Нэг хувцсаа дахин өмсөх нь ХЭВИЙН гэдгийг харуулсан алдартнууд


Т.Мөнхжин | YOLO.MN
2019-12-26

Өмнө нь хувцас загварын ертөнцөд "Нэг үйл ажиллагаан дээр өмссөн хувцсыг дахин өмсөх нь ичгэвтэр" гэсэн ойлголт түгээмэл байсан. Харин дараах 8 алдартнууд энэхүү ойлголтыг эвдэж "Нэг өмссөн хувцсаа дахин өмсөх нь ЗҮГЭЭР шүү дээ" гэдгийг харуулсан байна. 

1. CATE BLANCHETT

Австралийн алдарт жүжигчин Cate Blanchett "Armani" брендийн энэхүү даашинзаар 2014 оны "Алтан бөмбөрцөг" кино наадамд болон түүнээс 4 жилийн дараа Каннын кино наадамд гоёсон байдаг. 

2. ANNA WINTOUR

Загварын ертөнцөд нөлөө бүхий "Vogue" сэтгүүлийн редактор Anna уг даашинзаараа хоёр ч удаа олны нүдэнд өртсөн байдаг. 2009 онд "Met Gala" шоунд болон түүнээс 3 жилийн дараа 2012 онд Английн ерөнхий сайдын хүлээн авалт дээр уг даашинзаараа гоёсон байна. 

Meryl Streep болон Anna Hathaway нарын тоглосон "Devil Wears Prada" киног та бүхэн үзсэн л байх. Уг кино нь ижил нэрт зохиолоос сэдэвлэгдсэн бөгөөд тухайн номын зохиолч өмнө нь домогт Anna Wintour-ийн туслахаар ажиллаж байсан аж. Тиймээс уг киноны Meryl Streep-ийн тоглосон дүр болон Anna Wintour хоёр хоорондоо их төстэй...

3. HELENA BONHAM CARTER

Бид бүгдийн хүүхэд байхдаа үзэж өссөн "Чарлигийн шоколадны үйлдвэр", "Харри Поттер", "Алиса үлгэрийн оронд" зэрэг кинонуудад дүр бүтээсэн, алдарт найруулагч Tim Burton-ийн гэргий асан, өвөрмөц содон стильтэй Helena бусад алдартны адил нэг даашинзаа дахин өмсөх нь хэвийн үзэгдэл гэдгийг харуулсан. Тэрээр 2012 оны Лондоны кино наадамд яг жилийн өмнө өмссөн даашинзаараа гоёсон байдаг.

4. VICTORIA BECKAM

Алдарт "Spice Girls" хамтлагийн гишүүн, дэлхийн хамгийн царайлаг, ур чадвартай хөлбөмбөгчний эхнэр, 4 хүүхдийн ээж тэрээр хүчирхэг стилиэрээ олонд танигдсан. Түүнд нэг хувцсаа дахин өмсөх нь огт ичмээр зүйл биш бөгөөд дахин өмсөхдөө харин ч нэг донжийг нь олоод өмсчихдөг шүү. 

5. HELEN MIRREN

"Dolce & Gabbana" брендийн хүүхдийн зураг мэт энэхүү өвөрмөц даашинзаараа Helen маш ойр зайтай буюу хоёрхон сарын зайтай "гангарсан". Нэг хувцсыг дахин өмсөхөд заавал олон жил хүлээх шаардлагагүй гэдгийг харуулсан гэж хэлж болно. 

6. KATE MIDDLETON

Язгууртны удмын гишүүн хэдий ч тэрээр нэг хувцсыг олон дахин өмсөхийг хэвийн гэж үздэг нэгэн. Ихэнх алдартнууд нэг өмссөн хувцсаа хамгийн дээд тал нь хоёр үйл ажиллагаанд өмсдөг бол тэрээр ер нь өмсөөд л байдаг шүү. cheeky 

"Alexander McQueen"-ийн урласан уг хүрмийг гурван ч удаа өмссөн байдаг. 

7. MEGHAN MARKLE

Мөн л язгууртны удмын гишүүн тэрээр бас л нэг өмссөн хувцсаа дахин өмсчихдөг. 100 поунд ч хүрэхгүй үнэтэй "Aritzia" брендийн энэхүү даашинзаа 1 жилд хоёр ч удаа өмссөн байдаг. Тиймээс нэг хувцсаа дахин өмсөх нь язгууртны удам байхтай ямар ч холбоогүй ойлголт аж. 

8. MERYL STREEP

Жүжигчин Meryl Streep 2009 онд "BAFTA" үйл ажиллагаанд оролцохдоо 1979 оны Оскарын шагнал гардуулах ёслолд өмссөн даашинзаа дахин өмссөн байдаг. Дэлхийд алдаршсан, дурдаад ч дуусамгүй олон шагнал хүртсэн, 4 хүүхэдтэй түүнд 30 жилийн өмнө өмсөж байсан энэхүү даашинз нь тухайн үеийнхээс нь ч илүү зохиж байна уу гэлтэй. 

+ БОНУС: KIM KARDASHIAN, KRIS JENNER

Ээж охидын хооронд хувцсаа солих, зээлэх тохиолдол бишгүй л байдаг шүү дээ. Kardashian-Jenner-ийнхэн шиг хөрөнгө чинээтэй айлын ээж охид ч бас хувцсаа бие биедээ зээлдэг бололтой. 

Мөн та бүхэндээ нэгэн сонирхолтой судалгааны үр дүнг дуулгахад 18-25 насны 6 залуу тутмын нэг нь олон нийтийн сүлжээний аль нэг платформ дээр өмссөн хувцсаа дахин өмсдөггүй байна. 

"Hubbub" гэх сайн дурын байгууллага 18-25 насны 1000 залуусыг энэхүү судалгаандаа хамруулсан бөгөөд судалгааны хамгийн хачирхалтай үр дүнгээс дурдвал: 

  • Тэдний 41% нь найз нөхөд, хүмүүстэй уулзах, "шоудах" бүрдээ өөр хувцас өмсөх гэж хичээдэг
  • 10 залуу тутмын нэг нь энэхүү хурдацтай хөгжиж яваа хувцас загварын салбарын хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд өөрийн төлж дийлэмгүй хэмжээгээр зээл авдаг байна. 

Залуус ямар хувцас өмсөх, хувцсаа ямар давтамжтайгаар хэрхэн өмсөх зэрэг нь бүгд сошиал медиа буюу олон нийтийн сүлжээнээс хамааралтай болсон гэдгийг судалгааг явуулсан багийнхан дурдаж байлаа. 

Олон нийтийн сүлжээ гэх зүйл бидний гэр бүл, найз нөхөд, эрүүл мэнд, сэтгэл зүйд нөлөөлөөд ч зогсохгүй хувцасны шүүгээнд маань хүртэл нөлөөлдөг болсон байна шүү дээ. 

Эх сурвалж: Brightside, Metro

#Алдартан #Хувцас