Төрийн өмчийн 6 их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр ХИЧЭЭЛ СОНГОНО


О.Хандмаа | YOLO.MN
2022-02-07

2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд МУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС-ийн магистр болон докторын түвшний суралцагчид бусад их сургуулийн хичээлээс харьяалал харгалзахгүйгээр хичээл судалж эхэлсэн.

Зургийг www.num.edu.mn вебсайтаас

Тэгвэл энэ хаврын улирлаас бакалаврын түвшний оюутнууд бусад сургуулийн ижил түвшний хичээлүүдээс сонгон судлах боломж нээгдэж буй аж.

Энэ удаагийн сонгон судлах хичээлийн саналыг 2022 оны 2 дугаар сарын 09-ныг дуустал https://hutulbur.num.edu.mn/exchange/ цахим системээр бүртгэж байна.

Суралцагчид нь өөрийн хөтөлбөрийн төсөөтэй хичээлээр дүйцүүлэх, чөлөөт сонголтын багцын биелэлтэд тооцуулах эсвэл өөрийн хүсэл сонирхлоор хөтөлбөрийн биелэлтэд тооцуулахгүйгээр сонирхсон бусад их сургуулийн хичээлүүдээс сонгон суралцах боломжтой.

Хичээл солилцооны үйл ажиллагааны зорилго, хэлбэрийн талаар https://news.num.edu.mn/?p=85112 холбоос дахь мэдээллээс дэлгэрэнгүй танилцах боломжтой. Мөн хичээл солилцооны үйл ажиллагааг зохицуулах журмыг ЭНД дарж уншина уу. 

#Боловсрол #Их сургууль