2023-2024 онд бүх ЕБС сэтгэлзүйчтэй болно


Б.Нямдарь | YOLO.MN
2022-01-20

2021 оны тавдугаар сард БШУ-ын сайдын тушаалаар ЕБС-иудад сэтгэл зүйчдийг ажиллуулахаар тэднийг мэргэшүүлэн сургасан. БШУЯ, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, “Тогтвортой хөгжлийн боловсрол II”, Швейцарийн хөгжлийн агентлаг, “Бадамлин” ТББ гэх зэрэг олон байгууллага хамтран ковидын үеийн хүүхдийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлж, сургуульд боловсролын сэтгэл зүйч шаардлагатайг тодорхойлсон юм.

Цар тахлаас үүдэн үе тэнгийнхэнтэй чөлөөт цагаа хамт өнгөрөөх, танхимаар хичээллэх гэх мэт нийгэмших харилцаа нь хумигдсан өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн хямрал нэмэгдсэн талаар СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн сэтгэцийн эмч Б.Насанбурмаа хэлж байсан. Ялангуяа цар тахал, зайн сургалтын үед ЕБС-иуд сэтгэлзүйчтэй болсноор гарах давуу тал их байгааг сурагч, эцэг эх, багш төдийгүй мэргэжилтнүүд хэлж буй.

Бид энэ талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

- Одоогоор хэдэн дунд сургуульд сэтгэлзүйч ажиллаж байна вэ?
- Ойролцоогоор 150 сэтгэлзүйч ажиллаж байна. Хүний нөөцийн боломжоо харвал 2023-2024 он гэхэд бүх ЕБС-ийг сэтгэлзүйчтэй болгох төлөвлөгөө бий. 

- Дунд сургуульд сэтгэлзүйч ажилласнаар ямар эерэг үр дүн гарч байна вэ?
- Сэтгэлзүйч ажилласнаар хүүхдийн өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдэж, гэр бүл болон сургуулийн орчинд үүсдэг найз нөхөд, эцэг эхийн харилцааны асуудалд нь туслах, хүүхэд өөрт далд байгаа зүйлээ хэлж ойлголцох, багштайгаа, ээж аавтайгаа илүү дотно болох зэрэг эерэг өөрчлөлтүүд гарч байгаа. Цаашдаа ч илүү их эерэг дүн гарах боломжтой.

- 2023-2024 онд хэдэн ЕБС сэтгэлзүйчтэй болох вэ?
- Монгол Улсад 840 дунд сургууль бий. Сүүлийн жилүүдэд сэтгэлзүйч бэлтгэдэг сургуулиудын элсэлт нэмэгдэж байна, мөн энэ мэргэжлийг эзэмшсэн ч өөр салбарт ажиллаж байсан боловсон хүчин эргээд ажлын байрандаа ирж ажиллах сонирхолтой болж байна. Өмнөх сэтгэлзүйчдээ давтан мэргэшүүлээд, шинэ элсэгч нараа тооцоолбол 2023-2024 онд бүх ЕБС сэтгэлзүйчтэй болно хэмээн тооцоолж байна.

#Боловсрол #Сэтгэлзүй