Гэгээн хайрын баярын өдөр тохиож байгаатай холбогдуулан энэхүү бэлгийн боловсролын нийтлэлийг бэлтгэн хүргэж байна. Бэлгийн боловсрол гэх ойлголт нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо хийгээд эр, эм хүмүүсийн нандин харилцаатай холбоотой чухал ойлголт. Гэхдээ бид энэ удаа хос хоёрын асуудлыг хөндөхөөсөө илүүтэй өсвөр насныханд бэлгийн боловсролтой холбоотой ямар асуудал тулгардаг, түүнийг хэрхэн шийдвэл зохилтой талаар бэлтгэлээ.
1. ӨӨ ҮГҮЙ ЭЭ, БИЕНИЙ ЮМ ИРЧИХЛЭЭ
Сургууль дээр биений юм ирнэ гэдэг хамгийн ичмээр зүйл шиг санагддаг байж билээ. Ариун цэврийн өрөө орох гэхээр банзал цусны толбо болчихсон байгаа даа гэх бодол хонх дуугарч ангиас хүүхдүүд гартал сандалдаа хадаастай юм шиг суухад хүргэдэг байв. Найз маань ариун цэврийн өрөө орсны дараа ангийн хөвгүүд сандлыг нь тойрч зогсоод шивэр авир хийж шоололдож байхыг сонссон болохоор надад ч ийм зүйл тулгарах вий гэхээс их л эмээдэг байж дээ.
Шийдэл: Дан ганц эрүүл мэндийн багш гэлтгүй бага ангийн багш, анги удирдсан багш болон эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ биений юм ирэх нь ичиж, айх шалтгаан биш гэдгийг багаас нь ойлгуулах юм бол охид санаа зовж айхаа больж, хөвгүүд охидыг шоолж, дооглох нь буруу гэдгээ ойлгоно.
2. БИ 15 НАСТАЙ, НАЙЗ ХӨВГҮҮНТЭЙ/ОХИНТОЙ. НАДАД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ...
Ерөнхий боловсролын сургуульд сурагчдын биеийн болоод сэтгэлийн эрүүл мэндийн асуудалд зөвлөгөө, тусламж үзүүлэх сургуулийн эмч, нийгмийн ажилтан гэх хүмүүс байдаг. Өнгөрсөн оноос эхлэн сургуулийн сэтгэл зүйч ч шинээр нэмэгдсэн. Гэвч хүүхдүүд эдгээр хүмүүсээс хэрэгтэй зөвлөгөөгөө авч чадахгүй, ичиж эмээсэндээ Фэйсбүүкийн группээс ах, эгч нараасаа асуух нь их. Даанч тэрхүү хариулт нь шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн бодит байх нь эргэлзээтэй.
Шийдэл: Бэлгийн боловсролын талаар мэдэхгүй зүйл их, асуух асуулт арвин байна уу. Гэсэн хэдий ч хэнээс асуухаа мэдэхгүй тулгамдсаар байгаа бол Фэйсбүүк дэх “Сургууль эмнэлэг биш” /Хуудасны нэр дээр дарахад хуудас руу шууд шилжинэ/ хуудасны чатбот чиний олон асуудлаа шивнэлдэх дотны найз, сайн зөвлөгч чинь байх болно. “Сургууль эмнэлэг биш” төслийн хүрээнд өсвөр насныханд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц боловсрол олгох сонирхолтой контент, чатбот, цахим хичээл Фэйсбүүкт байршиж байгаа тул ичиж санаа зовох шаардлагагүй боллоо.
Чатботны “Эхлэх” товч дээр дарснаар Шилжилтийн нас, Дотно харилцаа, Бэлгийн эрүүл мэнд, Эрүүл мэндийн үйлчилгээ гэсэн 4 сэдвийн хүрээнд цогц мэдээлэл авах боломжтой. Хамгийн гол нь хэдхэн өгүүлбэрээр мэдээлэл өгсөн болоод өнгөрөх биш “Дотно харилцаа” цэсийг сонгосон бол үерхэл нөхөрлөл, хайр сэтгэл, аюулгүй секс зэрэг сэдвээр зөвлөгөө аваад зогсохгүй хэрхэн харилцаагаа тасалж, зогсоох талаар түүнчлэн эрхэд суурилсан ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ болон зөвлөгөө өгдөг байгууллага, эмнэлэгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл байгаа шүү.
