Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Үүнд хамгийн ихээр нөлөөлж буй нь эцэг эх маань юм
Сайн байна уу? Миний бие одоо 18 настай төгсөх ангийн хүү. Би өөрийгөө маш их стресс уур бухимдал сэтгэл гутралын дунд амьдарч байгаагаа өдөр ирэх бүр илүү ихээр мэдрэх боллоо. Үүнд хамгийн ихээр нөлөөлж буй нь эцэг эх маань юм. Тэдэнтэй яаж ч харилцсан намайг үргэлж бухимдуулах юм, нэг үгээр намайг ойлгохгүй тэгэхийг ч хүсэхгүй байгаа нь илт байдаг. Бусад үеийн минь хүүхдүүд гадуур гарч зугаалж олон найзуудтай байдаг. Харин би гэртээ л байж хий дэмий цагийг аргацаадаг, учир нь эцэг эх минь намайг гадуур явахад тун дургүй. Өөртэйгөө маш их ярьж тохиролцож эерэг байж стрессээ мартъя гэж хичээсэн боловч нэг л болж өгөхгүй саатаад байх юм. Мөн би тийм ч их нээлттэй хүн биш бөгөөд хэрхэн хичээсэн ч нээлттэй байж чадахгүй юм. Би яг яахаа огт мэдэхгүй байна. Надад зөвөлгөө өгч туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Эцэг эхтэйгээ энэ асуудлаа шийдэж, ойлголцож байж эерэг өөрчлөлт гарна
Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Төгсөх жил бол сурагчид та бүгдийн хамгийн чухал, хариуцлагатай үе байдаг билээ. Энэ үе эцэг эхэд мөн ялгаагүй их чухал байдаг. Энэ үетэй холбогдуулан эцэг эх хүүхдүүдээсээ ихээхэн зүйл шаардаж эхэлдэг. Чиний энэ стресс, уур бухимдал чинь гэрт чинь гардаг тул зөвхөн чи өөр өөртэйгөө тохиролцоод шийдэгдэх зүйл биш юм. Эцэг эхтэйгээ энэ асуудлаа шийдэж, ойлголцож байж эерэг өөрчлөлт гарна. Ээж аав чинь гадуур зугаалахыг чинь дургүйцдэг гэсэн байна. Гэхдээ сургуулиас гадуурх дугуйлан, сургалтанд явуулахыг дэмжих үү? Чи юу хийх дуртай вэ? ямар мэргэжилтэй болох вэ? Энэ талаараа эцэг эхтэйгээ ярилцаад үзээрэй. Хэрвээ чи тэд намайг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй гэсэн сөрөг хүлээлттэй байвал хэзээ ч тэдэнтэй ярилцаж чадахгүй.
Эцэх эхтэйгээ хэзээ, ямар үед сайхан харилцаатай байдаг вэ? Чамайг ямар үйлдэл хийх үед ээж аав чинь баярлаж, таатай хүлээж авдаг вэ? Танай гэр бүлийн дунд яг ийм таатай уур амьсгал бүрдсэн үед өөрийг чинь ойлгохыг, аль болох буруутгахгүй байхыг ярилцаад нэг үзээрэй. “Та хоёрынхоо сэтгэлийг санаа зовоосон зүйл хийхгүй тул” гадуурх үйл ажиллагааг тэр бүр хориглохгүй байхыг хүсээд, бас чамд ямар их хэцүү мэдрэмжүүд төрж байгааг хэлээд үзээрэй. Ээж аавдаа хэлээд өөрийн биеэр ирж сэтгэл зүйн зөвлөгөө авсан ч болно. Амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М.Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх