YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би нүхнээс айх айдастай
Сайн байна уу? Би trypophobia буюу нүхнээс айх айдастай. Савангийн хөөс зэргийг харахад л бие арзайж, толгой өвдөж дотор муухайраад, даараад байгаа юм шиг чичирч, ихэнх тохиолдолд нулимс гардаг. Үүнийг яаж зүгээр болгохоо сайн мэдэхгүй энгийн зүйл дээр айдас хөдлөөд байна. Миний бие дээр нүх туурчихвал яах вэ? Нүх харсан тохиолдолд зүүдлээд, бодогдоод. Яавал дээр бол?
ЗӨВЛӨГӨӨ: Клиникийн түвшинд оношлуулж, тохирох сэтгэл заслын эмчилгээг хийлгэх хэрэгтэй
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Ямар нэгэн зүйлээс айх айдас нь тухайн зүйл надад ямар нэгэн байдлаар аюул занал учруулна гэсэн бодол, мэдрэмжээс үүдэлтэй байдаг. Захидалд энэ зүйл бие дээр нь туурах вий гэж айж санаа зовж байгаа гэж бичжээ. Тухайн зүйл хэрхэн таны бие дээр туурах боломжтой вэ?
Фобиаг клиникийн түвшинд оношлуулан түүнд тохирох сэтгэл заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй байдаг. Тиймээс “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”–д хандан мэргэжлийн тусламж үйлчилгээ авах боломжтой.
Мөн танд туслах боломжтой анхан шатны зөвлөмжийг хүргэж байна. Аливаа зүйлд хандах хандлага нь бидний итгэл үнэмшилтэй зайлшгүй хамааралтай байдаг учраас танд ямар нэгэн зүйл аюул учруулна гэж бодсон тохиолдолд түүнтэй холбоотой мэдрэмж төрж эхэлдэг. Тиймээс та өөртөө “Энэ зүйл надад аюул учруулахгүй” гэж хэлдэг байхыг хичээгээрэй.
АСУУДАЛ: Бүгд л намайг бусадтай харьцуулдаг
Сайн байна уу? Би 15 настай. 10 дугаар ангийн сурагч. Намайг 12 настай байхад ээж аав хоёр маань намайг Монгол руу явуулсан. Би 8 настайдаа ээж аавынхаа ажлаас болоод гадаад явж байсан юм. Одоо харин ээжийн эгчтэй хоёулаа амьдарч байна. Эгч маань ажил ихтэй учир ер нь гэртээ тогтохгүй.
Өмнө жилээс эхлээд эцэг эхтэйгээ ярихгүй байгаа. Учир нь тэд өнгөрсөн жил намайг жилжингээ утасны цаанаас загнаж, бусадтай харьцуулах болсон. Би багаасаа балет, сагс, волейбол гэх мэт спортоор хичээллэж тэвчээртэй болсон. Бас энэ их ачааллыг бууруулахын тулд үргэлж тэвчиж дуусахыг хүлээдэг байсан.
Харин одоо би тэвчиж чадахгүй байна.Бас сургууль дээр миний идэвх оролцоо маш их буурсан. Багш, хүүхдүүд хүртэл надад миний хичээж зүтгэж байгааг ойшоогоогүй. Бүгд л намайг бусадтай харьцуулж үзэх юм. Одоо надаа найз нөхөд, итгэх хүн өөрөөс минь өөр хүн байхаа больсон.
Би заримдаа чихээ таглаад бүх зүйлийг мартахыг хичээдэг. Заримдаа зүгээр босохгүй хэзээ ч сэрэхгүй унтахсан, явахсан гэх хоёр бодол л бодогдох юм. Би яах ёстой вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэл санаа болон бие махбодын амралт хэрэгтэй
Сайн уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа.Тэвчээртэй, тууштай байгаа нь сайн ч гэсэн хэт амралтгүй өөрийгөө хүчилж тэсэх нь чамд сөргөөр нөлөөлнө. Мөн сэтгэл зүйн хувьд өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй удаан явах нь чамайг тэсэхээ болиход нөлөөлж байгаа.Тэснэ, тэвчинэ гэдэг ойлголт бүхнийг тэснэ гэсэн үг биш юм шүү. Тэвчээртэй байх, зүйлс мөн өөрийгөө илэрхийлэх ёстой зүйлсээ ялгадаг байх хэрэгтэй.