3. НӨГӨӨ ХЭН ОХИДЫН ҮЗЛЭГЭЭР ИНГЭЖ ГАРСАН ГЭСЭН...
Сургуулийн орчинд хийгддэг охидын үзлэг нь жендерт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр бөгөөд хүний эрхийн ноцтой зөрчил гэж НҮБ, ДЭМБ-ууд тодорхойлж улс орнуудыг хийхийг зогсоохыг уриалсан. Гэвч Монголд өнөөг болтол охидын үзлэг хийгдсээр, халдашгүй дархан байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхийг ноцтой зөрчиж, нэр төрийг гутаах асуудал гарсаар байгаа нь харамсалтай.
Шийдэл: “ГҮНЖ” төв болон Хөөрхөн зүрх ТББ Канад сангийн дэмжлэгтэйгээр хамтран сургуулийн орчин дахь охидын үзлэгийг зогсоох зорилготой “Сургууль эмнэлэг биш” төслийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Хэрэв чамд охидын үзлэгтэй холбоотой гомдол санал, сэтгэл зүйн асуудал тулгарвал Фэйсбүүк дэх “Сургууль эмнэлэг биш” хуудсанд хандаарай.
4. ХҮҮХДҮҮД ЭЭ, ӨНӨӨДӨР ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛ ОРОХГҮЙ ШҮҮ
Сурагч байхад хамгийн их цонхолдог хичээл Эрүүл мэнд байж билээ. Нэг хэсэг сургалтын системээс хасагдаад дахин орж эхэлсэн ч хүртээмжтэй, чанартай сайн орж чадахгүй байгаа нь харамсалтай. Хичээл орсон ч зөвлөгөө, харилцан яриагүйгээр номон дээрх зургийг ичиж улаан харах сурагчид мар мар хөхрөлдсөөр хонх дуугарна. Зааж сургах ёстой багш нар нь чанартай сайн заагаагүйгээс бэлгийн боловсролыг ичмээр зүйл гэж боддог хэдэн мянган хүн өнөөдөр байсаар.
Шийдэл: Эрүүл мэндийн хичээлийг ирээдүйн эрүүл, зөв монгол иргэдийг бэлдэж байна гэсэн сэтгэлээр заах юм бол энэ асуудал газар авалгүй намжих боломжтой. Даанч уг асуудал хэдэн жил яригдсаар. Томчуудыг шийдлээ олохгүй ярилцах зуур өсвөр насныхны авч болох хамгийн хурдан арга зам бол интернетийн гайхамшгийг ашиглан цахим орчноос үнэн зөв, хэрэгтэй мэдээлэл авах юм. Тухайлбал,
Flo.health - Уг сайтад дан ганц бэлгийн боловсрол төдийгүй олон төрлийн өвчин эмгэг, эрүүл зөв амьдралын тухай сонирхолтой нийтлэлүүд их бий. Мөн эмэгтэйчүүдэд зориулсан сарын тэмдгийн хуанли бүхий аппликэйшин ч байдаг.
KidsHealth.org - 1995 онд байгуулагдсан уг байгууллагын вэб сайт нь бие бялдар, сэтгэл хөдлөл, зан үйлийн талаар мэргэжлийн эмчийн нотолгоотой зөвлөгөөг нийтэлдэг.
Сургууль эмнэлэг биш - Монгол хэл дээр бэлгийн боловсролын цогц мэдээлэл аваад зогсохгүй асуудлаа ярилцаж, зөвлөгөө авахыг хүсвэл уг хуудасны чатбот туслах болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх