байлгаж дараагийн удаад тэр таагүй дурсамжийг бодох үед таагүй мэдрэмжийг бага авна гэсэн үг.
Сэтгэл засалч, сэтгэцийн эмч тань чамд тухайн дурсамж бодогдон сөрөг мэдрэмжүүдийг мэдрэх үед хийж болох дасгал, техникүүдийг зааж өгч болно. Хэвийн амьдралын хэв маягтаа ороход чинь туслах оролдлогуудыг санал болгож болно.
Сэтгэцийн эмч чамд тохирох эмийн эмчилгээ бичиж өгнө. Анти-депрессантууд болох “золофт”, “паксил”, уг эмгэгийн үед хар дарах, нойргүйдэх зэрэг шинж тэмдэг илэрч байвал “празосин” гэх мэт эмнүүдийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Бид траума үүсгэж буй хүчин зүйлсээс зугтааж чадахгүй хэдий ч өөрийгөө зовоохоос сэргийлэн хэт буруутгахаа больж бага багаар анагааж байгаарай. Нэг л өдөр хүнд мэдрэгддэг сэтгийн шарх чинь аньсан байх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх