“Хүүхдүүдээ чадах чинээгээрээ дэмжээрэй”


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-02-14

Ийнхүү уг төслийн кампанит ажлын хүрээнд Ж.Отгонбаяр болон Б.Бадамханд нартай ярилцлаа. Тэдний том хүү Дашням 11 настай бөгөөд нийслэлийн 79-р дунд сургуулийн 6 дугаар ангид суралцдаг. Суралцахуйн бэрхшээлтэй хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд үеийн хүүхэдтэйгээ мөр зэрэгцэн сурахад ямар асуудал бэрхшээл тулгардаг, эсрэгээрээ ямар давуу талтай байдаг тухай тэдэнтэй ярилцсанаа хүргэж байна. 


YOLOБидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Таны том хүү 2021-2022 оны хичээлийн жилээс 79-р сургууль руу шилжиж, өдгөө дунд ангид суралцаж байна. Хүүхэд бүрийг ердийн ангид хамтатган сургах бодлогын хүрээнд том хүүгийн тань зүгээс ямар бэрхшээл тулгарч байна вэ?

Ээж: Бидний ойлгож байгаагаар хүүд маань тулгарч буй асуудлыг суралцахуйн бэрхшээл гэж тодорхойлж байна. Хэдийгээр хүү маань 11 настай хэдий ч суралцах талаас нь авч үзэхэд 7 настай дүүгийнхээ түвшинд ч хүрэхгүй байх нь бий. Хүүгийн маань онцлог бол аливааг удаан цээжилж тогтоодог явдал. Нэг зүйл хэлчхээд түүнийгээ хэдэн минутын дараа бататган асуухад мартсан байх жишээтэй. 

Аав: Үүнээс гадна тогтож суугаад анхаарлаа төвлөрүүлэхэд багагүй цаг зарцуулдаг. Багштайгаа сайн харилцаж, ярилцаж чадахгүй болохоор үеийнхнээсээ хоцорч, түүнийгээ мэдрэх тусам илүү дотогшоогоо болж байгаа юм шиг санагддаг. 

YOLOХүүхдээ суралцахуйн бэрхшээлтэй гэдгийг анх хэзээ мэдсэн бэ?

Ээж: Бага байхаасаа л хөгжил нь их удаан явагддаг байсан. Эмнэлгийн байгууллагад хандахад эмч “Хөгжил нь бага зэргийн удаан явагдаж байна” гэхээс өөр нарийн зүйл хэлээгүй. Ингээд хоёр ойтойдоо хөлд, дөрвөн настайдаа хэлд орсон. Тийм болохоор анх сургуульд ороход нь багагүй санаа зовсон. 

YOLOДашнямыг дунд ангиас нь өөр сургууль руу шилжүүлэх болсон шалтгаан нь юу байсан бэ? 

Ээж: 79-р сургууль Японы Хүүхдийг Ивээх Сантай хамтран ажиллаж байгаа болохоор хүүхдэд чиглэсэн сургалт, хөтөлбөр их явуулдаг гэж танилуудаасаа сонссон юм. “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төсөл ч мөн энэ сургуульд хэрэгждэг учир шилжүүлэхээр шийдсэн. 

Төслийн тухай илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой. 

YOLOБага ангид суралцаж байсан Дашням, яг одоо дунд ангид суралцаж буй Дашням хоёрын ялгааг дурдвал? 

Ээж: Мэдээж бага ангид байхад нь бусад сургуулиудын адилаар анги удирдсан багш нь бүх хичээлээ заадаг байсан. Харин одоо арав гаруй төрлийн хичээл үзэж, олон өөр багшаас суралцаж байгаа болохоор бие даах чадвар нь харьцангуй сайжирсан гэж харж байна. 

YOLOАнх сургуульд орсноосоо хойш зан аашийн хувьд хэр их өөрчлөгдсөн байна вэ? Ер нь сургууль дээр болсон зүйлсээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцдаг уу? 

Аав: Бага байхдаа их дүрсгүй хүүхэд байсан. Цагаахан, хүүхдээрээ байгаа ч том болох тусам улам л дотогшоогоо болж байгаа юм шиг санагддаг.

Өмнөх сургуульд суралцаж байх хугацаандаа дээрэлхүүлсэн байж болзошгүй тохиолдлуудын тухай хэд хэдэн удаа сонсож байсан. Ангийнх нь хүүхэд “Манай ангийн тэр хүүхэд Дашнямыг маргааш тийм юм авч ирээрэй гэсэн” гэх мэтээр хэлж байсан удаатай. 

