Энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг илүү олон жилийн туршид мэдрэхийг хүсвэл эрүүл амьдралын хэв маягийг баримтлах шаардлагатай талаар бид бүгд мэднэ. Гэвч ийнхүү дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллосон ч нэг л үр дүнгээ өгөхгүй байгаа мэт санагдаж байгаа бол та яг зөв нийтлэлээ уншиж байна.
Ингээд YOLO.mn сайт хүмүүсийн “эрүүл” гэж үзэн хэрэглэдэг ч хоол, шим тэжээлийн мэргэжилтнүүдийн хэзээ ч хэрэглэдэггүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байгааг хүлээн авна уу.
1. ҮР ТАРИАНЫ ХОЛИМОГ
Үр тариа зөв хооллолтын пирамидын хамгийн доод эгнээнд багтдаг. Өөрөөр хэлбэл өдөр тутамдаа үр тариаг сайтар хэрэглэх хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ дэлгүүрт худалдаалагддаг “granola bar” буюу үр тарианы холимог нь өөртөө их хэмжээний чихэр, давс, ханасан тосыг агуулдаг байна.
Хоол зүйчид үр тарианы холимог болон чихэрлэг бүтээгдэхүүн хүний биед яг ижил хэмжээний хор хөнөөл учруулдаг хэмээн үздэг байна. Тиймээс та бүхэн энэхүү бүтээгдэхүүнийг худалдан авахдаа орц, найрлагыг нь зайлшгүй уншиж хэвшээрэй.
2. “САХАРГҮЙ” ГЭСЭН ШОШГОТОЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
Хэрэглэгчдийн хувьд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад “Low-fat” буюу өөх тос багатай, “Sugar-free” буюу сахаргүй хэмээх тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн нүдэнд дулаахан харагддаг. Гэвч өөх тос багатай, сахаргүй бүтээгдэхүүн амтгүй болчихдог учир үйлдвэрлэгчид олон төрлийн амт, үнэр оруулагч химийн бодис нэмдэг гэнэ.
Ихэнх хүмүүс өөх тос хэрэглэх нь жин нэмэхэд хүргэдэг гэж үздэг. Гэвч хоол зүйчдийн үзэж буйгаар “зөв” өөх тосыг хэрэглэх нь таны биед төсөөлж байгаагаас чинь ч илүү эерэг үр дүн авчирдаг байна.
3. БОЛОВСРУУЛСАН МАХ
Боловсруулсан мах гэсэн ангилалд давслах, утах, хатаах аргаар болгосон, лаазалсан махан бүтээгдэхүүнүүд багтдаг. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зайдас, хиам, утсан гахайн мах зэрэг нь багтдаг гэсэн үг. Гэвч эдгээр бүтээгдэхүүнийг удаан хугацааны туршид амттай, өнгө үзэмжтэй хэвээр нь хадгалахын тулд биед сөрөг нөлөө үзүүлэх бодисуудыг нэмдэг. Та энэ талаар өмнө нь хаа нэгтэйгээс сонсож байсан л байх.
Тиймээс хоол зүйчид найрлагадаа нэн ялангуяа натрийн нитрат /sodium nitrat/, BHA, BHT, эрдэнэ шишийн уусмал /corn syrup/, аспартам /aspartame/ зэрэг бүтээгдэхүүн агуулсан хүнс хэрэглэхээс татгалзахыг зөвлөдөг байна.
4. БУДАГЧ БОДИС
Хүнсний будагч бодис зөвхөн амттанд бус, зарим брэндийн дарсан өргөст хэмх, утсан загас, зууш амтлагч, ундаа зэрэгт ч багтдаг байна. Гэхдээ насанд хүрсэн хүмүүс гэхээсээ илүү хүүхдүүд л хүнсний будагч бодис агуулсан бүтээгдэхүүн өдөр тутамдаа ихээр хэрэглэдэг билээ. Харамсалтай нь бага насны хүүхэд энэ төрлийн бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг /ADHD/, сэтгэл гутрал, сэтгэл хөдлөл тогтворгүйжилт, нойргүйдэл зэрэг эмгэгүүдээр өвчлөх магадлал ихэсдэгийг судлаачид тогтоосон байна.
Мөн сүүлийн үед зарим компаниуд “манайх чанартай хүнсний будаг хэрэглэдэг” хэмээн хэрэглэгчдээ тайвшруулах болсон. Гэтэл хоол, шим тэжээлийн мэргэжилтнүүд бүх төрлийн хүнсний будагч бодис орсон, тэр тусмаа бага хэмжээгээр орсон ч бай хэрэглэхгүй байхыг зөвлөдөг байна.
5. ЛААЗАЛСАН ЖИМС
Жимсийг удаан хугацааны турш хэлбэр, дүрсийг нь алдагдуулахгүйгээр хадгалах арга бол сахарын уусмал нэмэх билээ. Гэвч жимсийг ийм их хэмжээний сахартай цуг хадгалснаар шимт чанар нь огцом алдагддаг байна. Өөрөөр хэлбэл энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь биед эерэг үр дүн үзүүлэхээс илүүтэйгээр сөрөг нөлөө үзүүлэх аж.
Эх сурвалж: Bright Side
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх