“Nevermind” цомгийн зурган дээрх хүү NIRVANA хамтлагийг шүүхэд өгчээ


Миау | YOLO.MN
2021-08-26

Америкийн домогт Nirvana хамтлагийн 1991 онд гаргасан “Nevermind” цомгийн зурган дээрх хүү тус хамтлагийг хүүхдийн бэлгийн мөлжлөг үйлдсэн гэсэн хэргээр шүүхэд өгөхөөр болжээ.  

Рок хөгжмийн түүхэнд багагүй шуугиан дэгдээсэн “Nevermind” цомгийн зурган дээрх хүүг Spencer Elden гэдэг. Зураг дээр дөрвөн сартай Spencer нүцгэн байх бөгөөд усан дотор нэгтийн доллар луу ширтэж байгаагаар дүрслэгдсэн байдаг.

Тэгвэл Spencer болон түүний өмгөөлөгчдийн багийнхны үзэж буйгаар өөрийг нь ийнхүү дүрсэлсэн нь яг л бэлгийн хөдөлмөр эрхэлдэг нэгэн шиг харагдуулсан гэжээ. Тэрээр энэ бүх хугацааны туршид энэ зураг өөрт нь тухгүй мэдрэмж төрүүлдэг талаар хэд хэдэн удаа ярьж байсан юм. Жишээлбэл, 2007 онд “Sunday Times” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Миний хувцасгүй байгаа төрхийг дэндүү олон хүн харсан гэхээр маш эвгүй санагддаг. Яг л дэлхийн хамгийн алдартай порно од юм шиг” хэмээж байсан юм. Гэсэн ч тэрээр 2016 онд уг зургийг дуурайж зургаа татуулж байжээ. 

Ямартай ч Nirvana хамтлагийн гоцлол дуучин Kurt Cobain цомог цацагдсанаас гурав гаруй жилийн дараа амиа егүүтгэсэн учир Spencer тус хамтлагийн бусад гишүүд, Kurt Cobain-ий эхнэр асан Courtney Love, Warner Records болон Universal Music Group дуу бичлэгийн студийг шүүхэд өгөөд байгаа аж. Тэр яллагдагч бүрээс 150,000 ам.долларын нөхөн олговор олгохыг хүсэж байгаа бөгөөд үүн дээр өмгөөлөгчийн ажлын хөлс болоод хуулийн бусад зардал нэмж тооцогдох юм.

Сонирхуулан хэлэхэд Nirvana хамтлагийн гоцлол дуучин Kurt Cobain энэхүү цомгийн зурагт усан дотор амаржиж буй эхийг дүрслэхийг хүсэж байсан ч эцэст нь нярай хүүхдийг усан дотор байгаагаар дүрслэхээр зөвшилцсөн гэжээ.

Эх сурвалж: CNN

#Мэдээ #Сонин хачин #Nirvana