Угаасаа ч хуучин сургуульдаа явах тийм ч дуртай байгаагүй. Заримдаа хүчээр явуулаад байгаа юм шиг санагддаг байсан. Харин одоо сурч буй сургуульдаа явах их дуртай. Хэдийгээр хичээлийн шинэ жил эхлээд удаагүй ч найзтай болж, түүнтэйгээ нээлттэй ярилцдаг сурагтай. 


YOLOӨдөрт хэдэн цагийг хүүхдийнхээ хичээл сурлагатай холбоотой ажилд зарцуулдаг вэ?

Ээж: Нөхөр бид хоёрын ажил өглөө 08:30-д эхэлж, орой 17:30-д тардаг. Ажлын маань ачаалал харьцангуй бага учир оройд хоёроос гурван цагийг хичээл сурлагатай нь холбоотой ажилд зориулдаг. Гэхдээ үүнээс ч их хугацааг зарцуулахыг хүсдэг. 

YOLOДашням сургуульдаа өөрөө явж очдог уу?

Аав: Эхнэр маань өдөр бүр сургуульд нь хүргэж өгдөг. Нэг өдөр найзтайгаа хамт автобусаар яваад гэртээ хүрээд ирсэн. Өмнө нь ганцаараа дэлгүүр ч орж байгаагүй болохоор тухайн үед хүүгээ биеэ дааж байна гэж бахархахаас илүүтэйгээр санаа зовж байсан. 

YOLOДунд ангид элсэн ороход нь биеийг нь даалгах үүднээс ямар нэгэн шинэ зүйл туршиж үзсэн үү? 

Ээж: Бид хүүхдээ юунд сонирхолтой байгааг нь олохыг хичээдэг. Тухайлбал, бага охин маань хоёрдугаар ангид сурдаг ч энэ насны хүүхэд байхааргүй гэмээр зурах чадвартай. Зурахаас гадна аливааг хараад богино хугацаанд цээжилдэг. Тиймээс бага хүүхдийнхээ сонирхлыг тодорхойлсон гэж үзэж байна. 

Гэвч том хүү маань дүүгээсээ их ялгаатай. Нөхөр бид хоёр “Алдар” спорт хороонд ажилладаг юм. Энэ давуу талаа ашиглаад хүүгээ спортоор хичээллүүлэх гэж их оролдсон. Гэвч тэр маань бэртэхээс айгаад ч юм уу, чадахгүйгээсээ болоод ч юм уу, спортыг нэг их сонирхоогүй. Харин сүүлийн үед “Ирээдүйд тогооч болно” гэж ярих болсон. Тиймээс одоо бидний хувьд хүүгээ юунд сонирхолтой байгааг олж мэдэх чухал байна. 

 


YOLOЯрилцлагын эхэнд хүүгээ үеийнх нь хүүхдүүдээс бага зэрэг хоцрогдолтой байгаа тухай дурдсан. Тэгвэл үеийнхнээ гүйцэж очиход нь ямар дэмжлэг хэрэгтэй байгаа гэж харж байна вэ? 

Аав: Юун түрүүнд эцэг эх болон багш нарын оролцоо ижил тэнцүү бөгөөд зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт, одоогийнх нь нөхцөл байдлыг эрүүл мэндийн байгууллагаар оношлуулж, анагаах ухаанаар тогтоогдсон оношийг нь тогтоолгож, эмчилгээ гэж байдаг бол түүнийг нь хийлгэж үзье гэж боддог. 

YOLO79-р сургуульд хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах төсөл хэрэгжиж байгаа болохоор багш нарын арга барил “өөр” байгаа байх. 

Аав: Шинэ сургуульдаа бүтэн нэг улирлын турш суралцлаа. Тусгай төсөл хэрэгжиж байгаа болоод ч тэр үү, багш болон сургуулийн удирдлагын зүгээс ирэх хандлага үнэхээр сайн. Энэ сургуулийн хүүхэд, тэдний эцэг эхтэй харилцаж байгаа харилцаа холбоог хангалттай сайн гэж үздэг. Нэн ялангуяа, анги удирдсан багш болон технологийн хичээлийн багшид нь талархаж явдгаа илэрхийлмээр байна.  

 


YOLOСуралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд хандаж хэлэх үгээр тань ярилцлагаа өндөрлөе. 

Ээж: Хүүхдүүдийн маань бие махбодын өсөлт хөгжил хэвийн явагдаж, эрүүл саруул байна. Суралцах явц нь л удаан болохоос биш нийгэмшихэд нь туслалцаа үзүүлээд, дэмжээд явахад аяндаа болно. Тиймээс хүүхдээ чадах чинээгээрээ дэмжээрэй. 

YOLOЯрилцсанд баярлалаа. 

#Ярилцлага #SavetheChildren