Захидлаас уншихад өөртөө амралт өгөлгүй хэт сайн байх гэж, тууштай байх гэж, бусдын үгийг хүлээж авах гэж хичээгээд байх шиг санагдлаа. Тиймээс хамгийн түрүүнд чамд сэтгэл санаа болоод бие махбодын амралт хэрэгтэй байна. Үүнд чамайг төлөвлөгөө гаргаасай гэж хүсэж байна. Аль өдөрт нь хичээллэж, аль өдөрт нь бие болон сэтгэл санаагаа амрааж хайрлах вэ? Мөн аав ээж багш ангийн хамт олон найз нартаа спортоор хичээллэхэд ямар процесс явагддаг, чамаас ямар тэвчээр шаардагдаж байгаа, чи яаж хичээж байгаагаа хэлж ярилцаарай.
Чиний хийж байгаа зүйлс бусдад ил тод, ойлгомжтой тодорхой байвал тэд чамайг ойлгоход илүү тусална. Хэрвээ чи бусдад өөрт чинь ямар байгааг хэлэхгүй л бол бусад хүмүүс мэдэхгүй шүү дээ. Тиймээс аав ээждээ харьцуулсан мэдрэмж авч байгаагаа, урам хэрэгтэй байгаа талаараа нээлттэй ярилцахыг хичээгээрэй.
АСУУДАЛ: Хэрхэн нээлттэй байх вэ?
Сайн байна уу? Би хоёр эрэгтэй хүүхэдтэй маш сайн найзууд болох гэсэн юм. Даанч ерөөсөө санаснаар болохгүй юм. Би хүнтэй нийтэч байж чаддаггүй. Хэн хэн нь нөгөөгөө эхэлж ярихыг хүлээгээд байдаг. Би эхэлж яриа өдөх гэхээр зориг хүрдэггүй. Зориг хүрсэн ч тэд нэг их ярьдаггүй.
Би уг нь даруухан, эелдэг хүн. Даанч хүний нүдэнд хатуу, их зантай, ганцаараа хүн шиг харагддаг. Яавал тэр хоёртой найзлах вэ? Эсвэл мундаг, сайхан найзуудтай болохоор надтай найзлахыг хүсэхгүй байгаа юм болов уу?
ЗӨВЛӨГӨӨ: Энэ асуултын хариулт бол "үйлдэл хийх"
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Нийлэхийг хүссэн хүүхдүүдтэйгээ сайн найзууд болохыг хүсэж байгааг чинь ойлголоо. Тэгвэл чи энэ тэдэнтэй найзлахын тулд ямар ямар үйлдлүүд хийж байсан бэ? Бусадтай харилцаа тогтоохын тулд бусдад аль болох нээлттэй байх гэж хичээх нь чухал юм шүү. Учир нь бидний хэн нь ч нэг нэгнийхээ бодлыг уншдаг супер хүчгүй шүү дээ. Тиймээс өөрийнхөө бодлыг илэрхийлж, өөрийнхөө хүсэж байгаа зүйлийнхээ төлөө үйлдэл хийж байхыг хичээгээрэй.
Мөн тэр хүүхдүүд өөр сайн найзтай байлаа гээд чамтай найзлахгүй гэсэн үг биш шүү дээ. Тийм болохоор аль болох түрүүлж яриа эхлүүлэх, тэр хоёрын сонирхдог зүйлсийн талаар асууж ярилцах, өөрийнхөө сонирхлыг хуваалцах, хамтдаа цагийг өнгөрөөх санаа гарган хамтдаа хөгжилтэй зүйлс хийхийг урих зэргээр харилцаа тогтоох боломжтой шүү. Яаж хүмүүстэй нээлттэй байх вэ гэдэг асуултын хариулт нь “үйлдэл хийх” юм. Тиймээс дээрх үйлдлүүдийг өөртөө дасгаж бага багаар хийж эхлүүлээрэй. Чамд амжилт хүсье.
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх