ЗАХИДАЛ:Гэр хороололд амьдардгаасаа ичиж байна


ССҮТөв | YOLO.MN
2022-02-14

YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Гэр хороололд амьдардгаасаа ичиж байна

Сайн байна уу? Би өмнө нь найзтай байгаагүй харин их сургуульд ороод нэг клубд элссэнээрээ бүх гишүүдтэй нь найзууд болж чадсан. Тэд ер нь дажгүй айлын хүүхдүүд, би ганцаараа гэр хороололд, бүр гэрт амьдардаг юм л даа.Тийм учраас ичээд энийгээ нуудаг. Бүр 5, 6-р ангиасаа л ичиж эхэлсэн.  Яагаад ч юм гэрт амьдрахаа больчихвол би өөрийгөө энгийн л нэгэн бусадтай адилхан нэгэн мэт, би тэдний нэг гэж хүлээн зөвшөөрөгдөх юм шиг санагдаж байна. Гэрт амьдардаг болохоор надад алдсан зүйл их юм шиг санагддаг. Клубыхан хүртэл өвөл гэр хорооллынхон модон жорлонд яаж бие засдаг байна аа гээд л. Би үнэхээр гэрээсээ нүүх өдрөө тэсэн ядан хүлээж байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн үнэлэмж бусдын бодол дээр биш өөрийн чинь бодлоос эхэлнэ.

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Захиаг уншихад өөрт чинь ихээхэн бодлын алдаа ажиглагдлаа. Чиний үнэлэмж амьдарч байгаа гэрээр чинь огт хэмжигдэхгүй ээ. Хүн ач холбогдол ихээхэн өгдөг сэдэвт өөрийн мэдэлгүй анхаарлаа илүү хандуулах гээд байдаг. Жишээ нь нэг хүн өөрийн чинь эмзэг сэдвийг хөндсөн бол тэр хүний бодлыг нийтийн бодол гэж хүлээж авдаг. Бодлын алдааны сөрөг тал нь энэ юм.
Өөрийн үнэлэмж бусдын бодол дээр биш өөрийн чинь бодлоос эхэлнэ. Бусад хүмүүс дээр биш өөрийн бодол дээр төвлөрч ажиллах хэрэгцээ шаардлага өөрт чинь байна. Өөрийн амьдарч буй гэрийг найзууддаа хэллээ гээд чамайг орхиод явах болов уу? Энэхүү айдас өөрийн чинь бодлын алдаанаас үүсэж байх боломжтой юу? 
 Бусдад хүлээн зөвшөөрөгдөх, үнэлэгдэх хэрэгцээнээс болж өөрийн хувь хүний дотоод нөөц чадварыг дараад байгаа юм биш биз? Амьдарч байгаа гэрээр өөрийн чинь харилцааны чадвар, хандлага, бусдыг ойлгох эмпати байдал, ур чадвар тодорхойлогдохгүй гэдгийг ойлгоорой.
Мөн эдийн засгийн хувьд эцэг эхээсээ хамааралтай байгаа тул одоо байгаа нөхцөл байдлыг шууд өөрчилж чадахгүй ч өөрийн хандлага болон бодит нөхцөл байдлыг тайвнаар хүлээж авах байдлаа өөрчлөх боломжтой юм шүү. 

АСУУДАЛ: Бүх зүйлсийг хүндээр тусган авч хэтрүүлэн бодоод түүнээсээ стрессийг мэдрэх боллоо

Сайн байна уу? Би 17 настай, 12-р ангид сурдаг. Сүүлийн үед бүх зүйлсийг хүндээр тусган авч хэтрүүлэн бодоод түүнээсээ стрессийг мэдрэх боллоо.Өнгөрсөн жил амьдралдаа анх удаа үерхэж үзсэн. Мэдээж сонирхолтой, аз жаргалтай мөчүүд байсан ч удаан үргэлжлээгүй. Харьцаагаа тасалсан тэр цагаас хойш түүнийг байнга л бодож, болж бүтэхгүй ирээдүйн тухай мөрөөдөж, ургуулан бодсоор өөрийгөө их зовоох юм. Түүнээс хойш хэд хэдэн хүнтэй таарсан ч яг л найз нөхөд, гэр бүл шиг минь надаас үргэлж илүүг хүсэх юм. Тэр хүний намайг байгаагаар минь хайрладаг занг санаж, үгүйлээд мартаж чадахгүй байх шиг байна. Би сайжирна гэдгээ мэдэж байгаа болохоор хааяа зүгээр л одоо байгаа чи гайхалтай шүү дээ гэж хэлж өгөх хүн хэрэгтэй байх юм. Бас 12-р анги гэдэг үнэхээр маш олон саадуудтай нүүр тулах ёстой үе байдаг бололтой.
Өгөх ёстой олон шалгалтууд, сайжруулах ёстой бичгийн ур чадвар гээд санаа зовж, стресстэх зүйлс олон байна. Үүнээс болоод согтууруулах ундаа хүртэл ууж үзсэн. Магадгүй уух юм бол иймэрхүү зүйлсийг ургуулан бодож өөрийгөө зовоохгүй байна байх гэж бодсон маань буруу байсан учраас больсон л доо. Эдгээр асуудлуудаа шийдэх, илүү дээр байх зорилго тавиад ахиад бүтэлгүйтэх юм бол өмөхөөсөө ч илүү дор мэдрэмж авах юм.Маш олон толгой эргүүлсэн асуудлуудыг яаж зохицуулахаа мэдэхгүй байна. Цагаа илүү үр бүтээлтэй өнгөрүүлж, хэрхэн стресстэхээ багасгах тал дээр та бүхнийг зөвлөгөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

ЗӨВЛӨГӨӨ: Сөрөг сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөх нь эерэг сэтгэл хөдлөл бий болгоно

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Олон асуудал тулгараад байвал дэс дараалж бичээд өөрийн зүгээс хийж чадах зүйлийг төлөвлөх арга хэмжээ авах нь үр дүнтэй байдаг. Төлөвлөлт хийж байх үедээ юун дээр илүү анхаарах ёстой вэ? Бусад хүний үг үйлдэл, хандлага, харах өнцөгт бид шууд нөлөөлж чадахгүй учир зөвхөн өөрийн зүгээс л хэлж чадах үг, хийж чадах үйлдэл, хандлага дээрээ төвлөрөх нь төлөвлөлт хийх хамгийн чухал дүрэм юм. Үүнийг анхаараарай.
Судалгаанаас харахад хүн хийсэн зүйл дээрээ биш хийж чадаагүй зүйлээ бодож илүү бухимддаг. Энэ нь өөрийгөө шийтгэж байгаатай агаар нэг юм.  Өөрийгөө буруутгаж шүүмжлэхээ хойш тавиад одоо цагтаа төвлөрч сураарай.
Мэдрэмжээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөөрэй. Өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжээ үгүйсгэх нь одооны мэдрэгдээд байгаа түгшүүрийг дарахгүй харин ч нөхцөл байдлыг илүү хэцүү болгоно. Тиймээс уйлмаар байвал уйлж, хэцүү байвал хэцүү байна гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сөрөг сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөх нь эерэг сэтгэл хөдлөл бий болгох суурь тавигддаг.
Сөрөг хортой зан үйлээс хол байгаарай. Аливаа асуудлыг шийдвэрлэх эерэг дадал өөртөө бий болгоорой. Дадал бий болгож өөртөө хэвшүүлэх нь урт хугацааны зан чанарын нэг хэсэг болдог тул анхаараарай. Согтууруулах ундаа нь асуудлын гарц биш гэдгийг ойлгосон нь сайн байна шүү. Амжилт хүсье. 

АСУУДАЛ: Дүүгээ харах ёстой болохоор...

Сайн байна уу? Би 22 настай эмэгтэй оюутан. Манай эрэгтэй дүү надаас олон жилийн зайтай төрсөн. Энэ жил 1-р анги юм л даа. Аав ээж завгүй учраас би байнга хичээлээ тараад ирж дүүгээ хардаг. У г нь би номын санд сууж хичээл хийж, гадуур сайн дурын ажилд оролцож, сургалтанд суухыг их хүсдэг. Гэвч дүүгээ харах ёстой болохоор ямар ч боломж гардаггүй. Бас дээрээс нь хичээлийг нь давтуулах, гэрийн даалгаврыг нь хийлгүүлэх хэрэгтэй болдог.  Тэгэх болгонд байнга л хэрэлдэж, зөндөө зааж өгсөн ч ойлгохгүй, нэг асуултаа олон давтаж асуугаад үнэхээр уур хүргэдэг. Тэгээд жаахан загнаж, хэрэлдэх юм бол аав ээжид ховлоод намайг зэмлүүлчихнэ. Уг нь 22 нас гэдэг хүүхэд хараад л суудаг нас биш байлтай. Аав ээждээ "Би одоо насанд хүрчихсэн дүүг хараад гэрт шигдмээргүй байна" гэхээр "Чи ямар мөнгө олдог уу, зүгээр хүүхэд сайн хараад суу" гэдэг. Үнэхээр энэ маягаараа байвал яах ёстой вэ? Хичээлийг нь ч хийлгэхээс сүүлдээ уур хүрдэг боллоо. Орой болгон стресстэй үнэхээр хэцүү байна.

ЗӨВЛӨГӨӨ: Харилцаанаас битгий зугтаарай. Дүүгээ харах нь гэр бүлдээ оруулж байгаа том хөрөнгө оруулалт 

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Дүүгээ асарч хандах нь ах эгч нарын тодорхой хэмжээнд тэдний хариуцлага байдаг хэдий ч эцэг эхчүүд том хүүхдүүдийнхээ хувийн орон зай, нийгмийн харилцааг хүндлэх хэрэгтэй байдаг. Өмнө нь эцэг эхтэйгээ үүний тухай ярихдаа ямар өнгөөр яриагаа эхлүүлсэн бэ? Өнгөрсөнд ярилцсан яриа таарамжгүй өнгө аястай байсан ч өөрийн бодлыг дахин илэрхийлсээр байгаарай. Гэхдээ илэрхийлэхдээ тайван өнгө аясаар өөрийгөө тайвшруулж байгаад нэг ширээний ард нүүр тулсан байдлаар дахин ярилцаарай. Харилцаанаас битгий зугтаарай. Мөн дүүгээ харах нь гэр бүлдээ оруулж байгаа том хөрөнгө оруулалт бөгөөд чухал ажил. Дүүгээ харж хандаж байгаа чинь чамайг ямар ажилсаг, хариуцлагатай, хөдөлмөрч байгааг илтгэж байгаа хэрэг. Дүүгээ харж ханддаг эгч тул дүү чинь өөрт чинь ээнэгшиж улам илүү хайртай болсон байгаа. Ирээдүйд дүү чинь чамд их тус дэм болох болов уу. 

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter